-“Намчин” гэгдэхээс бүү ич, залуус аа. “Мэргэжлийн” болгох ёстой гэнэ-
Монгол даяараа “Syndicate Talk Exclusive” ярилцлагыг нэг командаар үзэж, нэгэн зэрэг ойлгоцгоосон байна. Хэн, юу ярив? Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ нэвтрүүлгийн ээлжит зочноор уригдаж ярилцсан байна.
Хорь хүрээгүй хонгор наснаасаа эхлэн 22 жил МАН-д зүтгэж яваа залуу улстөрчийн “хижээл” цадигаар энэхүү ярилцлага эхэллээ. Тэрбээр улс төрд “хуучин хүн” гэдгээ 2003 оноос сонгуулийн кампанит ажилд оролцсоноос эхэлж тоолдог бололтой. Гэхдээ улс төрийн карьер нь МАН-ын шинэ “цагаан ордонд” 2009 оны 6 дугаар сарын 2-ноос хэлтсийн даргаас эхэлсэн байгаа юм. “Шатсан” байрны үед тод харагдаж байгаагүй ч шатсаны дараах “шинэ ордонд” хамгийн том дарга нь болтлоо ажилласан түүний “алсын хараа” бас л лут юм. Тиймээс ч намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрвөн удаа улиран сонгогдож нийт зургаан жил ажиллаж байгаа хэрэг.
Энэ залуу улстөрчид баалах зүйл цөөнгүй ч бахархах шалтгаан бас байна. Гайхашруулах “мэдэгдэл”-үүдийг ч бас хийлээ.
“Баалах зүйл” гэвэл түүний хамаарал бүхий этгээдүүд, төрөл төрөгсөд нь ЖДҮХС-ийн зээл авсан нь үнэн. Гэхдээ тэр хүмүүсийн зээл авах эрхийг хаах байтугай банк дампууртал сан цөлмөчихсөн бүлэглэлийг яаж ч чадахгүй байгаа нь “нийгмийн шизофрени” болчихоод байна.
МАН-ын 30 дугаар Их хурал дээр Намын дүрэмдээ заасан “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд МАН-ын удирдах албан тушаалд сонгогдох боломжгүй. Энэ намын нэрийн өмнөөс аливаа шатны сонгуульд нэр дэвших боломжгүй. Энэ намаас улс төрийн дэмжлэг авч улс төрийн ажилд оролцох боломжгүй. Багийн Засаг дарга ч хийх боломжгүй” гээд баталчихсан гэдгээ дээрх ярилцлагаар дахин илэрхийллээ.
Хамгийн их ам асуумаар амлалт энэ. Хэрэв би түүний оронд байсан бол энэ амлалтаасаа маш их айна. Яагаад гэвэл тус намаас удирдах албан тушаалд томилогдож, сонгогдож очсон хүмүүсээс “авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ба холбогдоогүй” хүнийг тоолбол аль нь олон бэ? Хэзээнээс эхэлж энэ заалтыг тооцох, тоолох вэ? Хэрэв Улсын Дээд шүүх МАН-ын дүрмийг ёсчилсноос хойш тэрхүү “цаг тоолол” эхлэх бол түүнээс өмнө томилогдсон хүмүүстэй хариуцлага тооцож чадах юм уу? Мөн “гэмт хэрэгт холбогдсон” гэдгээ яг яаж тодорхойлох вэ? Шүүх гэм буруутайд тооцсон тохиолдолд гэж ойлгогдоод байгаа юм. Үндсэн хуулиараа шүүх гэм буруутайд тооцоогүй бол хэнийг ч гэмтэн гэж үзэх аргагүй. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс эхлээд Прокурорын байгууллагын томилгоо намаас хараат бус гэх “ярлыктай” боловч бодит байдал дээр улс төрийн дэмжлэг оролцоод байгааг бүгд харж байна. Прокурорын байгууллага АТГ-ын илрүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа нөхцөлд хэзээ шүүхээр шийдэгдэх вэ? Эсвэл “хэзээ ч үгүй” юу? Шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруутай гэж үзэх аргачлал нь юу байх вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэн, ярьсан, “шүгэл үлээсэн” тохиолдолд гэвэл эрхэм хүндэт “хүний эрх”-ээр чинь барьцаалаад хөдөлгөхгүй. Үүнийгээ хуулиар хийчихсэн. Тэгэхээр авлига, албан тушаалын гэмт хэрэг болон гэмт хэрэгт холбогдсон хүнийг МАН дэмжихгүй гэдгээ тодорхой болгохгүй бол хамгийн чухал асуудал чинь хамгийн бүрхэг байна.
“Аймаар том санхүүжүүлэгч”-ээ ч МАН хөөж чадах уу?
Нөгөөтэйгүүр “МАН-аас хөөх” гэдэг нь хариуцлага хүлээлгэх шийтгэл мөн үү? Генсекийн хэлснээр бол “Намын эгнээнээс хасдаг нь холбогдох хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад улс төрийн намын өмнөөс саад тотгор учруулдаггүй байя” гэж байна. Тэгэхээр “МАН-ын 30 дугаар Их хурлаар шинэ дүрэмд оруулахаас өмнө бол МАН хууль хяналтын байгууллагаас гишүүнээ хаацайлдаг байжээ” гэж уншигдаад байгаа юм. Харин “Илтэд ёс зүйн зөрчил үүсгэсэн этгээд намаас гарсанд тооцогдоно” гэдгийг бол ойлгож байна. Хариуцлага нэхнэ.
Намынх нь “аймар том санхүүжүүлэгч” байсан ч хамгаалахгүй байж чадах уу гэдэг асуулт бас урган гарна. Тэгвэл хэдхэн хоногийн дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс намын санхүүжилтээ олон нийтэд ил тод зарлана гэж байна. Энэ нь холбогдох хуульд орох өөрчлөлтүүдээс бүр тодорхой болох бөгөөд зөвхөн МАН-ын тухайд гэхэд Бага хурлын 479 гишүүн тус бүр 2 сая 400 мянган төгрөг, УИХ дахь МАН-ын бүлгийн 62 гишүүн тус бүр 10 сая төгрөг, цаашилбал аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрийн сонгуульт ажилтнууд намын гишүүний татвараасаа гадна сарын 10 мянга, 20 мянга, 50 мянган төгрөгийн хураамж төлдөг тухайгаа олон нийтэд ил зарладаг болох аж.
Энэ бүхнийг “намын цэвэрлэгээ” гэж ойлгож болох ч “хэрэгт холбогдоогүй” байхдаа МАН-д элсэж, зүтгэж, албан тушаалд очоод, тэндээс төсөв шамшигдуулсан, цөлмөсөн, хууль бусаар газар эзэмшсэн, хүчирхийлэл үйлдсэн зарим хүн хариуцлага хүлээх нэрийдлээр намаас хөөгдөөд шүүх, хууль хяналтын байгууллагаар хариуцлага хүлээх үү, хахуулдаад явах уу гэдэг нь МАН-д хамаагүй гэж “мушгиж ойлгож болохоор” харагдана. Уг нь эрх барьж буй намын бодлого гэдэг нь тухайн намаа бус нийгмээ цэвэрлэхэд чиглэвэл зохино. Жишээ нь МАН хүний эрхийг зөрчсөн Монгол Улсын 316 хуулийн 800 заалтыг “баривчилсан”, эдгээрийг засч залруулахын төлөө ажиллана гэдэг нь зөв хэдий ч “Хуулийн дээр МАН байх уу” гэдэг асуултыг дагуулсан шүү. Гэвч ахицыг ахиц гэж харах, үнэлэхийг хичээе.
“Мэргэшсэн намчид” бэлтгэж төрд “хадах” нь зөв үү?
Генсек Д.Амарбаясгалангийн ярианаас үнэлэхгүй байх аргагүй үнэт зүйл бас харагдсаан. Тэр нь гайхалтай “мэдэгдлийг” дагуулсан. Юу гэвэл “Улс төрийн намыг мэргэжлийн байх ёстой” гэж байна. Одоо бидний “намчин”, “цүнхчин” гэж шоолоод байгаа залуус ичих хэрэггүй, “мэргэшсэн намчид” болох нь байна шүү. Энэ нь чухал ач холбогдолтой гэнэ. Түүний хэлснээр хүргэе: Яагаад гэвэл олон намын тогтолцоотой парламентын засаглалыг бэхжүүлэх нь бидний хүсээд байгаа ардчилсан нийгмийн гол үндэс гэж үздэг. Тиймээс ардчиллаа бэхжүүлэх, парламентын ардчилсан тогтолцоогоо хадгалах гэдэг нь улс төрийн намуудын хамгийн чухал үүрэг гэж боддог. Ерээд оноос хойшхи улс төрийн намууд үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвшил нь хангалттай хэмжээнд хүрч чадаагүй, сонгуулиас сонгуулийн хооронд буюу урт хугацааны төлөвлөлтгүй явж ирсэн. Тиймээс аз нь таарч яллаа гэхэд засгийн эрх барьж, бодлогоо сонгогчдод ойлгуулж чадахгүйгээр дараагийн сонгуульд амжилтгүй оролцож ялагддаг. Энэ нь улс төрийн намуудыг хариуцлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй болгож төлөвшүүлж байна. Үүнийг мэргэжлийн болгохын тулд тогтвортой ажиллах шаардлага бий болж байгаа юм. Тиймээс сонгогчдод амласнаа биелүүлж чаддаг, парламентын ардчилсан тогтолцоог бэхжүүлэхийн төлөө хариуцлагатай байж чаддаг мэргэжлийн улс төрийн байгууллага байх нь барууны хөгжилтэй орнуудын жишгээр хөгжиж төлөвших боломж гэж харсан” гэлээ.
Магадлал өндөртэй гаргалгаа мөн. Гэхдээ сонгуульд МАН ялагдчихвал тэдний “мэргэшсэн намчид”-ыг яах вэ? Төрд хадгалах уу? Дараагийн нам руу “нүүлгэх” үү?
Д.Амарбаясгалан МАН-д сонгуулийн ялалтуудыг намын тодорхой үзэл баримтлалтай авчирсныг үнэлэх ёстой
Тэр их судалгаа тооцоон дээр ажилладаг болжээ. Сайн хэрэг. Маш сайн. Гэхдээ үнэн бол! Яах аргагүй тэр “Би шүүмжлэлд дуртай. Бид нүд нь нээлттэй чих нь онгорхой ажиллахыг хичээж байгаа учраас амжилт гарч байна” гэж хэлсэн боловч нэг хүний гэхээсээ нам гэх тэр том бүтэц тэгж хандаж чадах эсэхэд нь эргэлзээд байгаа юм. Шүүмжлэлийг хүлээж авч чадахгүй л “цагдаа хөдөлгөөд” байгааг олон нийт харж байна. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг үнэлэх бас нэг шалтгаан нь түүнийг энэ албан тушаалд байх цаг үед Монгол Ардын Нам чухам ямар чиг баримжаатай, үзэл баримтлалтай нам бэ гэдгээ тодорхой зарлалаа. Түүнээс доошхи шатны албан тушаалтнууддаа сайн ойлгуулаасай. Намынх нь 30 дугаар Их хурлаас хойш “Социал демократ” гэгч “шинэ үг”-ийн утга учрыг судалж эхэлж яваа дарга нар цөөнгүй шүү.
Өөрийнх нь тайлбарласнаар, “МАН Социал демократ үзэлтэй нам гэдгээ тунхаглалаа. Социал демократ үзэл баримтлал гэдэг нь Хүн төвтэй хөгжлийн бодлого гэж байгаа юм. Хүн төрөхдөө л эрх үүрэг хариуцлагатай мэндэлдэг. Энэ бүгдийг агуулсан, хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа Социал демократ үзэл санаанд илүү тусгагддаг. Нөгөөтэйгүүр монголчуудын зан заншил, ёс суртахуун зэрэг олон зүйл дээр нийтийн хамтач үзэл байдаг учраас их зохицно” гэлээ. Түүний хэлсэнчлэн “Ерэн оноос хойш энэ нам өөрийн үзэл баримтлалаа олж төлөвших хүртлээ яг ямар үзэлтэй улс төрийн хүчин байхаа хэдэнтээ эрэлхийлсэн байдаг. Хэт Зүүний үзлээс Зүүн төвийн үзэл баримтлал руу шилжиж буй оронд аль нь олон нийтийн дэмжлэгийг илүүтэй авдаг вэ гэдгийг судалсан байдаг. Энэ хугацаанд МАХН гэдэг хэт зүүний үзлээсЗүүн төвийн үзэл буюу социал демократ руу, төвч үзэл буюу Нагаржунайн онол, Зүүн төвөөс арай зүүний буюу ардчилсан социалист гэх мэтээр ярилцсан байдаг. Тухайлбал, 1997 онд гаднаа Ардчилсан социалист үзэл баримтлалыг өөрийн үзэл баримтлал дотроо болгож социал демократ үзлийг хаалтан дотор авч явж байсан. Дараа нь Соц Интерний гишүүн болсон, улмаар МАН нэрээ өөрчилж үзэл баримтлалдаа тодотгол хийх санаачилгууд гарч эхэлсэн. Ингээд социал демократыг монгол хэлнээ хөрвүүлж нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сонгож авах сонголтыг хийсэн байдаг. Тэр үед олон нийтэд социал демократ гэдэг нь яг зөв шууд ойлгогдох уу гэдэг дээр эргэлзэж нийгмийн ардчилсан гэдэг үгийг сонгож байсан” хэмээн тэр дурсав.
“Үзэл санаагаа тодорхой болгож зарлах, түүн дээр нэгдэж, тэр үзэл баримтлалдаа суурилсан хөтөлбөр дэвшүүлж чаддаг, энэ хөтөлбөртөө үнэнчээр төрийн шийдвэрээ гаргаж чаддаг нийгэм бидний хүсдэг соёлт нийгэм юм. Үүнийг нь ойлгосон хэрэгтэй гэж боддог сонгогчид иргэд байх ёстой. Тэгэхээр л мэргэжлийн улс төрийн байгууллага байх шаардлагатай болж байгаа юм. Эндээс нэг талаар олон олон сонгуульд ялалт байгуулах тулгуур бодлогоо олчихлоо гэсэн санаа цухалзаж, “дарангуйллын фантаз” үнэртсэнийг нуух юун. Гэхдээ бодууштай.
Яагаад гэвэл АН л гэхэд өнгөрсөн сонгуулиудаар мөрийн хөтөлбөр нь л гэхэд гишүүд, дэмжигчид, сонгогчдын урмыг хугалсан “хачин юм” гарсан, ухуулагчид нь ч итгэл үнэмшилгүй, үгчлэн тогтоож ядаж байсан нь үнэн шүү дээ.
Шинэ сэргэлтийн бодлогуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ерөнхийлөн ярилаа. Учир нь Намын Их хурлаар шийдвэрлэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэгч нь Ерөнхий сайд, МАН-ын дарга. Гэхдээ МАН ч, МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч ч дэмжиж ажиллаж буй нь ойлгогдсон. “Олон жил яриад хийж чадаагүй прогрессив такс буюу тэгш татварын тогтолцоо, олж байгаа орлогынхоо хэмжээнээс шалтгаал шатлалтайгаар татвар төлдөг болох бодлогыг МАН өөрийн үндсэн хөтөлбөр болгож оруулж ирлээ. Бид үүнийг хэрэгжүүлнэ” гэж амлалаа.
Ийнхүү Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн яриаг яагаад олон нийт шимтэн үзэв. Монгол төрийн эрх барьж буй намын удирдлага учраас тэр шүү дээ. Тэр том амлалаа. Хамгийн гол нь амалсан зүйлст нь ард иргэд итгэж дэмжиж байгаагаа тэр өөрөө айх учиртай. Энэ бол маш том хариуцлага, хүнд ачаа. Гэхдээ тэр бол улстөрч. Тиймээс худлаа ярьж ч болно. Үнэмшилтэйгээр худлаа ярьж байвал сонсоно. Ярьснаа ажил хэрэг болговол үнэлнэ. Өөрөөр хэлбэл,Д.Амарбаясгаланг сонсдог цаг иржээ, одоо үнэлдэг цагийг авчрахын тулд тэр улам сайн ажиллах, хэлсэн үг бүртээ эзэн болох ёстой.
У.Оргилмаа /baabar.mn/
Discussion about this post