Б.ДОГМИДЫН ТҮРҮҮГ ЦУЦАЛЖ, Б.ОЙДОВЫН ӨГҮҮЛЛЭГ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ
Хувьсгалын 100 жилийн ойд зориулсан уран зохиолын уралдааны өгүүллэгийн төрөлд Б.Догмидын “Дайны жилийн хүүхнүүд” бүтээл түрүүлсэн. Энэ өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсан, хуучин өгүүллэг юмсанж. Уралдааны болзолд уралдаанд ирүүлэх бүтээл нийтийн хүртээл болоогүй байхыг онцлосон бий.
Шүүгчийн зөвлөл Догмидын өгүүллэг өмнө нь хэвлэгдэж байсныг мэдээгүй юү, мэдэн будилсан уу, ямар ч л байсан түрүүлгэжээ. Шалгаруулалтын дүн гарах үед ч зохиолч нөхөд хуучин өгүүллэг гэж анхааруулсаар байхад шалгаруулах зөвлөл нь чимээгүйрхээд, нам дараад өнгөрсөн аж.
Саяхан, допингдсон бөхийн түрүүг цуцалж, даваагаа алдсан бөхчүүд цолоо нэхэн авцгаалаа. Зохиолч Догмид яах аргагүй допингджээ. Түрүүгий нь цуцлах л ёстой.
Тэгвэл, уг уралдаанд үзүүрлэсэн зохиолч Б.Ойдовын “Ялгуун саарал” өгүүллэг түрүү хүртэх ёстой болно, шударга ёс гэж байдаг л бол… гэсэн юм. Тэгвэл хариуг нь Ардын уран зохиолч Балжирын Догмид ширүүхэн барьж
“Чимэгбаатар-аа! Чи сэрж, ядаж сэрүүнээрээ битгий зүүдэл. Миний бичсэн “цөөн” хэдэн өгүүллэг, туужийг өргөн олон уншигчид нэр зүсээр нь, им тамгаар нь мэддэг юмаа. Миний бие ардын хувьсгалын 100 жилийн ойн уралдаанд хуучин өгүүллэгээ сойж, аймгийнхаа наадамд дал мөр нь гандсан хуучин тэрлэгээрээ гоёж нэрээ хөөдөх дээрээ тулсан ядарсан амьтан биш ээ. Чи энэ мэт хэн бүхний мэдэх энгийн зүйлийг ялгаж салгахгүйгээр яаж утга зохиолын “доктор” болсон чинь сонин байна. Надад итгэдэггүй юмаа гэхэд уралдааны шүүгчид, эрдэмтэн мэргэдэд итгэж чадсангүй юу. Тэд миний бүтээлийг чамаас илүү мэднэ. Хэрвээ уралдаанд миний явуулсан “Дайны жилийн хүүхнүүд” өгүүллэг урьд өмнө нь ямар нэг ном сонинд хэвлэгдэж олны хүртээл болсон бол чи онтой, сартай нь олоод ир. Би чамд уралдааны шагналыг нь бүрэн бүтнээр нь өгье. Чиний шалдан онол номносон докторын диссертаци хэнд ч хэрэггүй болоод архивт амьсгал хураагаад хэвтэж байхад миний хэдэн “халтар” өгүүллэг ард олны дунд амьд сэрүүн алхаж явж юуны магад аа. Замын хүний үгээр унаа хийж давхисан хүн эзэнгүй хээр газар явгардаг юм шүү. Эмээл, хазаарынхаа бүтэн дээр надаас уучлалт гуйхгүй бол гүжирдэж, гүтгүүлснийхээ хариуд би шүүхээр нэр төрөө сэргээлгэх байх шүү!” гэлээ.
Discussion about this post