“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралд Америкийн нэгэн хотын нэг хороололд амьдардаг дөрвөн эзэгтэйн амьдрал, гэр бүлийн нууц бүсгүйчүүдийн нөхөрлөл, дайсагнал, хайр, хардалт гээд анги бүр нь үзэгчдийг уйдаахгүй сонирхолтой байдаг. Инээдмийн төрөлд багтдаг уг цуврал нь 180 ангийн турш үзэгчийг эзэгтэй нарын нууцлаг, будлиантай ертөнцөөр аялуулна.
“Яахаас ч буцахгүй Эзэгтэй нар” олон ангит телевизийн дуулиант киноны дэгжин бүсгүй болох Габриэль Солисын дүрд тоглосон Эва Лонгориа нь гайхалтай сайхан бүсгүй. Энэ дүрээрээ Golden Globe шагнал хүртсэн.
Америкийн кино жүжигчин, загвар өмсөгч Эва Лонгория Паркер 1975 оны гуравдугаар сарын 15-нд төржээ. Тэрбээр Америкийн телевизийн олон ангит “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны Габриелле Солисийн дүрд тоглосноороо үзэгчдийн танил болсон билээ.
Ева Лонгория амжилтын гараагаа 2000 оноос загвар өмсөгчөөс эхэлжээ. Тэрбээр 2008 онд Эйф-Эйч-Эм сэтгүүлийн “Хамгийн дур булаам эмэгтэй” жагсаалтын 14 дүгээрт бичигдэж байв. Үүнээс гадна Vogue, Marie Claire, Harper’s Bazaar сэтгүүлийн нүүрэнд зургаа нийтэлж байжээ. Сайхан бүсгүйчүүдийн нэг Лонгория 2007 онд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны сагсчин Тони Паркертэй гэрлэсэн юм.
Эва Жакелине Лонгория Америкийн Техас муж улсын Нуецес хотод мэндэлжээ. Түүний эцэг, эх нь америк-мексик гаралтай аж. Лонгория энэ гэр бүлийн дөрвөн охины бага нь болжээ. Түүний гэр бүл газар тариалан эрхлэн амь зуудаг байсан учир тэрбээр ядуу зүдүүгийн зовлонг багаасаа амссан байна. 2006 онд Опра Уинфригийн шоу нэвтрүүлэгт оролцохдоо гэр бүлийнхээ хэрхэн ажилладаг байсныг харуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн байв. Тэрбээр гэр бүлийнхээ амьжиргааг сайжруулах зорилгоор шоу бизнест анх хөл тавьсан гэдгээ зөвшөөрдөг аж.
Лонгория загвар өмсөгч болох хүсэлдээ автан гэрэл зургаа загварын агентлагт илгээсэн байна. Гэвч тэрбээр тийм ч өндөр байгаагүй учир загвар өмсөгчийн шаардлага хангахгүй байна гэсэн хариу удаа дараа авчээ.
Лонгория Марвин Бэйкерийн дунд сургууль, Рой Миллерийн ахлах сургуулийг төгссөн бөгөөд Техасын их сургуулийн шинжлэх ухааны ангийн бакалаврын зэрэг хамгаалсан байна.
1998 онд тэрбээр Америкийн Техас муж улсын Корпс Кристи хотын гоо бүсгүйгээр шалгарав. Лонгория авьяастнуудын тэмцээнд оролцохоор Лос-Анжелесийг зорилоо. Ингэж яваад Лонгория мэргэжилтнүүдийн нүдэнд өртжээ. Түүний хамгийн анхны дүр бол 2000 оны телевизийн олон ангит “Беверли Хиллс 90210” киноны гол дүр аж. Үүний дараа “Ерөнхий эмнэлэг” кинонд тоглосноос гадна телевизийн олон ангит “Залуу ба Түгшүүрт байдал” кинонд 2001-2003 онд тоглосон нь Лонгорияг олны танил болгожээ.
Харин 2004 онд Лонгория “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” кинонд тоглосноор “А” зэрэглэлийн жүжигчний жагсаалтад орох болов. Энэ кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмын телевизийн олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байлаа. Тэрбээр олон ангит киноноос гадна 2006 онд жүжигчин Майкл Дуглас, Киефер Шутерландтай хамт “Харуул” киноны гол дүр бүтээснээс гадна “Хэцүү цаг” кинонд тус тус тогложээ.
Лонгория жүжиглэх авьяастайгаас гадна гоо сайхнаараа олны танил болжээ. 2005, 2006 онд “Максим” сэтгүүлийн хамгийн дур булаам эмэгтэй жүжигчин болж байв. Түүнчлэн энэ жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ.
Лонгория 2002-2004 онд телевизийн олон ангит “Ерөнхий эмнэлэг” кинонд хамтран тоглосон Тайлер Кристофертэй гэрлэж байв. Гэвч түүний энэ амьдрал бүтэлгүйтсэн ч 2006 оны 11 дүгээр сарын 30-нд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Сан Антонио Спурс” багийн хамгаалан тоглогч Тони Паркертэй сүй тавьсан байна. Энэ хос 2007 оны долдугаар сарын 6-нд Парис хотноо гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлжээ. Тэд 4 жил хамт амьдарсны эцэст 2011 онд салжээ.
Харин 2016 онд Ева Лонгория Мексик гаралтай тэрбумтантай гэрлэсэн. Харин 2018 онд Ева Лонгория болон түүний нөхөр бизнесмен Хосе Бастон нар анхны хүүхдээ өлгийдөж авсан. 43 настайдаа жүжигчин бүсгүй анхны хүүгээ төрүүлж, хүүдээ Сантьяго Энрике гэж нэр өгсөн юм.
Discussion about this post