Агданбуугийн Амар (1886 – 1941 оны 7 сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол Улсын ерөнхий сайд, 1934 оны 7 сарын 2-ноос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оноос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, ЗХУ-д хүргэгдэж 1941 онд Москва хотод цаазаар авахуулжээ.
А.Амарыг ЗХУ-д хүргүүлэн, Сталины шадар этгээдүүдээр хэргийг нь шалгуулж байгаад 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр “хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн” хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын “Коммунарка” хэмээх хороох газар цаазаар аваачжээ.
Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн “Монгол Улсын товч түүх” ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгд тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм.
Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй БНМАУ-ын Ерөнхий сайд, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга А.Амарын хэрэглэж байсан зарим эд зүйлсээс танилцуулж байна.
Discussion about this post