Доллараа өгсөн М.Билэгт, долларыг нь авсан Ж.Чинбүрэн хоёр ингэж ярьжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

Эрхэм гишүүн асан, “Ачлал”-ын М.Билэгт, эрхэм гишүүн болсон эмч Ж.Чинбүрэн,  нарын дунд нэлээд том зөрчил бий. Нэгэн цагт албан ёсоор хамтарч, мөнгө төгрөгийн өгөө аваа хийж явсан тэд ийн зөрчилдөх болсон нь юунаас улбаатай гэдэг тодорхойгүй.
Ямартай ч ээнийх нь зөв, эсвэл хэнийх нь буруу гэдгийг хуулийн байгуулага одоогоор тогтоогоогүй. Харин хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бие биеэ буруутгасан мэдэгдэл, ярилцлага явдаг.
Энэ удаад М.Билэгт, Ж.Чинбүрэн нарын өмнө өгч байсан тайлбар, мэдэгдлээс онцолж байна.
2020.8.31: УИХ-ын гишүүн М.Билэгтийн МУСГЗ, сэтгүүлч Г.Жамьянтай хийсэн ярилцлагадаа  “…Тухайн үед эмнэлгийн барилгын төсөлтэй минь холбогдуулан Ж.Чинбүрэн эмч манай компанид санал тавихад нь Олон улсын эрүүл мэндийн салбарт хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагууд Ж.Чинбүрэнг өндрөөр үнэлдэг, харилцан холбоотой ажилладаг учраас тэд хавдрын чиглэлд Монголын зах зээлийг сонирхвол Ж.Чинбүрэн эмчтэй холбогдох тул гадны орноос менежментийн баг татах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүн хэрэгтэй гэж үзэн итгэж 2014 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Ачлал трейд” ХХК-тай санамж бичиг байгуулсан юм.
… Ингээд Ж.Чинбүрэн эмч 2014.09.23-ны өдөр гаднаас менежментийн баг зуучлах нэрээр хамтран ажиллах сарын 10000 ам долларын гэрээ байгуулан 2014 оны 9-12 дугаар сар; 2015 оны 1-5 дугаар сар гээд бүтэн есөн сарын хугацаанд нийт 90,000 ам.доллар авсан бөгөөд үр дүн гарахгүй болохоор аргагүйн эрхэнд гэрээгээ цуцалъя гэж мэдэгдэл хүргүүлсэн байсан юм. Дараа нь 2018 онд Ж.Чинбүрэн захирал шинээр баригдаж байгаа эмнэлгийн барилгын дотоод заслыг гүйцэтгэх туслан гүйцэтгэгч компани санал болгосны дагуу “Нэкст натур” ХХК-тай 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр “Барилгын дотор заслын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г нийт 1,270,000,000 /нэг тэрбум хоёр зуун далан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий барилгын дотоод заслын ажлыг 2018 оны наймдугаар сарын 30-ны дотор гүйцэтгэж, түлхүүр хүлээлцэх нөхцөлтэйгээр хийсэн. Энэ компанийн удирдлагууд эхлээд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь буюу 254 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төл гэснээр нь уг төлбөрийг манай компани шилжүүлсэн.
         … 2014 оноос хойш Ж.Чинбүрэн эмч гурван удаагийн үйлдлээр 90000 ам доллар, 254,000,000 төгрөгийг манай компаниас авч зөвхөн манай компанид төдийгүй хавдрын өвчнөөр шаналж байгаа олон мянган хүн, олон мянган гэр бүлд асар их хэмжээний хохирол учрууллаа. Дээр дурдсан тоо бол зөвхөн мөнгөн дүн нь шүү дээ” гэсэн.
                 2021.4.29: УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн цахим хуудастаа бичсэн тайлбартаа  “…Эдийн засаг, олон улсын харилцааны мэдлэг мэргэжилтэй хоёр найзтайгаа хамтран, “Ачлал трэйд” компани буюу М.Билэгт гэдэг хүнтэй Ажил гүйцэтгэх гэрээ 2014 оны есдүгээр сарын 23 нд байгуулсан байдаг юм. Хувийн компани хоорондын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ. Сар бүрийн тооцоолсон бүх зардал нь (үүнд багийн гишүүдийн ажлын хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хууль эрх зүйн зардал, орчуулга, гадаад томилолт, харилцаа холбоо г.м.) 10.000 ам.доллар байна гэсэн нэг жилийн гэрээ.
Гэрээний дагуу Япон улсын нэр бүхий компанитай хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцээр хийхийн тулд нөхцөл байдлын үнэлгээг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар хийлгэх шаардлага гарсан. KPMG аудитын компанид хүсэлт гарган, өртөг ихтэй ажлыг маш богинохон хугацаанд гүйцэтгүүлсэн. Эмнэлгийн барилгад хөрөнгө оруулалт хэрхэн хийгдсэн, цаашид яаж өргөжүүлэх, хэдий хэр хөрөнгө оруулалт шаардлагатай, төслийн өгөөж хэр байх гээд олон асуудлуудыг олон улсад нэр хүндтэй компаниар найдвартай үнэлгээ хийлгэж чадсан юм. Есдүгээр сарын 28 нд гэрээ хийгээд 12 сарын 18 гэхэд ажил бэлэн болов.
Үүнд үндэслэн Японд хэд хэдэн удаа очиж уулзан, япон компаниудыг урьж авчирсан. Монгол улсад хувийн хэвшлийн эмнэлэгт Японы хөрөнгө оруулалт орж ирэх боломж гарах нь гээд хэн хүнгүй баяртай байтал М.Билэгтийн авсан газар маргаантай болох нь ил болсон. Газар хэнээс яаж авсан нь эргэлзээтэй, барилга барих гэхэд ойр хавийн айлууд эсэргүүцсэн тул Японы тал гэрээ хэлэлцээр үргэлжлүүлэхээс болгоомжлон, цаашид хамтран ажиллахаас татгалзсан. Бид ч гэрээний дагуух ажлаа шуурхай хийж гүйцэтгэн KPMG-ийн төлбөрийг нэг юм барагдуулсан боловч өөрсдөө хийсэн ажлын хөлсөө гүйцээж авч чадалгүй орхисон билээ.
Хэрэв биднээс шалтгаалан ажил зогссон байсан бол М.Билэгт гэдэг хүн хэзээ ч зүгээр орхихгүй л дээ. Өөрийн ажлаа хийлгэж аваад алга болсон. Гэрээ нь ч зургаан сар л үргэлжлээд дууссан” гэсэн.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Next Post

Discussion about this post