Ханхүү Харри, Меган Маркл нар өнгөрсөн 6 дугаар сарын 4-нд Лилибет Диана охиноо өлгийдөн авсан билээ. Ийнхүү хорвоод мэндлээд буй сар гаруйхан болж буй охин Их Британий хааны гэр бүлийн албан ёсны залгамжлагчдын нэг боллоо. Их Британийн хааны гэр бүлийн албан ёсны вэбсайт дээр Лилибет Дианаг Их Британийн хаан ширээг залгамжлах найм дахь хүнээр тодруулжээ. Хатан хаан II Элизабетагийн орыг залгах долоо дахь хүнээр бяцхан охины ах, хоёр настай Арчи, зургаа дахь хүнээр тэдний эцэг, ханхүү Харри тус тус багтсан. Лилибет Диана охин Калифорни дахь Санта Барбара Котиж эмнэлэгт мэндэлсэн юм.
Харин АНУ-ын жүжигчин Меган Маркл энэ жагсаалтад багтахгүй. Учир нь хааны гэр бүлийн журмын дагуу Кейт Миддлтон, Майк Тиндалл, Йоркийн гүнгийн авхай Сара Фергюсон зэрэг хүргэн, бэрүүдэд ийм эрх олгогдохгүй. Үе залгамжлалын эрх зүйн үндэс нь 17 дугаар зууны үе ба III Виллям хаанчлалын үеэс эхтэй. Хамгийн сүүлд 2013 онд эрэгтэй өв залгамжлагчдыг эмэгтэй залгамжлагчийн дээр шууд байрлуулдаг системийг халжээ.
Одоогийн байдлаар Британийн хаан ширээ залгамжлах нэгдүгээр хүн нь хунтайж Чарльз бол удаах хүн нь түүний ууган хүү ханхүү Уильям юм. Ингээд гурав, дөрөв, тавдугаар хүнээр Уильямын гурван хүүхэд болох найман настай хунтайж Жорж, зургаан настай гүнж Шарлотт, гурван настай ханхүү Луис нар тодорч буй. Хатан хаан II Элизабата 1952 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хаан сэнтийд заларсан бөгөөд тухайн үед 26 настай байсан юм. Тэрбээр хамгийн удаан хугацаанд Их Британийн хаан ширээнд суусан хүн болж буй төдийгүй, түүний хүү хунтайж Чарльз хамгийн урт хугацаанд угсаа залгамжлах цол хэргэмээ хүлээж байна.
Discussion about this post