Цагаадайн улс 1222-1370 оны хооронд Дундад Азид оршин тогтнож байсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүний улс.
Чингис хааны хоёр дахь хүүгийн нэрээр түүхэнд мөнхөрсөн Цагаадайн улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Казахстан, Киргизстан, Узбекистан, Таджикистан, Туркменистан, Афганистан болон БНХАУ-ын Синьцзян Уйгурын өөртөө засах орны нутгийг хамарч байв.
Цагаадайн улс нь монгол, түрэг олон угсаатнаас бүрдэж байв. Арулад, барулас, каучин, дуглат, жалайр, найман, хэрэйд, мэргэд зэрэг олон монгол угсааны овог аймгууд XIII зуунд Цагаадайн улсад очиж суурьшжээ. Эдгээр овог аймгууд хожим Узбек, Казах, Киргиз үндэстний бүрэлдэхүүнд орсон билээ.
Цагаадайн улсын нийслэл нь түүхэндээ олон удаа нүүн шилжиж байсан бөгөөд ихэнхдээ Алмалиг, Нахшеб, Карши, Аксу зэрэг хотод төвлөрч байв.
Дундад Азийн эдийн засаг, худалдаа, гар үйлдвэрийн төв болсон эртний соёлт Бухар, Самарканд, Алмалиг зэрэг хотууд Цагаадайн улсын нутаг дэвсгэрт байсан бөгөөд монголчуудын үед өрнө, дорныг холбосон олон улсын худалдаа эрчимтэй хөгжихийн хэрээр эдгээр хотууд цэцэглэн дэвжсэн юм.
Монголчууд дэлхийн хэмжээний эзэнт гүрнийг үүсгэн байгуулахдаа Дундад Азийн мусульман худалдаачдыг өргөнөөр ашиглан, тэднээр дамжуулан суурьшмал орнуудтай чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлж байв. Цагаадайн улсын мусульман худалдаачид болон исламын шашны сүм хийдүүд өргөн цар хүрээтэй гадаад худалдаанаас тоолж баршгүй их ашиг орлого олж байсан юм.
Олон улсын худалдаа Цагаадайн улсын эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлж, тус улсын худалдааны зам буюу Торгон зам дагуу байрлах хотууд болон монголчуудын барьсан хотууд богино хугацаанд сэргэж цэцэглэн хөгжсөн байна.
Цагаадайн улсад Монголын эзэнт гүрний татварын нэгдсэн тогтолцоо үйлчилж байв. Энэхүү тогтолцоог орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж байжээ. Цагаадайн улсын хүн амын суурьшмал хэсгээс нэг төрлийн татвар авч байсан бол нүүдэлчин хэсгээс монголын уламжлалт татварыг авч байлаа.
Дундад Азид Цагаадайн улсын үзүүлсэн нөлөөг өгүүлэхдээ улс төр, цэрэг, засаг захиргааны тогтолцоог тойрч болохгүй. Цагаадайн удмыг Дундад Азид юу юунаас эрхэмлэн дээдэлж ирсэн бөгөөд эл удмын хүн төр барих ёстой гэсэн үзэл нийгэмд баттай шингэсэн байжээ. Улс төрийн энэхүү уламжлал нь Дундад Азийн улс орнуудад ХХ зууны эхэн үе хүртэл амь бөхтэй оршсоор ирснийг судлаачид тэмдэглэсэн нь санамсаргүй хэрэг биш ээ. Цагаадайн удамтай ураг барилдаж “гурган” буюу хүргэн гэсэн эрхэм нэрийг зүүсэн сурвалжит ноёд цөөнгүй байв. Эдгээрээс түүхэнд хамгийн алдартай нь Доголон Төмөр билээ. Цагаадайн удмын Казаган хааны гүнжтэй гэрлэсэн Төмөр насан туршдаа “эмир гурган” (хүргэн ноён) хэмээн өөрийгөө нэрлэж байсан билээ.
Цагаадайн улсын цэрэг, засаг захиргааны хуваарь нь монголын мянганы зохион байгуулалтан дээр тогтож байв. Цагаадайд өмч болгон өгсөн Монголын барулас, жалайр, арулад, каучин зэрэг аймгийн ноёдыг түмтийн ноён болгосон билээ. Өөрөөр хэлбэл Цагаадайн улс байгуулагдахад эдгээр ноёд тус бүр түмэн цэргийг захирч байв. Цагаадайн улсын Долоон гол, Илийн хөндийн нутаг дэвсгэрт монголчуудын анхлан очиж суурьшсан газарт мянганы зохион байгуулалттай байсан байна.
Монгол төрийн уламжлалаас хуралдай, хааныг өргөмжлөх ёслол, төрийн бэлгэ тэмдэг Дундад Азид өвлөгдөн үлджээ. XIX зууны сүүл хүртэл узбек, казахууд хаанаа өргөмжлөхдөө цагаан эсгий дээр суулган гурвантаа өргөж “хаан” гэж тунхагладаг байжээ.
Цагаадайн улсын төр барьсан хаадыг үндсэн хоёр бүлэгт хуваан авч үзэж болно. Нэгдүгээр бүлэгт ард олныхоо дунд авьяас билиг, ажил үйлсээрээ алдаршсан гарамгай хаад, хоёрдугаар бүлэгт эрүүл мэндийн байдлаас богино хугацаанд төр барьсан, эсвэл хувийн зан чанарын доголдлоос болж хүний гарт амь үрэгдсэн, нэр хүнд муутай, алдар гавьяа гэх зүйлгүй сул дорой хаад багтана. Нэгдүгээр бүлэгт багтдаг хаадаас Алгу, Барак, Дува, Кебек, Дармаширин, Туглагтөмөр нарыг нэрлэж болно.
Цагаадайн улсын эдийн засгийн хөгжлийн нэг илэрхийлэл нь зоос юм. Цагаадайн улсын хаадын нэр болон овгийн тамга бүхий алт мөнгөн олон зоос олдсоноос тэдгээрийн ихэнх нь нэгдүгээр бүлэгт багтах хаадын зоос юм. Цагаадайн улсын 16 хотод алт, мөнгөн зоос цутган гаргаж байв. Монголчуудаас өмнө Дундад Азид алт бараа таваарын үүрэг гүйцэтгэж байсан бол монголчуудын үед арилжааны хэрэгсэл буюу зоос болсон байна. Энэ бүхэн Цагаадайн улсад худалдаа өндөр хөгжиж байсны нотолгоо билээ.
Цагаадайн улсад 1346 он хүртэл түүний шууд залгамжлагч 22 хаан төр барьсан бөгөөд түүнээс хойш Цагаадайн улс задарч Мавераннахр, Моголистан гэсэн бие даасан хоёр хэсэг болж хуваагджээ. Цагаадайн улсын баруун хэсэг болох Мавераннахрт Цагаадайн удам бодит эрх мэдлээ алдаж, төрийн дээд эрх монгол, түрэг ноёдын гарт шилжжээ. Тэдгээрээс Доголон Төмөр 1370 онд засгийн эрхийг булаан авчээ. Харин Моголистанд Цагаадайн холын удмын хаад 1346 оноос 1508 он хүртэл төр барьж байжээ.
Моголистан гэдэг нь перс үг бөгөөд “Монгол улс” гэсэн утгатай. Энэ үг нь монгол гэсэн үгнээс гаралтай, Дундад Азийн ард түмнүүдийн хэл ярианы онцлогоос шалтгаалан “н” үсэг гээгдэж “могол” буюу “могул” болон хувирчээ.
Моголистаны нүүдэлчид Мавераннахрт суурьшсан монголчуудаас хавьгүй сүүлд буюу XV зууны эхээр исламын шашинд бүрэн оржээ. Ингэснээр монгол төр ёс, зан заншлаа 200 жил хадгалж байсан Цагаадайнхан түрэгийн нөлөөнд автан уусан шингэсэн байна.
Дундад Азид монголын ноёрхлын эсрэг бослого тэмцэл гарсан удаа үгүй бөгөөд Цагаадайн угсаа залгамжлал тасрахад Цагаадайн холын удмын хүнээр хаан ширээ залгамжлуулан монгол төрийн алтан аргамж тасралгүй, үргэлжилсээр байв. Түүгээр ч үл барам өөрсдийгөө Цагаадай нар, эх хэлээ Цагаадай хэл гэж нэрийдэх болсон байна. Цагаадай хэл нь Дундад Азид казах, киргиз, таджик, туркмен болон узбек угсаатан бүрэлдэн тогтоход үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглүүштэй.
Ц.Энхчимэг
Discussion about this post