“Өлгөц” Г.Золжаргал СГЗ.
Бид хэн бэ. Бид Чингисийн үр удам. Хэдүүлээ вэ. Гурван саяулаа. Улсын нэр Монгол. Хаачиж яваа юм. Хөгжил цэцэглэлт рүү… Яах гэж .Жаргаж цэнгэх гэж. Яаж Жаргахын. Яахав дээ. унгас алдатлаа ууж,, хэхэртлээ чихэж, хэтэртлээ тасрах гэж. Энэ тэгээд жаргал уу. Тийн юу гэж Хн……Чамд ямар хамаа байна. , Сда зайлаач, Архи байгаа юм уу…
Хүн болгон хөл дүүжлэх унаатай болжээ. Наадам өнгөрөв үү үгүй юу айл болгон аянд гарах ойр зуур хамаг юм аа чихэж аваад л нуур цөөрөм, гол горхитой газар луу хөвөрцгөөлөө. Эх орон нь уудам. Дэлгэр зун нь өгөөмөр. Хотын захын товчооны дэргэдэх супермаркетийг хоослоод л гарцгаалаа. Алтан шар зам минь өлзийтэй ээ. Шар хөвийн дөрөлжөөс цаашхи хэдэн овоонд хормойн чулуу, архины шил, чихрийн цаас өргөж өгөөд л замд гарлаа. Яндаж болошгүй далай шиг яасан сайхан нутаг вэ.
Тээр жил бараг арван дөрвөн жилийн өмнө Архангай аймагт очсоноо эхлээд нэг дурсъя. Тэгвэл юу хэлэх гэж байгааг минь та төвөггүй ойлгоно. Тэвчээд уншвал би баярлана аа. Та бидэнд хамаатай л яриа.
Гадаадын эмч нартай явсан хэрэг. Хангай газар эрт сэрүү унадаг. Есдүгээр сарын дундуур алсын уулын толгой цайрч байсан. Шөнө хүйтэн хонож байлаа. Бид аймгийн төвөөс хойш Булган уулын зүүн ард байх нэг жуулчны баазад очсон. Ажлаа эрт дууссан учир хоёр хоногийн “запаас” гарч амрахаар шийдсэн. Багахан хугацаанд их ажил амжуулж өглөө нарнаас үдшийн бүрий тасартал хөдөлж суусаар ажилласан тул үнэндээ ядарч байв. ганц хоногч болов амралт нойр хэрэгтэй.
Жуулчны баазын нэг гэрт тухтай орлоо. Зуны бүрээстэй учир нимгэн юм, нар сар арай гэрэлтээгүй ээ. Гэхдээ үйлчлэгч орой ирж гал түлж өгөөд явахад төмөр зуух дорхиноо халав. Гадны хүнд энэ сонин. Орчин амар тайван. Аяны зузаан хөнжилдөө ороод унтахад харин ч сайхан амaрмаар. Хоол унд цай цүүгээ уугаад жаахан ярьж суугаад хажуулдахаар хэвтэцгээв. Арван цагийн үед цас хаялж эхлэв. Яахав намар хангай нутагт эрт ирсэн. Хүйтэн хонох нь ээ. Түлээ базааж оруулав.Одоо айлтгүй. Гэтэл машины дуу гарч ойр ойртсоор жуулчны баазын хүрээ давж орж ирж буй бололтой. Амьтан шуугилдаад явчихав. Эмэгтэй хүмүүсийн тас тас инээлдэх харчуудын бие биенээ нэрээр нь дуудах нь тод сонсогдоно. Хажуугийн гэрүүдэд буужээ. Их л олон хүн бололтой. Тэр шөнө Дэвид бид хоёр цурам ч хийсэнгүй. Аймгийн төвөөс ирсэн өдрийн амрагчдын найр цэнгэл эхэлж өглөө нар мандахад өндөрлөлөө. Монгол ардын урт богинын дуу эхэлж , орчин үеийн харилцаа нийтийн дуу, янаг амрагийн холбоо дуу, шүлэг сүүлдээ ерөөл хараал уйлан майлаан хэрүүл маргаан үргэлжилсээр эцэст нь ганцаар тунаж үлдсэн нэг “аваргын” тодорхойгүй дуу сонсож нартай золгов. Тэд сайхан наргиж амарсан байлгүй. Өглөөний цайны үеэр хоёр гэрт урт богиноор хурхиралдах хүчтэй дуу ойр хавийн ойн модны амьтан үргээж үргэлжилсэн. Дэвидийг тийм уруу дорой үлгэн салган байхыг би ер хараагүй. Аргагүй шөнө унтаагүй юм чинь. Түүнээс хойш арван дөрвөн жил өнгөрчээ. Олон ч удаа хөдөө явлаа. Зуны гэр “кээмп” буюу амралтын газар аргагүй хоноглоход хажуу гэрт ямар “амьтас “ирээ бол гэж хулчийн танддаг болсон. Яаая, Шөнөжин орилолдох амрагчид хажуугийн гэрт хоног таарвал амьдаараа тарчлуулж ёсөн эрүү шүүлтээс ч долоон дор тамын зовлон үзнэ. Ингэж зовж байхаар адилхан уугаад тасарчих ч бил үү гэсэн бодол ч орж ирдэг олон шөнө өнгөрүүлсэн.
Бид яаж амардаг бэ. Халх монголын зүлэг ногоон дэвсэгтэй уул ус, ургамал цэцэг, нуур цөөрөм, гол горхи бараадсан байгаль хангайд борооны дараахи мөөг шиг олон кээмп, гэр байшин хосолсон амралтын газрууд хэдэн зуугаараа бөмбийцгөөх болжээ.
Дулаан болж цэцэг ногоо дэлгэрмэгц гуяа алгадан амралт гэж хүй олноороо “катерина” хар шуурга шиг довтолгох амрагчид Монголын хөх тэнгэрийн дор тэнхээ мэдэн орилолдож зуны сарыг зугаатай өнгөрүүлэх боллоо.
Сая Хөвсгөлд зам зуур ажлын чөлөө гаргаж хоёр хонов. Хөлтэй болгон хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрсэн Хөвсгөл далай-ээж аянчин гийчин амрагч түмний түмэн хөлд дарагджээ. Номхон тулдаа тэснэ. Хотод хүн үлдсэн юм болов уу.
Өнөөх гэр кээмпүүд ирийжээ. Одоо машин тэрэг нь хүнээсээ олон. Далайн эрэг хөвөөлсөн шороон замын тоос тэнгэр багандана. Сахарын цөлд Америкийн хүнд механикжсан бригадын машин тэрэгний аяны тоос дэгдээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Дайн санагдуулна.
Тун аятайхан газар очиж амрах төлөвтэй тухалж буув. Далай тэртээд хязгааргүй цэлийхэд бодол санаа цэгцэрч, сэтгэл уужран ухаан санаа цэлмэнэ. Монголын минь сувд эрдэнэ болсон энэ нуур, байгаль хангай юутай гайхалтай, юутай үзэсгэлэнтэй.
Шөнө боллоо. Хажуугийн гэрүүдэд хэсэг амрагчид буув. Амрагчдын найр эргэлт буцалтгүй эхэллээ. Гурван хундаганаас хойш ямарч найр “тоормосгүй машин” болно. Бид дайны голомт дунд орсноо сая ойлголоо. Мэддэг тарниа уншив, Нэмэргүй. Уртын дуугаар эхэлж удалгүй чанга чанга хөхрөлдөх инээд түрлээ. Төд удалгүй нийтийн дууны давалгаа түрэв. Далай хөхөн баяссан уу яасан бүү мэд. Тэр хавийн кээмп бүрээс түгэх олон янзын дуу хуурт умбаж шөнийн тэнгэрт чив чимээгүй гэрэлтсэн сар хүртэл халамцсан санагдана. Яаж унтах бэ. Тэд мөнгөө төлсөн наргиж байна. Бид ч мөнгөө төлсөн амрах эрхтэй.
Шөнө дундаас хойш хөг аялгуу алдагдав. Дуу нь цөөрч яриа нь ихэдлээ.
Шөнө агаар чийгтэй болоход ямарч чимээ улам тодордог аж.
Авгай хүүхнүүд нь гадаалжээ. Бараг гэрийн хажууд ирж. Бүсгүй хүний шочигнотол шээх сонсдоно. Яасан ч их багтаамжтай давсаг вэ. Бидний шээс хүрч эхлэв. Хэд хэдээрээ шээж эхэллээ. Үер буух нь уу. Тэгтэл шилтэй архи хундагалж тойруулав бололтой. Ерөөл хөвөрч хундага нэхэгдэнэ. Дуу нь улам чангарч инээд адтай жингэнэнэ. Хагас цагийн дараа ярианы агуулга огцом өөрчлөгдлөө. Хангайн нэг сайхан эрийг булаалдсан маргаан эхэлжээ. Тэр хүн нь эдний хамт олон дунд байдаг бололтой. Залуу хөгшин нийлсэн зургаа долоон хүүхэн, нэг хоёр авгай дуу дуу авалцан маргалдагч хоёрыг гааруулна. Хайр сэтгэлийн холбоо эртнээс эхэлсэн бөгөөд нэг нь дундуур нь хөндөлсчээ. Маргаан эхэлсэн шалтгаан тэр залуу гэдгийг төвөггүй ойлгов. Хүний яриа дундаас сонсох ямар олиг байх. Сонсохгүй гэж хичнээн дэр давхарлаж чихэндээ наагаад ч нэмэргүй. Учир нь биенээ давж гарах гэсэн хүүхнүүдийн дуу 20 децибеллеес хэдийн давжээ. Далай чихээ бөглөнө гэх биш, сонсож л байгаа. Яриа улам бүр ассаар сүүлдээ хүчтэй ноцов. Даргын нарийн руу асах нэгэн залуу бүсгүйн дуу гоцлоод ирэв.
-Чи хэн юм бэ. Битгий хуц.
-Хүүш ээ Чи одоо новширч байгаа юм уу, пээ,
-Уа,Чамайг мэдэхгүй биш..
-Яацын…
-Шанхай руу чамайг дагуулж явсныг мэдийш дээ.
-Солиор … Цаг гаруй хэрэлдэв. хэрүүлийн хүч суларсангүй. Тэгж байтал бас нэг хоёр хүүхний дунд гал ноцоод авав. Гарч боль гэж хэлмээр ч хулчийв. Хагас галзууд болсон энэ авгай хүүхнүүд бариад идчих байлгүй. Юун хот буцах. Тэгэж байтал эрчүүд нь гарч ирсэн бололтой, хүчирхэг бүдүүн, мөн жингэнэсэн нарийн дуу хоолой холилдон жинхэнэ бантан болов. Завхай үгс бөөн бөөнөөрөө агаарт хайр найргүй цацагдана. Шалиг инээд араас нь дэвжээ. Эрчүүд нь шил юмтай айхтар ноцолдож. Аргагүй муудаж байгаа учир ухаан самуурсан согтуу яриа ямарч логикгүй холбогдон бидэнд хүссэн хүсээгүй хүрч эхлэв.гэхдээ согтуу хүн сохор ухаантай.
-Жаа, чи сда хаачих гээд байгаан. Хүүхнүүдийн гэр тэр хойно ш дээ. Чи чадахийм уу Хаа ха ха… Тэр сда хуцаад байсан, тасарцан уу. Новш. Хөөш яахын бэ. ..Энд нэг юм байгаа….
Манай гэрийн ойрхон ирж суужээ. Согтоод уначихаасай.Тэгвэл унтах боломжтой. Унаж өгдөггүйн байна шүү. Үхэр мал биш дээ. Хэдэн литрээр цөлсөн ч муужирдаггүй нь монгол хүний биеийн гоц чанар. Тэдний утгагүй заваан яриаг сонсохгүй гээд ч нэмэр алга. Ашгүй цагийн дараа муудаж эхлэв. Архи өөрөө согтоно гэх биш. Нөгөө авгай хүүхнүүд бүр гаарлаа. Бие биедээ бууж өгнө гэж байдаггүй хорвоо болов. Хоёр хүүхэн ноцож монгол хэлний үгсийн сангийн хамгийн ёроолд байдаг хэвтдэг шавхрууны хэдэн үгийг шүлстэй холин нисгэцгээнэ. Яасан ч уран юм. Яасан ч цэцэн юм. Өглөө бушуу болоосой гэж хүсэвч нэмэргүй. Ашгүй хэрүүл өндөрлөж ээжийн тухай дуу эхэллээ. Ёоох. Дуу сонсох нь хамаагүй дээр. Ингэж үүр цайлгав. Одоо жаахан дугхийж нойр авч болох боловч, манарсан толгойн байдал дүлий хар, битүү чулуу болжээ. Нар шарж эхлэхэд хар хөлс цувж арайхийн босоцгоов. Хамаг хүч чадал барагдаж үнэнхүү суларчээ. Нойр гэдэг ямар агуу бас аймаар билээ. Алдвал амьдын там. Харин найрлагсад бүгд дуг нойрондоо дугжирч, өндөр нам, урт богино, хурхиралтаар байгаль хангайн нэг шинэ өрглөөг чимэн чимэн үргэлжилсэн бөлгөө. Амралтын менежэр эмэгтэй үнэхээр санаа нь зовж бидэн дээр ирсэн. Шөнө хоёр гурав очиж учирлаж хэлсэн ч согтуу амрагчид -Сда мөнгий чинь төлсөн битгий хуцаарай гээд хөөж гаргажээ. Хорин таван жил зүтгэж байгуулсан ардчилал өнгө хувирч анархизм болон шарилж шиг цэцэглэжээ.
Халх Монголын амгалан хөх тэнгэрийн дор нэгэн өглөө хэдэн зуун амралтын газар “кээмпүүдэд” шөнийн цэнгэлдээ жаргаж түүнээ хэтрүүлэн, сархаддаа муужирч тасарсан мянга мянган амрагч ган ширмэн тогоо хагартал хурхиралдаж байх шиг санагдав. Аялал жуулчлал хөгжиж байгаа царай энэ. Хүмүүс газар нутаг таньж, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт сайхнаар бахархаж, хавтай тухьай амрах нь та бидний мөрөөдөл хүсэл байсан. Одоо биелэлээ олов. Хичнээн сайхан. Хөгжлийн нэг урагшилсан алхам энэ мөн үү мөн. Гэтэл бидний архидан согтуурч, хөлчүүрхэн агсарлцах улам газар авчээ. Социализмын үед амралт нь иргэдээ амрааж эмчлэн сувилах, чийрэгжүүлэх тордож асрах ,зэрэг олон зорилготой байлаа. Эмч нар үзэж, сувилагчид асарч, айраг цагаагаар бөмбөгдөж тоглоом наадмаар цэнгүүлэн аялуулж, авируулж, уралдуулж спортын тэмцээнээр хөгжилдөж байжээ. Өнөөдрийн кээмпүүд мөнгө л авч байвал тэнд нь хүн зон амрна уу, агсаралдана уу, найрлана уу нанчилдана уу падгүй, хачин замбараагүй архидалтын цэг болсон. Эрчүүд уудаг. Одоо охид хүүхнүүд, найрлан зугаацаж сархадыг ус шиг залгилж байна. Архидан алжаал тайлах нь хэрээс хэтэрч Монгол хүн хагас галзууд сайн дураараа очuхдоо түмэн жаргалын дээд цэнгэлийн манлайд согтуу гуйвж зогсох болов. Энэ аз жаргал уу, хөгжил үү. Идэхийн ихээр биеэ зовоож, уухын ихээр тархи мэдрэлээ солиоруулаад бид хаашаа яваа юм бэ. Эцэг эхээс заясан элэг ходоод ганц. Эрднийн эрхтэнээ хордуулж зугаацан тоглоод эмгэгийг олж, үр хүүхдийнхээ нус нулимсыг баран баран хорвоог орхих нь тийм сайхан уу. Зуны зугаалга амралт нэртэй хавтгайрсан найр Монголыг бүрхсээр тэлсээр. Заяасан эх орндоо эрх дураараа цэнгэж нь бидний эрх ч, өнөө амаар орж араар гарах хүртэл боловсруулдаг эрхтнүүд нь ганц ганц шүү. Өндөр ухамсар, ёс суртахуун соёлыг орхье цаашаа. Хожимдлын мянган гэмшил авралын түмэн гуйлт нэмэргүй ээ. Иим л орчлонд бид эрүүл ирсэн. Өвдөж үхэж буцахаар болов.Сайхан уу…Та бүхэнд зугаалгын нойргүй хонох явдал хааяагүй тохиолдсон гэж бодно. Хэрэв огт тохиолдоогүй гэвэл сайн санаж над хэлээрэй. Ирэх зун нойртой хонож амрахын тулд тийш ээ чинь очье. Ээ дээ ойр ойрхон шивээлсэн гэр кээмпэд буувал уу, Их юм үзнэ шүү ард түмэн минь. Миний Монголын “жаргал” эндээс эхлэх бий. Юм тунгааж бодоцгооё. Ийм хөгжил гэж байх ёсгүй.
Discussion about this post