Хариуцлага бага, хэрэглээ өндөр хүмүүс
Сонгуулийн амлалт биелэх нь ховор гэдгийг мэддэг хэрнээ төрөөс халамж, тусламжийг хүлээж суудаг буюу зорьсноо эхэлж чаддаггүй, үргэлж авах сонирхолтой аминч хүмүүс. Хаана шинэ юм гарна бүхнийг л хэрэглэнэ. Байгаа зүйлээ үнэлж чаддаггүй, бүх зүйл чамлалттай санагдаж, ганцхан надад л байхгүй гэх хандлагатай буюу хэзээ ч аз жаргалдаа ханадаггүй учраас түүндээ бухимдаж стрессддэг хэсэг. Тиймээс маш олон зүйлээс аз жаргалаа хайдаг. Жишээ нь цахим орчны баримжаалахын аргагүй мэдээлэлд өөрийн үзэл бодлоо алдаад сэтгэл гутралын байдалд шилждэг. Орой бүр зурагтын өмнө зовсон Солонгос хүүхнийг өрөвдөж уйлна. Гэхдээ тэд инээх дуртай. Хошин шог үзэж алжаалаа тайлна. Тэр инээд нь нийгмийг шоолсон инээд үү, өөрийгөө шоолсон инээд үү бүү мэд! Ямартаа ч аз жаргалыг л хүсэмжилсээр…
Хариуцлага их, хэрэглээ бага хүмүүс
Энэ төрлийн хүмүүс өөрөөсөө аз жаргалаа хайдаг, хэрэглээгээ зохицуулж чаддаг. Ёс суртахуунтай, хариуцлагатай, бүтээлч чанарынхаа үр шимээр тэд хамгийн аз жаргалтай байдаг. Байгаль орчин, хүрээлэн байгаа эд зүйлсийг хайрладаг, ихийг хүсдэггүй хүмүүс. Нэг үгээр “авсаархан” хэрэглээтэй. Тэд ихэвчлэн аз жаргалаа хэн нэгнээс хайх бус өөрсдөө бүтээсэн байдаг
Дууриамал аз жаргал
Дээрх хоёр хандлагыг хослуулсан дууриамал аз жаргал манайд ихээхэн дэлгэрэх болсон байна. Улаанбаатар хотод 330 000 өрхийн 1,7 сая гаруй хүн амьдардаг. Хотын нэг үзэгч өдөрт дунджаар 288 минутыг телевиз үзэхэд зарцуулдаг. Нэг өдөрт 4-5 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг. 14 хоногт 1-2 удаа уушийн газар орж эрх чөлөөг “хязгааргүй” мэдрэх амьдралын хэмнэлтэй. Дунджаар хоёр сард нэг удаа кино театрт зочлон бодит нөхцөлд буудаггүй хэтрүүлэл ихтэй амьдралыг үзэж таашаана. Үзсэн, сонссон зүйлээ дууриах гэж хичээнэ. Мэндлэх ч завгүй. Энэхүү дууриамал хэв маяг хотын соёл гэж тодорхойлогдох болсон. Орон нутгаас хүмүүс үүнд л татагдаж, өөрчлөлтийг хүсэн Улаанбаатар руу цувах их нүүдлийг үргэлжлүүлсээр. Хотын хүмүүс өнгөн дээрээ “гоё” харагддаг болохоор аз жаргалтай гэж боддог. Тэдний бий болгосон “хэрэглээ өндөртэй дууриамал аз жаргалыг” хүснэ. Гэвч хариуцлагагүй, ёс суртахууны хүмүүжил тогтоогүй, өөрийн дархлаагүй хүмүүс дууриамал аз жаргалын эрчинд маш хурдан орж олон ч удаа хөл алдаж, зарим нь өндийх ч тэнхэлгүй болтлоо живэх нь олонтаа.
Д.Болорцэцэг
Discussion about this post