Английн Ерөнхий сайд асан Тони Блэрийг шинэ оны өмнөхөн Английн хатан хаан “Сер” буюу Хүлэг Баатар цол хэргэм хүртээсэн билээ. Гэтэл энэ мэдээ Их Британи Умард Ирландын нэгдсэн вант, хаант улсын иргэдийг уур хилэнг бадрааж, экс Ерөнхий сайдынхаа хэргэмийг хураан авах хөдөлгөөн өрнүүллээ. Цэргийн албанаас халагдсан Ангус Скотт хэмээх хүн экс Ерөнхий сайд Тони Блэрийн хүндэт хэргэмийг хураан авах санаачилга гаргаж “change.org” сайт дээр нийтэлжээ. Одоогоор ердөө 7 хоносон ч энэ саналыг 1 сая гаруй иргэн дэмжээд байна. “Тони Блэр өөрийн орныг олон дайн, зөрчилд татан оруулсны хариуцлагыг хүлээх ёстой. Түүний эдгээр үйлдлээс болж цэргийн болон энгийн олон иргэн амь насаа алдсан юм. Тэр цэргийн гэмт хэрэг үйлдсэн. Энэ хүн манай төр засгийн шагналыг хүртэх ёсгүй” гэж тус уриалга санаачилгад дурджээ.
Үүний зэрэгцээ Тони Блэр ба түүний эхнэрийн хуулийн фирмтэй холбоотой бас нэг дуулиан дэгдлээ. Тони Блэр 50 сая фунт стерлингийн хөрөнгөтэй хэрнээ төрөөс тусламж авч байжээ. Цар тахалд өртсөн бизнесийг дэмжих, ажлын байрыг хадгалах хөтөлбөрийн дагуу Английн Засгийн газар бараг 1 сая шахам компани, хувь хүнд мөнгөн тусламж олгосон аж. Ихэнх бизнесмэн үүнд ихэд баярлаж талархан “Нөхцөл байдал дээрдсэний дараа энэ мөнгөний хагасыг сайн дураараа буцааж төрдөө өгнө” гэж амласан юм. Гэтэл саятан Тони Блэрийн гэр бүл энэ сангаас 76 мянган фунт авсанд Английн иргэд их дургүйцэж байгаа аж.
Discussion about this post