Сүүлийн үед цэргийн дүрэмт хувцсыг энгийн иргэд өмсөх тохиолдол их гарах болов. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх тухай дүрмийг товч танилцуулъя.
Дашрамд онцлоход, цэргийн дүрэмт хувцас нь төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө. Ингэхдээ цэргийн алба хаагч цэргийн дүрэмт хувцсыг өмсөхдөө дүрмийн дагуу өмсөх үүрэгтэй байдаг. Эмэгтэй цэргийн алба хаагчид л гэхэд дух руугаа үс оруулах, нүүр болон хумсаа тод будах, этгээд содон ээмэг зүүхийг нь хориглохоос эхлээд хар өнгийн үсний боолт хэрэглэхийг нь хүртэл хатуу тогтоож өгдөг юм. Энэ наад захын жишээ, шаардлага. Гэтэл иргэдийн хувьд цэргийн дүрэмт хувцсыг “хууль бусаар” өмсөхдөө үсээ задгайлах, туфль өмсөх, элдэв чимэглэлүүд хэрэглэх зэргээр давхар, давхар зөрчил, дутагдал гаргасаар байна.
Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм:
Цэргийн алба хаагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг хэрэглэнэ.
“Цэргийн дүрэмт хувцас” гэж цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг хэлнэ.
Цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг ХОРИГЛОНО.
Мөн цэргийн алба хаагчид нормт хангалтаар олгосон цэргийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын хэрэгслийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, хэрэглүүлэх, түрээслэх, худалдах болон цэргийн дүрэмт хувцасны өнгө, загвар, стандартыг өөрчлөхийг хатуу хориглоно гэжээ.
Discussion about this post