Зургадугаар сарын 13-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил болоод байгалийн унаган төрх сүйдэж буйг нийслэлийн удирдлагууд хөндөж, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсныг дурдсан. Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татжээ. Мөн иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй байна. Налайх дүүрэг 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлдэг.
2022 он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд нийт 98.032 иргэн, 38.152 тээврийн хэрэгсэлтэй зорчсон нь өмнөх жилүүдийн мөн үеэс өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байв. Ийм тооны иргэд тус чиглэлд аялал зугаалгаар зорчин, өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, гол гатлах, усанд сэлэх, хувийн бэлтгэлгүйгээр ууланд авирах зэргээс үүдэлтэй гамшиг, ослын дуудлагын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм.
Тоо дурдахад, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 онд гамшиг ослын 46 дуудлага ирж, 79 иргэний амь аварсан бол есөн иргэн харамсалтайгаар энджээ. Үүнд, долоон иргэн усанд осолдож, нэг иргэн сураггүй алга болж, мөн нэг иргэн амиа хорлосон байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид усанд осолдсон 70 иргэн, авто замын осолд орсон долоон иргэн, ууланд төөрч, осолдсон нэг иргэн, үер усны осолд өртсөн хоёр иргэнийг авран хамгаалжээ. Тухайн оны эхний хагас жилд дутуу хөлдсөн гол дээгүүр автомашинтай зорчсоноос голын усанд цөмөрч орсон хоёр дуудлагад ажиллан, найман иргэний амийг аварсан байна. Түүнчлэн тус бүсэд хүн алга болсон гэх эрлийн дуудлагаар хоёр иргэнийг олж, авран хамгаалжээ.
Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг бөгөөд энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Ганцхан жишээ дурдахад, 2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэхэд 74 төрийн албан хаагч ажиллан, 88 рейсээр тээвэрлэсэн байдаг. Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахааргүй нүхэн жорлонг олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэх шалтгаан болж буй. Мөн тус бүсэд нам даралтын болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ мэтчилэн Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ДУУДЛАГА 60 ХУВИАР ӨСЖЭЭ
Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол 2022 он гарснаас хойших таван сарын хугацаанд 96 бүртгэгджээ. Энэ нь 2020 оноос 21, 2021 оноос 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2022 онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 онтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хүний биед халдах, хулгайлах, хүчиндэх, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх жилүүдээс 50-100 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь зайлшгүй анхааралдаа авч, зохих арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатайг илтгэж байгаа юм.
Иймд иргэд, олон нийт амарч зугаалах үедээ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гол мөрний ай сав газар зорчихдоо ил задгай хог хаяхгүй байхыг сануулж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Discussion about this post