Алтан зэгсний ангир-Цоодолын Хулан
Өрөвдөн хайрлах тухай тэр заана. Үзэн ядах тухай мөн заана. Үнэн туйлаасаа хайрлан өрөвдөх түүнд буй. Тийм нягт, тийм үнэнч. Бас үнэн голоосоо үзэн ядах. Энэ бүхэн үнэнийх. Үнэн түүний өмч, түүний харъяат. Түүний бүх зүйл ил. Хар, цагаан. Үнэн тул. Би хувьдаа Ц.Хуланг бүх талаар хайрлах. Хувь ганц, хувь үнэн тодорхой байдагт. Надад шүү. Надад ойлгогдон дархлаажсан илэрхийллээр, бататгалаар. Ангирыг хатуу шувуу л гэдэг. Гэхдээ байна аа, Ц. Хулан ингэж бичсэн байна.
Эргийн алтан хулсанд
Эгшиглэнт улаан ангир дуугарна
Эргээд ирэхгүй хонгорыгоо бодохоор
Энгэр цээжинд хөндүүр оргино
Гол усны эргийн алтан хулс юутай гоо билээ дээ. Тэнд улаан ангир эгшиглэнтэйгээр нуугих. Аз жаргалын ахуй орчин. Тийм орчинд хүмүүн гэгч, билиг билгүүнтэн болбоос дурсан хайрлах, өрөвдөн энэрэх сэтгэлээ цаламдана. Эргээд ирэхгүй хонгороо, энэлэн дурсах хайртаа бодно. Энгэр цээжинд хөндүүр оргиж, элэг зүрх мэгшинэ л. Энэрэн энэлж, өрөвдөн хайрлахуй гэдэг бол өр зүрхтэний, үнэн сэтгэлтэний өр үл тооцох гайхамшигт сайхан үйл юм. Үйлс юм.
Голын алтан бургасанд
Гоёхон улаан ангир дуугарна
Гомдоож явсан хонгорыгоо бодохоор
Голт зүрхэнд хөндүүр оргино
Хүн гэгч өөртөөн зөвийг өгөх замаар бусдыг, тэр тусмаа хайртуудаа, хайрлан дээдлэх амь халуун, үзэсгэлэн гоотнуудаа гомдоож л явдаг. Тийн гомдоож яваагаа ихэнхдээ ухаардаггүй. Ухаарахыг ч хүсдэггүй. Өөрийгөө л зөвтгөх асар их зөвтгөлдөө лаахайдан, цөөхөн, их цөөхөн хүн гэмшдэг. Эргэж боддог. Өөрийгөө буруутгадаг. Өөрийн нь зөв байсан ч буруутгадаг. Ингэж буруутгахаар элэг зүрх домногддог, эдгэдэг. Эдгэх , эдгээхийг Ц.Хулан мэддэг. Тийм болохоор л голын алтан бургасанд гоё улаан ангирын дууг сонсон гомдоож ч юм уу, магадгүй өөрийг нь гомдоож ч явсан байж мэдэх хонгорыгоо дурсан голт зүрхээ хөндүүрлүүлнэ. Эмнэх, эдгээх сэтгэл энэ. Их хайр , эх сэтгэл энэ мөн.
Усны эмжээр алтан зэгсэнд
Уяхан улаан ангир дуугарна
Уулзаад инээхгүй хонгорыгоо бодохоор
Улаан ангир ч зүүд мэт санагдана
Усны эмжээр алтан зэгсэнд уяхан сэтгэлээ гоо билгүүнтэн өлгийддөг байна. Улаан ангир уяханаар эгшиглэж уураг тархийг нь сэлбэдэг байна. Уулзаад инээхгүй хонгорыг бодогдуулдаг байна. Улаан ангир ч зүүд мэт санагдах нь ойлгомжтой. Амьд яваа насандаа улаан ангирын нуугианд , усны эмжээр алтан зэгсэнд уулзан учирч, уяран хайлж явах л хүмүүн сэтгэлтэний магад ашидын дээд зохионгуйд хэн эргэлзэнэ. Хүний дотоод гоо сайхан зүрх сэтгэл, оюун санаанд оршдог. Ил харагдах гоо сайханд тийм үнэн гоо сайхан нэгдэхээр цул бат , бэх төгөлдөр болох. Ц.Хулангаа цул бат, бэх төгөлдрөөр бодох. “Улаан ангир” шүлэг бол түүний үзэн ядаж, үнэн хайрлах сэтгэлээр бүтээгдсэн шүлэг. Өнгийг олсон шүлэг. Үүрдийн хайрлах зүйл хаана вэ гэдгийг ойлгуулсан шүлэг, сэтгэлийн шүлэг. Сэтгэлийг олох, сэтгэлийг тэмтрэх, сэтгэлээр шунах, сэтгэлээр тачаадахын үнэнг Ц.Хулангаас хайх хэрэгтэй. Түүнээс олно. Олдоно.
Б.ЗОЛБАЯР
Discussion about this post