Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа.
Өргөмжит консул Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг хүлээлгэн өгөв.
Эдгээр хуулбарыг хийхэд дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, хуулбарууд “Чингис хаан” музейн гол үзмэрийн нэг болно гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Соёлын өв, эд зүйлсийн хуулбарыг хүлээлгэн өгөхөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Монгол Улсын Соёлын элч Я.Мики нар байлцав.
Discussion about this post