Тэр бол хүсэл мөрөөдлийнхөө төлөө 10 настайдаа үүргэвчээ үүрээд, боксын бээлийгээ сугавчлаад Спортын төв ордонд очсон, өөрийнх нь хэлснээр “том болоогүй хүү”. Өнөөдөр түүнийг буруутгасан, гүтгэсэн олон мэдээлэл ар араасаа хөврөх байх. Гэсэн ч би ямар ч тохиолдолд Э.Цэндбаатарыг дэмжинэ. Учир нь тэр Монголын боксын холбоо, Олимпийн холбоонд нүүрлэсэн хөрөнгө мөнгө, байшин сав, эрх мэдлийн ялзралыг өөрөө ч сайн ухаарахгүйгээр гарган тавьж, гараа зангидаж байгаад сөрж зогссон. Олон улсын олимпийн хорооноос орж ирдэг асар их мөнгө, дээр нь улсаас санхүүжүүлдэг тэрбумаар хэмжигдэх төсөв, нэмээд хэдэн давхар байшин, газрын наймаагаа авч үлдэхийн тулд энэ хүмүүс Э.Цэндбаатарыг хэн ч биш болгох гэж хийрхэн үзэлцэнэ, хэн ч биш болтол нь дарамтална, ухсан нүхэнд унагаана, ухаан муутай болгож харагдуулна, ундаа хоолонд нь юм холино. Айлган сүрдүүлнэ, амь насаар нь барьцаална. Ер нь бол хүч тэнцвэргүй тэмцэл аль эрт эхэлсэн. Энэ бүхний цаана асар их мөнгө хөрөнгө яригдаж байгаа тохиолдолд Цэндбаатарын амь нас ямар ч тохиолдолд эрсдэлд орчихоод байгаа нь л цорын ганц үнэн юм. Б.Бат-Эрдэнэ аваргыг УИХ-д нэр дэвшүүлж байхдаа л МАН бөхчүүд, спортынхноор дамжуулан улс төр хийж эхэлсэн. Ж.Мөнхбатад “Болор цом” өгүүлж байхдаа л утга зохиол урлагийнхныг гавъяа шагналаар нь гардан барьцаалсан. Их спортоос улс төр Нямбаатартайгаа хамт, бусад холбоо, хороо тэргүүлдэг гишүүн сэтэртэй хүмүүстэйгээ хамт зайлсан тохиолдолд хүчний тэнцвэр, хүний төлөөх эрүүл хандлага алгуур сэргэх боломж бүрдэнэ. Спортод өөрийн замнал бий, өөрийн дүрэм, араншин, хандлага, мөн чанар бий. Тэр эрхэм бүхнийх нь дээр улс төрийн аль нэг нам хүчин зайдлаад эхлэхээр тамирчид хэлмэгдээд, арчигдаад эхэлж байгаа юм. Арван настай спортын замналаа эхэлсэн, Улсын аваргын найман удаагийн аварга, Рио, Токиогийн олимпийн 4,5 дугаар байрын шагналт Э.Цэндбаатар өнөөдөр нөгөө л хүүхэд үеийнхтэйгээ адил ширэн бээлийгээ тэврээд, ширээ сахигсдын арга эвийг олох гээд гүйж явна. Түүнд өөр өмч хөрөнгө үгүй. Гэтэл холбоодоор холбогдож, их спортоор ижилдэн хөрөнгөжсөн бүхэл бүтэн мафи түүнд цалинг нь ч олгохоосоо харамлаж нарийлаад, хахаж үхэхээс наагуур хаадалзаж байна. У.Мөнх-Эрдэнээс эхлээд сайн тамирчид эх орондоо бэлтгэл хийхээс зайлсхийж, энд ирж эл эрхмүүдийн өмнө бөхийхөөс болгоомжлон тив дэлхийгээр орох оронгүй хүн шиг тэнэг явдгийн цаана асар их учир шалтгаан байгаа шүү. Хэрэв Цэндбаатар амжилттай бөгөөд дуулгавартай явбал МАН нүүрээ болгож, нүглээ арчуулан ардаа зогсоож, ардын сэтгэлийг татахдаа ашиглана. Амжил гаргахгүй тохиолдолд, эсвэл хэт дуулгаваргүй байвал зүгээр л золиослоод хаяна. Ийм л тавиланг авъяаслаг тамирчид маань үүрч явдаг, үүдэн хойморт бүдэрдэг болсон байна. Цэндбаатарын эхлүүлсэн тэмцэл, дугтарсан үнэний мөн чанар үүнд л байгаа юм. Тиймээс МАН энэ олон спортын хороо, холбоод, Үндэсний олимпийн хороонд байршуулсан улс төрийн угшилтай, улс төрийн үүрэг даалгавартай Нямбаатар, Баттүшиг нарын тавиулуудаа эргүүлэн татмаар байна. Их спорт дээр зайдалсан МАН энэ салбарыг самрахаа больсон цагт эрүүл хандлага цухалзана. Улстөрчдийн цүнх барьж, цүнхээлд шумбаж, бөгс долоож, бөөр дулаан явдаг үеэ өнгөрөөсөн тамирчид ч үүрээ чөлөөлөөд үнэнээ үүрээд явмаар байна. Монголын спортын хороо, холбоодод мэргэжлийн менежэрүүд хэрэгтэй цаг иржээ. Энэ өөрчлөлтийг эхлүүлэхгүй бол Цэндбаатар шиг олон сайн тамирчин маань хэлмэгдсэн, цаашдаа ч хэн ч биш болоод дуусна. Ийм л хүч тэнцвэргүй, хөрөнгө мөнгө хөндсөн, олон жилийн турш овоолсон хогноос нь үмхий ханх тавьсан том тэмцэлд энэ “том болоогүй хүү” тонгорч унахад бэлэн явна. Тамирчны сэтгэлзүйн бэлтгэл нь ч тамирдаад унахад ойрхон байна. Өнөөдөр эмнэлэгт хүргэгдсэн мэдээ байна, маргааш яахыг хэн мэднэ?
Discussion about this post