Европ дахь хэт халууны давлагаа умард зүгийг чиглэж байна. Франц, Испанийн өмнөд хэсэгт ойн түймэртэй тэмцэж байх хооронд Испанийн умард хэсэгт агаарын хэм Цельсийн 43 градус хүрчээ.
Франц, Испаниас гадна Португал, Грект хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байна. Мөн Их Британийн түүхэд байгаагүй халуун өдөр болох магадлалтай байна.
Франц
Францын хэд хэдэн хотод түүхэд байгаагүйгээр халж, аруун зүгийн Нант хотод агаарын хэм 42 градус хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ойн түймрийн улмаас 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн Жиронде мужид 15 мянган га газар шатсан байна. Агаарын хэт халалт, усны хомстолтой газруудаас болж түймэртэй тэмцэх хэцүү байгаа аж.
Их Британи
Их Британийн Суффолк хотод агаарын хэм 38.1 градус хүрч түүхэн халуун өдрүүдийн нэгээр тэмдэглэгджээ. Цаг уур шинжээчдийн хэлснээр температур 40-д хүрч тус улсын түүхэд байгаагүй халуун өдөр тохиох магадлалтай аж. Хэт халууны улмаас Лондон хотын Лутоны нисэх буудал нислэгүүдээ цуцалж, зарим галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.
Нидерланд
Тус улсын Вестдорп хотод агаарын хэм 33.6 градус хүрсэн нь хамгийн халуун өдөр нь байжээ. Гэвч нөхцөл байдал улам дордож 39 градус хүрэх төлөвтэй байна.
Бельги, Герман, Итали
Цаг уурчдын хэлж буйгаар эдгээр улсуудад хэдэн өдрийн дотор агаарын хэм 40 хүрэх магадлалтай.
Испани, Португал
Хэт халууны улмаас Испани болон Португалд нийт 1000 орчим хүн нас баржээ. Португалд агаарын хэм 47 градус болж сарын дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд гал түймрийн сэрэмжлүүлэг тасрахгүй байна. Иймээс зарим аюултай бүсээс 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн Испанид 20 гаруй цэгт ойн түймэр дэгдэж гал сөнөөгчдийн хяналтаас гарсан байна.
Аж үйлдвэржилтээс хойш дэлхийн агаарын хэм 1.1 градусаар нэмэгдсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас жил ирэх тус агаарын хэм нэмэгдэх хандлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Discussion about this post