Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2021 оны 4 сарын 21-ний өдөр Эрхүү хотноо Монгол улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, нэрт эрдэмтэн, академич Базарын Ширэндэвийн дурсгалын самбарыг түүний 1937-1941 онд суралцаж төгссөн Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн байранд байрлуулах ёслол болов.
Уг арга хэмжээнд Монгол улсаас Эрхүү хотноо суух Ерөнхий консулын газар, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү дэх төлөөлөгчийн газрын ажилтнууд, олон нийтийн төлөөлөгчид, Эрхүүгийн Улсын их сургуулийн багш, оюутнууд, Эрхүү хотын Улсын их сургууль, Улсын багшийн дээд сургуулийн монгол төгсөгчдийн төлөөлөгчид оролцжээ.
Мөн өдөр Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хурлын танхимд Монгол улсаас ирж суралцсан анхны сурагчдын тухай болон БНМАУ ба Багшийн дээд сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн, “Дружба – Найрамдал: 100 жил хамтдаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгуулагджээ.
Их эрдэмтний дурсгалын самбарыг бүтээх ажилд Монгол улсын ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс холбогдох баримт бичиг, гэрэл зураг, лавлагааг гаргаж өгч оролцсон болно.
Discussion about this post