Ерөнхий сайд аа! “РЖД”-ийн дефольт УБТЗ-д хамаагүй гэж үү?!

-Өчигдрийн дефольтийг зарлахаас 9 сарын өмнө “РЖД”-ийн С.Павлов Монголын Элчин сайдад анхааруулж байсан-


 

Дөнгөж өчигдөрхөн ОХУ-ын Төрийн өмчит “Оросын төмөр замууд” НХН бондын купоны төлбөрөө хүлээлгийн хугацаанд төлж чадаагүйгээс дефольт зарлалаа гэсэн таагүй мэдээ дуулдлаа. Шалтгаан нь мөн л купоны төлбөрийг нь хөрөнгө оруулагчид хүлээж аваагүйтэй холбоотой аж.

ОХУ-ын төмөр замын тээврийн 90 хувийг гүйцэтгэдэг “Оросын төмөр замууд” НХН манай УБТЗ-ын хамтрагч. Гэтэл хамтрагч маань хоригоос болж дефольт зарласан эхний компани болчихлоо. Жаргал нь хамтдаа, зовлон нь ч хамтдаа бид яах бол? Цаашдаа ч ОХУ хоригоос болоод -ы бондын купоны төлбөрөө рублиэр төлөхөөс өөр аргагүй учраас хамтарсан бусад компаниуд маань хамтрагчийнхаа дефольтод нэрвэгдэх нь гарцаагүй.  Энэ талаар “үйлийн үрдээ гомдсон” салбарын сайдад нь төдийлөн найдахгүйн эрхэнд Ерөнхий сайдад анхааруулж байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловтой уулзалт хийсэн талаар дахин сануулахаас аргагүйд хүрлээ. Уулзалтын протоколд “УБТЗ” ХНН техникийн дефольт/төлбөрийн сонголтгүй/нөхцөл байдалд байсаар байгааг сануулж байсан нь анхаарал татна. Учир нь энэ бол Орос, Украины улс төрийн мөргөлдөөн эхлэхээс долоон сарын өмнөх уулзалт юм. Тэрбээр “Дээрх өр зээлийн асуудал шийдэгдэхгүй байгаагаас шалтгаалан “УБТЗ” ХНН техникийн дефольт/төлбөрийн сонголтгүй/нөхцөл байдалд байсаар байгаа бөгөөд зээлийн эх үүсвэр татах боломж хязгаарлагдмал байна. Энэ нь хөгжилд саад учруулаад зогсохгүй одоо байгаа дэд бүтцээ хадгалах эх үүсвэрийг үгүй хийхэд хүргэлээ. Нөгөөтэйгүүр өөрийн нөөц ч бидэнд хангалтгүй байна” гэсэн юм.

Ноён С.Павлов энэ үеэр “УБТЗ”-ын Япон улсаас авсан зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2020 оны 2 дугаар сард ОХУ, Монгол Улсын тээврийн яамдын хамтарсан, “Оросын төмөр замууд” НХН-ийн төлөөлөл оролцсон комисс байгуулагдан хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. 2020 оны 9 дүгээр сард энэхүү асуудлыг шийдэх гарц бүхий саналыг манай талаас Монголын талд хүргүүлсэн боловч өнөөг хүртэл хариу аваагүй байна. Сангийн яам уг асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан гэсэн албан бус мэдээ л бидэнд байна. Гэвч ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй хэмээн гомдолложээ.

Энэ ярианаас хойш дөрвөн сарын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-нд УИХ Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Өөрөөр хэлбэл Монголын талын хувьд Ерөнхийлөгчийн ОХУ-д айлчлалд зэхэж Засгийн газар нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барьж батлуулсан. Ийнхүү Төрөөрөө “түргэн авч” 132 тэрбум төгрөгийн авлага үүсгэх хүртлээ зоримог алхам хийснээрээ бид санаандгүйгээр “Дефолттой РЖД”-д ядуухан төслөөсөө “хөрөнгө оруулалт” хийчихэж. Энэ 132 тэрбумын учрыг товчхоноор тайлбарлавал УБТЗ-аас авах энэ авлагыг бид урьдчилаад олон улсын гэрээний дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас тус нийгэмлэгт олгосон “МОН-П1, МОН-П2 дугаартай зээлийг төлчихлөө. Энэ 132 тэрбум төгрөгийг Монголын Засгийн газар УБТЗ-ын өмнөөс төлсөн, уг нь манайх 83 тэрбум 673 сая 494 мянга 98 төгрөг төлөх ёстой, харин Оросын талаас дээрх хэмжээний авлага үүсгээд товчхондоо УБТЗ-ын дүрмийн санд хийсэн мөнгөө тус байгууллагаас хэзээ нэгэн цагт авна гэсэн утгатай бололтой юм. Үлдсэн 47 тэрбум нь ирээдүйд авах авлага, түүнийгээ 2025 он хүртэл тав хувааж авна гэж тогтоолын төслийг санаачлагч эх сурвалжаас мэдээлэл авсан нь архивт минь бий.

Тарифийг индексжүүлэх зөвшөөрлийн “гомдол”
“Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов Элчин сайд Д.Даваатай уулзах үеэрээ тарифын талаарх асуудлыг онцгой анхааруулсан.  Тэрбээр “Бид өнгөрсөн онд УБТЗ-ын ТУЗ-ийн хурлаар дунд хугацааны тарифын бодлогыг батлах санал гаргасан боловч ТУЗ-ийн Монголын хэсгийн бүрэлдэхүүн энэ саналыг дэмжихгүй хэвээр байна. Энэ нь үнэхээр гайхал төрүүлж байна. Жишээлбэл, энэ цаг үед үнийн дээд амжилтыг эвдэж буй нүүрсний тарифын индексжүүлэлтийг хязгаарлах нь ААН-ийн ашиг сонирхолд нийцэхгүй байна. Түүнчлэн энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын ШӨХТГ-аас ”УБТЗ”-д тарифыг индексжүүлэх зөвшөөрөл олгосон хэдий ч тарифын нэгдсэн бүү хэл, зарим төрлийн ачаанд хамаарах хэсэгчилсэн индексжүүлэлтийг огт хийгээгүй. “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозёровоос 2021 оны 6 дугаар сарын 11-нд Монголын төр, засгийн удирдлагуудад хандан энэ оны 6дугаар сарын сүүлчээр “УБТЗ” ХНН-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурлыг зохион байгуулах саналыг хэлэлцэх асуудлын хамт хүргүүлсэн боловч Монголын талаас хариу ирүүлээгүй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдаас энэ оны 7 дугаар сарын 8-нд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захиралд хандсан захидалдаа “Монгол Улсын ШӨХТГ-аас ”УБТЗ”-д тарифыг индексжүүлэх зөвшөөрөл олгосон хэдий ч индексжүүлэлт хийхэд Монголын тал бэлэн биш байна” хэмээн дурдсаныг бид ихэд гайхан хүлээн авсан. Энэ асуудлыг шийдэхгүйгээр төмөр замыг шинэчлэх, цаашид хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх боломжгүй юм” гэжээ.

УБТЗ-ын удирдлагын баг, 1949 оны гэрээний заалтуудн талаар юу хэлж байв?

“УБТЗ” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай 1949 оны Зөвлөлт, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон тус хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрэмд боловсон хүчний бодлогын зарчмуудыг тодорхойлсон байдаг. Хэлэлцээрийн 12 дугаар зүйл, дүрмийн 27 дугаар зүйлд Замын боловсон хүчнийг Зөвлөлт, Монголын иргэдээс бүрдүүлнэ гэж заасан. Мөн 19 дүгээр зүйлд Замын дарга, Замын нэгдүгээр орлогч даргын албан тушаалыг Зөвлөлт, Монголын иргэдийг ээлжлүүлэн 3 жилийн хугацаагаар томилно гэж заасан билээ. Өөрөөр хэлбэл дарга нь монгол хүн байх тохиолдолд түүний орлогч Зөвлөлтийн иргэн байна гэх мэт байдлаар томилогдож ирсэн. Гэвч энэ байдал алдагдсаар одоогийн байдлаар удирдлагын багт ОХУ-ын 23 иргэн ажиллаж байна. Компанийн нийт ажилчдын тоо 15800 хүн байдаг. Дүрмийн дагуу Оросын талаас удирдлагын багт 90 хүн ажиллах учиртай. Түүнчлэн Замын даргын албан тушаалыг сүүлийн 15 жилийн турш тасралтгүй монгол хүн хашсаар ирсэн. Энэ нэг талаас дүрм мөрдөж ажиллахгүй байгаа, нөгөө талаас Оросын талын хувь эзэмшигчид эв, эеийг эрхэмлэж буйн илрэл гэж ойлгож болно.

Танд гэж хэлэхэд бид энэ асуудлаар дотооддоо хүртэл маргалдаж байгаа. Яагаад Замын даргаар монгол хүн томилохыг зөвшөөрсөн юм бэ. Оросын талд уг албан тушаалыг хашчих чадалтай, мэргэжлийн өндөр түвшний боловсон хүчин олон байна шүү гэж биднийг зэмлэж байна.
УБТЗ-ын Ерөнхий инженерийн албан тушаалд ОХУ-ын иргэнийг томилох асуудлыг 2020-2021онд болсон нийгэмлэгийн ТУЗ-ийн хурлуудаар хэлэлцсэн боловч Монголын талтай зөвшилцөлд хүрээгүй”гэжээ.

“Газпром”-той хэрэгжүүлж буй төслөөр “айлгав” уу, үнэхээр ноцтой юу?

Протоколын энэ хэсгээс “Газпромын ТУЗ-ийн дарга В.А.Маркеловтай уулзаж хэлсэн цочирдож хүлээн авсан. РЖД-тэй Л.Халтар муу харилцсанаас болж Газпромтой харилцах харилцаа чинь зогслоо. Цаашлаад Роснефть Монголтой харьцахгүй шүү” гэсэн мессэж уншигдаж байна. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа “Ажил хэвийн явагдахад нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлийг нэрлэж шалтаг тоочихдоо, Зөвлөлт холбоот улс гэдэг нэршил хүртэл нөлөөлдгийг хэлжээ. Ноён С.А.Павлов шалтагийг үгүйсгэж, “наадах чинь миний ярьсан асуудлууд шиг нийгэмлэгийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөхөөр ноцтой асуудлууд биш” хэмээгээд зогсохгүй, хамгийн ноцтойнь “Оросын талаас санал болгож буй асуудлуудыг Монголын тал хайхрахгүй, хэлэлцэн шийдвэрлэхгүй байгааг би хувьдаа хорлон сүйтгэх ажиллагаатай адилтган үзэж байна. “Газпром” НХН-ийн ТУЗ-ийн дарга В.А. Маркеловтой миний бие маш ойр харилцаатай байдаг.“УБТЗ”-ын асуудалд Монголын тал хэрхэн хандаж байгаа талаар түүнд /В.А. Маркеловт/ ярихад тэр бүр цочирдсон. Тиймээс “УБТЗ”-ын нөхцөл байдал “Газпром”-той Та бүхний хэрэгжүүлж буй төсөлд ч нөлөөлж болох юм” гэсэн байх юм. Мөн тэрбээр “Миний бие өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдтай уулзаж зарим асуудлаар санал солилцсон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын асуудлыг хөндөж ярилцсан. Дараагийн долоо хоногт дахиад уулзана. Бидний ийнхүү анхаарал хандуулан ажиллаж байгааг Монголын тал ойлгож байгаа байдал мэдрэгдэхгүй байгаад маш их харамсаж байна” гэжээ.

“РЖД”-ийн Ноёнтон В.Путины үгийг хэрхэн уламжлав

Хариуд нь Элчин сайд Д.Даваа “Монгол Улс төмөр замын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Таны дурдсан Зүүнбаян-Ханги чиглэлээс гадна “Богдхан” төмөр замын төсөл байна. “Газпром” НХН-тэй хэрэгжүүлж буй байгалийн хийн хоолой барих төслийн хийн хоолойг бид төмөр замын дагуу барихаар судалж байна” хэмээжээ. Ноён Элчин сайдын энэ хариулт ажлын явцын тухай энгийн албан үг боловч эмзэглэж яваа орос ноёнтонд“гал өрдөх” мэт туссан бололтой. Дараагийн довтолгоог хийхдээ “Путиныг” дурдав.С.А.Павлов хэлэхдээ “Хийн хоолойг төмөр замын дагуу барих шийдвэрийг зүйтэй гэж үзэж байна…Танд гэж хэлэхэд саяхан ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нар утсаар ярьсан. Энэ үеэр Хүрэлсүх Ерөнхийлөгч төмөр замын асуудлыг хөндөхөд Путин Ерөнхийлөгч уг асуудлаар ямар ч хариулт өгөөгүй. Учир нь Монголын тал “УБТЗ”-ын үйл ажиллагаанд хэрхэн хандаж буйг Ерөнхийлөгч Путин сайн мэдэж байгаа учраас тэр шүү дээ. Үүнийг та бүхэн бодно биз дээ. Мөн тэрбээр “Төмөр замын дамжин өнгөрөх коридор байгуулагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ асуудалд ингэж хандвал сайн үр дүн авчрахгүй. Хамгийн гол нь үр ашиг шүү дээ” гэжээ.

Ийнхүү орос хэлээр 60 минут үргэлжилсэн уулзалтын санал дүгнэлтэд “хатуу үг” олонтаа дурдагдсан нь улс төрийн мөргөлдөөн эхлэхээс хагас жил гаруйн өмнөх үг гэхэд тун ч “базуур”, дээрэнгүй харилцааг агуулсан байдаг. Гэтэл өнөөдөр “РЖД”-г дефольт зарласныг дэлхий нийтээр зарлачихлаа. Тэднийхтэй хамтарсан УБТЗ-д аюул нүүрлэхгүй, хориг нөлөөлөхгүй, дефольт холуур гэж найдах ямар үндэслэл байна вэ? Энэ л Монголын Засгийн газрын тулгамдсан асуудал биш гэж үү? Бид 132 тэрбумын асуудлаар хамтын ажиллагаандаа “хөрөнгө оруулчихаад” байхад тэр нь дефольтын аюулд өртчихлөө. Бид өртөхгүй гэж үү, Ерөнхий сайд аа!

Next Post

Discussion about this post