АЙМААР ҮГ: Үлдэх үртэс үгүй, үнэрлэх мөр үгүй болцгооно
Би ер нь өөртөө их гай болдог хүн. Гоц мэдрэхүй, чинад ертөнцийн сэдэв сонирхдог минь заримдаа надад ажилгүй газраас ажил ундруулдаг. Говь-Алтай аймгийн өмнөд хил дэх Наран Сэвстэйгээр хилийн боомт нээх эсэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчийн, бас иргэнийхээ хувьд ярьж бичиж, олон нийтэд хүргэх ёстой мэдээллээ хүргэж явтал дахиад нэг ачаа нэмэгдэв. Нэгэн бөөгийн онгод уулзъя хэмээн дуудууллаа гэнэ. Очлоо, уулзлаа. Гэтэл “Чиний энэ яриад яваа чинь нэг муу аймгийн ноёны үйл гэж бодно уу? Их Алтайн эзэн сахиустай чамайг уулзуулж, цоо хэлж, цохон донгодохыг нь сонсгоно” гэв. Сонслоо. Айхавтар юм байдаг юм байна. Судлаачийн хувьд нэг сонирхолтой түүхтэй боллоо. Бас цээжний мухарт эргэлдэж байсан сэжиг таамгийг цэцэлж буусан түүний үгс батлаад өгөх шиг болов. Төрийн томчуудад дуулгахгүй бол чи өөрөө буруутан болно л гэнэ. Хэнд нь гэж хэлэхэв дээ. Олон л шатны эрх мэдэлтнүүд оролцож байгаа биз, бодвол. Надад олддог, намайг сонсдог, бас ойлгож ухах нь хэд билээ? Нэлээд удаан эргэлзсэний эцэст өргөн түмэндээ л дамжуулъя гэж шийдлээ. Үүнийг уншаад төрийн нөлөө бүхий албан тушаалтнуудтай танил нэг нь хэлээд өгөөрэй. Дамжаад дамжаад явж байтал хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд өөрсдийгөө таниад үйл хэргээ тунгаах байлгүй. Алтайн эзэн сахиус юу гэж хэлснийг дор буулгалаа. Сонирхон болгооно уу:
… Амсуур төдий хүртэхэд арван түмэн үеийг элбэг тэжээх
Амсар дүүрэн эрдэнэсийг асгаж үрж галзуурлаа, тэд нар
Адаг сүүлдээ шунал нь хэтрээд Алтайг минь ухна гэнэ үү
Амнаас амаар дамжиж ирсэн алтан захиасыг зөрчинө гэнэ үү
Хаад дээдсийн сүнс шингэсэн Хан Алтайгаар оролдоно гэнэ үү
Хамаг Монголын сүлд нь болсон Харуул Алтайг сэглэнэ гэнэ үү
Хээтэй говийн минь хээлийг ховхолж хэрмэл тэнэмэлд зарна гэнэ үү
Хишигтэй ходоодны мухрыг тайрч хийтэй сэтгэлтэнд өгнө гэнэ үү
Өрөнд бариад өөдлөх үү та нар, өрөөлд өгөөд өгсөх үү та нар
Эрээн цаас шидэлцэнэ гэнэ үү, элч хэлч илгээнэ гэнэ үү
Эрлэг тамыг сэрээнэ гэнэ үү, эрээн дотроо гаргана гэнэ үү
Аргаар чаргаар авна гэнэ үү, амьтан хүнээр гүйлдэнэ гэнэ үү
Залбираад гуйсан ламын чинь заяач тэнгэр нь хаяна,
Залаад ирсэн бөөгийн чинь удмын тэнгэр нь хаяна
Орхимжтой ламыг чинь судартай нь хийсгэнэ,
Оргойтой бөөг чинь хэцтэй нь хэмхчинэ.
Төрийн нэр барилаа гээд ялаас та нар мултрахгүй
Түмнээс дээр гарлаа гээд ямбаны суудал чинь ивээхгүй
Хов зөөсөн халтар гөлөг хорин үеэрээ хараагдана
Хоршиж нийлсэн золбин нохсын хойчис үүрд зовно
Чиглүүлж залсан чивэлтэн чимээгүй далд үлдэж чадахгүй
Зүглүүлж хумьсан зусарч нохос зүгээр гэмгүй хоцорч барахгүй
Амийг минь тасална гэвэл, алт эрдэнэсийг минь ухна гэвэл
Өрцийг минь зүснэ гэвэл, өргөн биеийг минь сэглэнэ гэвэл
Буруутай бүхэн нэхэлд орж бутарсан шороо болцгоооно
Үлдэх үртэс үгүй болцгоооно, үнэрлэх мөр үгүй болцгооно
Мэлтийх баялаггүй хувхайрч, мэндийн үггүй гөлөрч
Хойчийн буянаа гүвсэн хоосон монголчууд болгох гээ юу, тэд?
Мөнх Тэнгэрээс зарлигтай алтан босгоо сэтэлбэл
Мөшгөж гэсгээх хүч байдгийг харуулна, тэд нарт.
Тэнгэрийн гэсгээлд орох эсэхээ тэнсэцгээ гэж дуулга
Тийрэнд хөтлүүлсэн санаагаа орхицгоо гэж сонордуул
Үгийг минь дутуу дамжуулбал үйлийг нь чи үүрэлцээрэй
Хэлснээс минь гээж дамжуулбал хэрхэхийг өөрөө мэдээрэй
Их Алтай амьтайг, элсэн говь эзэнтэйг мэдрүүлнэ
Хан Алтай амьтайг, халуун говь эзэнтэйг харуулна
Үнэнийг худал болгогсод үртэс болдгийг үзүүлнэ
Үйл нь буруугаар эргэгсэд үнс болдгийг харуулна
Хэлээгүй биш хэллээв шүү, хээлэх эсэхээ өөрсдөө мэдтүгэй! (2022.05.27)
Ийм л зүйл сонслоо. Наран Сэвстэйн боомт нээх асуудал Талын мэлтэсийн алтны ордтой холбоотой гэж би бичээд анхааруулаад байгаа. Гэтэл бөөгийн онгод юу гэнэ вэ? “Хээтэй говийн минь хээлийг ховхолж” өрөнд өгөх гээд элч төлөөлөгч, бичиг цаас болж байгаа, бас лам бөөгөөр хүртэл явцгааж байгаа, ил ярьж яваагаас гадна далдаас чиглүүлж залж суугаа ямбатан байгаа, тэрийг нь биелүүлэх гэж хамаг ажлыг нь хумьж цэгцэлж яваа хүмүүс бий гээд хэлчихлээ. (Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар даанч боомт нээхийг нэгэнт шийдсэн асуудал аятай өөрөөс ахадсан асуудлаар ихэд итгэлтэй яриад байсан юм аа) Энэ газар шороо чинь хамгаалсан эзэнтэй, амьтай шүү, Хан Алтай бол Мөнх тэнгэрээс зарлигтай нутаг шүү, та нар бүгд үйлийн үрээ амсаж, гэсгээл хүртэнэ шүү гэчихлээ. Хэлсэн үгийг бүтэн дамжуулж хүргэхгүй бол чи бас тэдний хамсаатан болно шүү гэж намайгаа “өртүүлж” байна. Би ч яахав, Алтайгаар оролдох осолтой гэдгийг нэг муу юм мэдээд байгаа юм аа. Ямартаа л үг гээлгүй хүргэх даалгаврыг нь энэ бичвэрээр хаачих санаатай нохойтож суухав дээ. Харин алтны дэв туссан хүмүүс төрийн тамгыг хувийн бярга мэт сэтгэж, түмний итгэлийг өөрийн сайных хэмээн андуурч явж өөрсдөө эндэж буруудах вий, Монголдоо бас гай болох вий дээ. Адилхан монгол хүн байна даа энэ чинь, тэдэнд сануулж сэрүүлэх нь зөв байх аа.
Урианхан Б.ГАЛААРИД
2022.06.04.