“Netflix” компанийн шуугиан тарьсан бүтээл болох “Squid Game” цувралд туслах дүрийг бүтээснээр хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, хэдхэн хоногийн дотор алдаршсан Өмнөд Солонгосын загвар өмсөгч, жүжигчин Жон Ху Ён дэлхийн хэмжээний од болголоо. Түүнийг инстаграмд 22 сая гаруй хүн дагаж байгаа нь Өмнөд Солонгосын жүжигчид дотроо түрүүнд орох үзүүлэлт. Нэг сарын дотор 400 мянган дагагчтай байснаас 22 сая дагагчтай болжээ.
Жон Ху Ён 1994 оны зургадугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төржээ. Ах дүү гурвуулаа. Дондуг охидын их сургуулийг төгсөж, мэргэжлийн модель болсон. Анх 2010 онд загвар өмсөгч болж, хоёр жил дараалан Сөүлийн загварын долоо хоногийн шоунуудад оролцож, ажил, амжилтын гараагаа эхлүүлжээ. Харин 2013 онд Өмнөд Солонгосын “Next Top Model” нэвтрүүлгийн дөрөв дэх цувралд оролцож, шилдэг оролцогч болсон байна.
2016 он, Жон Ху Ёны 20 нас их түүхтэй. Ху Ён 2016 он буюу 20 наснаасаа хойш “Дурсамж 1988” цувралын од жүжигчин И Дун Хитэй үерхэж буй. Мөн 20 насандаа эх орноо орхин, олон улсын загварын тавцанд гарахаар одсон байдаг. Нью-Йорк хотын загварын долоо хоногийн нээлтэд түүний гялалзсан улаан үстэй тайзан дээр гарч ирснийг олон хүн марталгүй санадаг билээ. Ху Ён тэр үед “Louis Vuitton” брэндийн модель болоод удаагүй байсан бол одоо тус брэндийн дэлхийн элч болжээ.
Харин 2020 онд “Saram” энтертайменттай гэрээ байгуулж, жүжигчний замналаа эхлүүлсэн юм. Энэ онд дэлгэцийн бүтээл болон гарч, олон улсын анхаарлыг татсан “Squid Game” кинонд Умард Солонгосын дүрвэгч Кан Сэ Бёгийн дүрийг амилуулж, кино шүүмжлэгчдээс өндөр оноо авсан юм.
2016 оны есдүгээр сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн нээлтийн ёслолд оролцсоноор анх олон улсад танигдаж эхэлсэн юм. Тухайн ондоо Александер Ванг агентлагт ажиллахаар тохиролцсон ч гэрээ байгуулахаас өмнө шийдвэрээ өөрчилжээ. Удалгүй “Марк Жейкобс”, “Alberta Ferretti”, “Max Mara”, “Fendi” брэндүүдийн шоунд оролцож, “Harper’s Bazaar”, “Love”, “W” сэтгүүлүүдийн нүүрэнд гарч олны анхаарлын төвд оржээ.
Парисын загварын долоо хоногийн нээлтэд алхахдаа “Louis Vuitton” брэндийн нүүр царай болсон байлаа. Улмаар загварын “Models.com” сайт Ху Ёныг шилдэг 50 шинэ загвар өмсөгчдийн жагсаалтад багтааж байв.
2020 оны нэгдүгээр сард “Saram” энтертайнменттай гэрээ байгуулж албан ёсоор жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Ийнхүү Ху Ён “Squid Game” киноны туслах дүрд тоглосон нь жүжигчний хувьд хийсэн анхны бөгөөд том алхам.. Ху Ён дүрдээ орохын тулд жинхэнэ дүрвэгч нартай уулзаж, дүрвэгч нарын тухай олон баримтат кино үзэж, бие хамгаалах урлагаар хичээллэсэн гэдэг. Мөн дүрийнхээ ганцаардлыг илэрхийлэх талыг онцгойлон бэлджээ.
Тэрбээр инстаграм сүлжээнд тэсрэлт хийж, 22 сая дагагчтай болсноор Өмнөд Солонгосын хамгийн их дагагчтай эмэгтэй жүжигчин болсон байна. Түүний инстаграм хаягийг Дрю Бэрримор, Фаррелль Уиллиамс, Зендаяа,”The Weeknd” зэрэг гадаадын алдартнууд дагаж эхэлсэн гэнэ.
Discussion about this post