Бага үдийн нар хэдийнээ огшиж Лос-Анжелесын зугаатай амьдрал ид түжигнэсэн гэгээн цагаан өдрөөр Беверли Хилтон зочид буудлын 434-р өрөөний угаалгын өрөөнд манай гаригийн хамгийн хүчирхэг хоолойтой эмэгтэйг осолдоход дэргэд нь хэн ч байж чадаагүй юм. Дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн эмэгтэй уран бүтээлч болох Уитни Хьюстон одоогоос 5 жилийн өмнөх яг энэ өдөр ээдрээт амьдралынхаа шаналал ганцаардлаас ангижирсан бөгөөд хоёр аравны турш уран бүтээл туурвихдаа дэлхийг эрхшээж чадсан домогт дуучны жимээр хамтдаа нэг бэдрэе гэлээ…
Уитни Элизабет Хьюстон 1963 оны 8-р сарын 9-нд Нью-Жерсигийн Ньюарк хотноо Жон Рассел Хьюстон болон Эмили Хьюстон нарын гэр бүлд мэндэлжээ. Уитни Хьюстон нь Америкийн сүмийн найрал дуу хэмээх школын бүтээгдэхүүн бөгөөд түүний эх Эмили “Сисси” Хьюстон нь мужийнхаа хамгийн алдартай сүмийн дуучин байсан нь Уитниг урлагийн зам сонгоход онцгой нөлөөлснөөс гадна түүний үеэлүүд дунд Дайон Уорвик, Ди Ди Уорвик зэрэг нэртэй дуучид байсан бол Уитнигийн загалмайлсан эх нь дуучин Дарлин Лав харин хуурай эх нь алдарт дуучин Арета Франклин байлаа. Эдгээр мастеруудын дунд өссөн Ниппи охин 11 настайдаа Ньюарк хотынхоо “New Hope Baptist” сүмийн багачуудын найрал дууг гоцлох болж тэнд төгөлдөр хуур ч тоглож сурчээ. Бага сургуулиа дүүргэсэн Уитниг Нью-Жерси дэх Колдуэллын охидын католик сургуульд элсэн орох үеэс ээж нь түүний дуучны ур чадварыг дээшлүүлэхэд шаардлагатай гэсэн бүгдийг зааж сургасаар байсан тул ирээдүйн алдарт дуучин Уитни Хьюстон католик сургуулийн дэг жаягийг зөрчихөөс үл эмээн ээжийнхээ хамтаар шөнийн клүбүүдэд дуулаад зогсохгүй 14 настайдаа орон нутгийнхаа хамгийн шилдэг хамтлаг болох Майкл Загерын хамтлагт арын дуучнаар оролцох болсон бол дараа жил нь тухайн цаг үеийн суперүүд болох Чака Хан болон Ролз Лу нарын вокалыг ч хийгээд амжжээ. 1980-аад онд Карнеги Холлд ээжтэйгээ дуулж байхдаа нэгэн алдартай гэрэл зурагчны дуранд торсноор дуучин охин маань загварын ертөнцөд хэсэгхэн уруу татагдсан байна. Тэрээр тухайн үеийнхээ өсвөр насныхны хамгийн алдартай сэтгүүл болох “Seventeen” сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны өнгөт арьстай эмэгтэй болж байсан гэдэг. Уитнигийн гоо үзэмжит бие алдарт “Glamour”, “Cosmopolitan” зэрэг сэтгүүлүүдийг нэг бус удаа чимээд зогсохгүй телевизийн хэд хэдэн сурталчилгаанд ч тоглоод амжсан түүнийг загварын агентлагууд ирээдүйн супер модель гэдгийг дуу нэгтэйгээр зөвшөөрөөд байжээ. Гэвч Уитнигийн дуучин болох мөрөөдлийг загварын салбар булааж чадсангүй. Ээж нь түүнийг сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн боловсрол эзэмших ёстой гэж үзэж байсан ч зөрүүд Уитни ээжийгээ даган шөнийн клүбүүдэд дуулсаар л байлаа. Чухам энэ л үед “Arista Records” дуу бичлэгийн студийн захирал, дуу бичлэгийн нэрт продюсер Клайв Девис Нью-Йорк хотын нэгэн клүбт Уитниг дуулж байхад нь анзааран харж улмаар түүнд хамтран ажиллах урилга гардуулснаар Уитни Хьюстон “жинхэнэ” тайзан дээр гарч дуулах мөрөөдөлтэйгээ учиржээ. Түүний энгүй их авьяасыг таньж чадсан Клайв Девис 1983 онд Уитнитэй гэрээ байгуулсан даруйдаа бие даасан цомгийг нь гаргахыг хүсэж байсан ч ихэнх продесюрүүд хэний ч мэдэхгүй жаахан охинд эргэлээж байв. Азаа үзэхийг хүсээгүй тэд Уитниг хэн нэгэн алдартай дуучинтай хамтран уран бүтээл хийж түүгээрээ дамжин нийтэд танигдах нь зөв гэж үзсэн тул залуу дуучин маань Тедди Пендэрграссын хамтаар “Hold Me” дууг анхлан дуулжээ. Азаар энэ дуу нь 1984 онд цацагдсан даруйдаа хит болж Нэгдсэн Улсын топ 5 R&B дууны нэгээр нэрлэгдсэн нь Уитнид эргэлзэгчдийн санаа сэтгэлийг эргүүлж дөнгөжээ. Ингээд 1985 он гэхэд Аристагийн продюсерүүд Уитни Хьюстоныг дэлхий нийтэд танилцуулахад бэлэн болж тус оны хоёрдугаар сард “Whitney Houston” хэмээн дуучныхаа нэрээр нэрлэгдсэн 10 дуу бүхий цомогийг борлуулалтанд гаргалаа. АНУ, Их Британи болон Европын орнуудад өөр өөр дуутайгаар хэвлэгдэн гарсан маркетингийн онцлог шийдэлтэй “Whitney Houston” цомогт багтсан дуунууд энд тэндгүй чартуудыг эзэгнэж Америкийн хөгжмийн хамгийн алдартай сэтгүүл болох “Rolling Stone” сэтгүүлээс авахуулаад бүхий л сонин сэтгүүлүүд Уитнигийн тухай дуу дуугаа авалцан бичиж эхэлжээ. Дэлхий даяар 25 сая хувь борлогдсон “Whitney Houston” цомог нь Биллбордын шилдэг R&B цомгийн жагсаалтын 1-рт, шилдэг цомгийн жагсаалтын 3-р байранд, Европын томоохон жагсаалтуудад эхний 10 дотор эрэмбэлэгдэж тус цомогт багтсан “Saving All My Love for You” дуу нь 1986 онд Грэммийн хөгжмийн наадмын “Шилдэг эмэгтэй поп дуучин” төрөлд ялж Уитнид Грэммийн наадмын анхны шагналыг нь авчирлаа. “Rolling Stone”сэтгүүлээс эрхлэн гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 500 цомгийн 254-т бичигдсэн энэхүү цомогт багтах “Greatest Love of All” дуу нь Уитниг алдрын тавцанд хөтлөн гарсан гэхэд болно. Уитни Хьюстоны энэ агуу тэсрэлт нь Африк гаралтай олон дуучин бүсгүйчүүдэд урам зориг өгч Жанет Жексон, Анита Бейкер зэрэг оддыг араасаа дагуулсан гэдэг. Уитни 1987 онд өөрийн хоёр дахь цомгоо “Whitney” нэрээр хэвлүүлсэн даруй Биллбоардын шилдэг 200 альбомын тэргүүн байранд жагсч хөгжмийн түүхэнд Биллбоардын шилдэг 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч болон алдар нэр нь цуурайтсан ажгуу. Энэ цомгийн эхний дуу болох “I Wanna Dance with Somebody (Who Loves Mе)” дуу нь Америк, Австрали, Герман болон Их Британид смаш хит болсон бол “Didn’t We Almost Have It All”, “So Emotional”, “Where Do Broken Hearts Go” дуунууд нь Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтыг 7 долоо хоног тэргүүлж тус чартыг 6 долоо хоног тэргүүлж байсан “The Beatles” болон “The Bee Gees” хамтлагуудын амжилтыг эвджээ. Ингээд 1988 оны 30 дахь удаагийн Грэммийн хөгжмийн наадамд 3 төрөлд нэр дэвшсэн Уитни дээрх “Би хэн нэгэнтэй бүжиглэмээр байна” дуугаараа шилдэг поп эмэгтэй дуучны шагналыг хүртсэн юм. Ийн алдрын оргилд хөл тавьсан Уитни цомгийн борлуулалт, зар сурталчилгаа, аялан тоглолт гээд ашиг орлогыг хэдэн зуун сая доллараар хамах болж 1988 онд алдарт “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлого олсон алдартнуудын 8-р байранд жагссанаар тухайн үедээ хамгийн өндөр орлоготой ажилласан Африк гаралтай эмэгтэй болж байсан бол ашиг орлогоороо хар арьст энтертейнэрүүдээс зөвхөн Билл Косби болон Эдди Мёрфи нарын л дараа бичигдэж байжээ. Уитни Хьюстон хөрөнгөө арвижихын хэрээр нийгмийн сайн сайхны төлөө илүү анхаарах болж арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хүчтэй тэмцэн 1989 онд дэлхий даяар туйлын хүнд орчинд аж төрж буй хүүхдүүдэд туслах, тэдний боловсролыг дэмжих зорилгоор өөрийн нэртэй сан байгуулснаа зарлаж элдэв буяны үйлсэд гар таталгүй загнаж байлаа. Энэ хооронд 1988 оны Сөүлийн зуны олимпийн нээлтийн шууд дамжуулалтанд зориулж “”One Moment in Time” дуугаа дуулж, Лондоны Уэмбли цэнгэлдэхэд Нельсан Манделагийн 70 насны ойг тэмдэглэлцэж, Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Бушын зохион байгуулсан бага хуралд зочноор уригдаж, 1991 онд Америкийн хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах Супер боулын шигшээ тоглолтын нээлтэнд АНУ-ын төрийн дууллыг дуулсан Уитнигийн амжилтыг Холливүд ч зүгээр хараад суусангүй. Уитни 1992 онд “The Bodyguard” кинонд гол дүр бүтээх урилга хүлээн авсан юм.
Уитнигийн карьерийн оргил болсон “The Bodyguard” кино нь тэрхэн үедээ бодогдоод хийгдсэн кино биш аж. Энэ киног анх 1970-аад оны дундуур хийхээр болж Стив Маккуин болон хар арьст эмэгтэй дуучдын гайхалтай төлөөлөл болсон Дайана Росс нарыг тоглуулахаар урьж байсан гэдэг. Гэвч гэрээ хэлэлцээрийн явцад Маккуин татгалзсан тул кино багийнхан жүжигчин Райан О’Нилд санал тавин Дайана Росстой тоглуулахаар дахин оролдлого хийсэн нь 1979 он байсан ч харамсалтай нь Райан болон Дайана нар үзэл бодлын хувьд эвлэрэшгүйгээр зөрчилдсөнөөс уг төсөл хэдхэн сарын дараа нуран унажээ. Энэ бүх хугацаанд төслийн удирдагчид киноны дуучин бүсгүй Рэйчел Мэрроны дүрд Оливия Ньютон-Жон, Мадонна, Дебора Харри, Жанет Жексон, Шер болон Долли Партон гээд олон алдар нэртэй дуучин бүсгүйчүүдийг тоглуулах талаар бодож байсан гэдэг. Гэвч цагтаа Холливүдийн акулууд болох Роберт Де Ниро, Куинси Жонес, Спайк Ли нарын саналаас татгалзаж явсан Уитни 1992 он гэхэд сая кино урлагт хүч үзэхээр шийдэж “The Bodyguard” кинонд тоглох саналыг хүлээн авснаар удаан хугацаанд яригдаж байсан энэ киноны зураг авалт эхэлсэн түүхтэй. Уг кино олон улсаас $410 сая ам долларын ашиг олсон амжилттай төсөл болж чадсан ч кино урлагт Рэйчел Мэрроны дүрээр дебютээ хийсэн Уитни Хьюстоныг мэргэжилтнүүд маш ихээр шүүмжилж байсны дотор тухайн жилийн хамгийн муу киног шалгаруулдаг “Алтан Бөөрөлзгөнө” наадмыг зохион байгуулагчдын зүгээс Уитниг “Хамгийн муу эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшүүлсэн ч азаар 1992 онд хоёр ч кинонд тоглохдоо доогуур үнэлгээ авсан Мелани Гриффит урдуур нь орсоноор Уитни аврагдаж кино урлагт шуугиантайхан хөл тавьсан билээ. Гэхдээ Уитни Оскарын шагнал горилсондоо кино урлагт хүч үзээгүй нь тов тодорхой юм. Уитни Хьюстон болон Ариста студийхэн “The Bodyguard” кинонд багтсан 13 дуу бүхий цомгийг киноныхоо нэрээр “The Bodyguard” хэмээн нэрлэж худалдаанд гаргасан нь тэдний хамгийн гол хөзөр нь байлаа. “The Bodyguard” (soundtrack) цомог нь дэлхийн хөгжмийн зах зээлд тэсрэлт хийж бөмбөрцөг даяар 45 сая орчим хувь борлогдсон нь дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн олон хувь борлогдсон Жон Траволта нарын тоглож “Bee Gees” хамтлаг дууг нь дуулсан байдаг “Saturday Night Fever” мюзикл киноны саундтрек цомгийн амжилтыг 15 жилийн дараа түлхэн унагаасны зэрэгцээ “The Bodyguard” цомог хөгжмийн ертөнцийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон зарагдсан цомгийн жагсаалтад зөвхөн “Michael Jackson”, “AC/DC”, “Pink Floyd”нарын ард бичигдэх нь тэр ээ. Хөгжмийн домгийн хаад болох “The Beatles” болон “Bee Gees” хамтлагуудыг ч ардаа орхисон “The Bodyguard” (soundtrack) цомогт зориулсан “I Will Always Love You” дууг нь дангаар нь сингл болгон хэвлүүлэхэд л 20 гаран сая хувиар зарагдаж Уитни Хьюстон АНУ-ын хөгжмийн түүхэнд зөвхөн нэг дуугаа 22 сая хувь борлуулж чадсан цорын ганц эмэгтэй дуучин болсон билээ. “Billboard Hot 100” чартыг 14 долоо хоногийн турш эзэгнэж байсан “I Will Always Love You” дууны рекордыг сүүлд 1996 онд “Мariah Carey” & “Boyz II Men” нар хамтран дуулсан “One Sweet Day” дуугаараа 16 долоо хоног дараалан чартыг тэргүүлсэн амжилтаар зогсоож байсныг хөгжим сонирхогчид мартаагүй буй за. Уитни Хьюстоны нэрийн хуудас болсон энэхүү “I Will Always Love You” дуу нь 1973 онд алдарт кантри дуучин бүсгүй Долли Партоны өөрийн дуэт, дурлалт эр, кантри хөгжмийн томоохон төлөөлөгч Портер Вагонерт зориулан зохиосон дуун өчил ажгуу. Энэ дуу 1974 онд нийтэд хүрсэн даруйдаа хит болж тухайн үедээ Хойд Америкт хамгийн их эгшиглэдэг дуу болж чадсан тул дараа жил нь Америкийн кантри дуучдын наадам болох “CMA Awards” наадмын оны шилдэг эмэгтэй дуучны шагналыг Партон өрсөлдөгчгүй шахуу хүртэж байжээ. Харин 70-аад оны Америкчуудыг уярааж байсан энэ дуу 80-аад онд дахин шүтээн болсон нь 1982 онд бүтээгдсэн “The Best Little Whorehouse in Texas” мюзикл кинонд Долли Партон өөрөө гол дүрд нь тоглоод зогсохгүй “I Will Always Love You” дуугаа шинэчлэн найруулсан хэлбэрээр хүргэж Америк орныг дахин нэг эзэмджээ. Рок-н-Роллын хаан Элвис Пресли энэ дууг коверлох хүсэлт тавьж байсан гэхээр “I Will Always Love You” дуу нь цагтаа хэр алдартай дуу байсныг төвөггүйхэн илтгэх биз ээ. Дууны эзэн Долли Партон мөнгө гэрээний асуудал дээр тохирч чадаагүйн улмаас татгалзсан тул хөгжим сонирхогчид энэ дууг домогт Элвис Преслигийн дуулсан хувилбараар сонсох завшаан тохиогоогүй ч гэсэн угаас энэ дууг Кенни Рожерс болон Рожер Уиттакер гээд эрэгтэй дуучид нийтэд хоногшуулж чадаагүй юм даа гэж бас тайвширч болох. Зохиолч, шүүмжлэгч Куртис Эллисон энэ дууны утгыг тайлбарлахдаа дурлалт хос дотоод зөрчлийн улмаас бус харин аргагүй нөхцөл байдлаас үүдэн тэр дундаа эмэгтэйн санаачлагаар салан одоцгоож буй тухай дуу юм гэж тодорхойлжээ. Энэ дууг зохиох үедээ Долли авхай ердөө 27 настай байсан бол тухайн үед дөч хэдийнэ хэвийгээд байсан Портер Вагонер гэр бүлтэй байсан бөгөөд Долли Партон “Чамайгаа үүрд хайрлах болно” хэмээх энэ дуугаараа 7 жилийн турш хамтдаа уран бүтээл туурвихдаа өөрийг нь урлагийн замд хөтөлж од болох суурийг нь тавьж өгсөн уран бүтээлийн анд, амраг хайрт Портер Вагонерт зам салах болсноо эелдгээр ойлгуулсан нь энэ гэнэм. Өөрөөр хэлвэл ганцаарчилсан карьер хөөхөөр шийдсэн Партон хамгийн сайн чаддаг зүйлээрээ санаагаа илэрхийлсэн нь тэр аж. Тэгэхээр энэ дуу нь үнэнч хайрын дуу бус гунигт хагацлын дуу юм. Харин энэ дуу Уитни Хьюстоны нэрийн хуудас болсон учиг нь дээрх “The Bodyguard” кино байсан агаад уг киног бүтээгчид өөрсдийн кинондоо зориулсан саундтрек дуугаар анх Жимми Раффины дуулсан “What Becomes of the Brokenhearted” дууг сонгон бичүүлээд байжээ. Гэвч энэ дууг “Fried Green Tomatoes”кинонд ашигласан болохыг нь олж мэдсэн тул Уитни дуулахаас татгалзаж хэсэгхэн мухардалд ороод байх үед нь киноны гол дүрийн бие хамгаалагч Фрэнк Фармерын дүрийг бүтээснээс гадна уг киноны продюсерын үүргийг давхар гүйцэтгэсэн Холливүдийн од Кевин Костнер сайхь Долли Партоны “I Will Always Love You” дууг санал болгохдоо Линда Ронстадтын дуулсан хувилбараар нь Уитнид анх сонсгосон гэдэг. Амьдралынхаа туршид 3000 орчим уран бүтээл туурвисан гайхамшигт бүсгүй Долли Партоны нэгэн цагт гэгэлзэж явахдаа тэрлэсэн гунигт хагацлын дуу “I Will Always Love You” ингэж Уитнигийн хүчирхэг хоолойгоор амилахдаа хөгжимд дуртай хүн бүрийн зүрх сэтгэлд эгнэгт хоногшин мөнхийн бүтээл болон данслагдсан түүхтэй.
Гэвч Уитни “The Bodyguard” киноны зураг авалтын үеэр буюу 1992 онд R&B дуучин Бобби Браунтай гэрлэсэн нь үнэндээ түүний хувьд хожмын нэгэн өдөр орон гэрээ нөхөртөө булаалган буудлаар тэнүүчилж найз нөхдөөсөө гуйлгачлан амь зууж явсаар насан эцэслэх харуусалт тавилантай бөгж солилцсоноо огтхон ч гадарлаагүй юм. Цагтаа Америк хөлбөмбөгчин Рэндэлл Каниннгхэм болон Холливудын од Эдди Мёрфи нарыг “аньж” явсан Уитни энэ харалган гэрлэлтээсээ хойш ихэнх хугацааг хэрэг түвэгт орооцолдон торны цаана өнгөрөөх хар арьст реппэр нөхрийнхөө батлан даалтын мөнгийг төлөхөөс гадна өмнөх салсан сарнисан эхнэр хүүхдүүдэд нь сар бүр тэтгэмж өгөх үүргийг ч сайн дураараа үүрээд урагш алхсан бөлгөө. Уитни Хьюстоны шүтэн бишрэгчид нь Бобби Брауныг хамгийн ихээр зүхдэг хэдий ч Уитнигийн амьдралыг муу нэрт Браунаас урагшлуулаад харвал тэр бүр хүмүүсийн мэддэггүй сүүдэр бас бий. Уитниг хар тамхитай танилцуулж улмаар донтуулсан гол буруутнууд нь түүний төрсөн ах нар нь болох дуучин Майкл Хьюстон болон мэргэжлийн сагсанбөмбөгчин Гари Гарланд нарыг гэлцдэг билээ. Хар тамхины хэрэглээ хурдацтай өсч байсан 80-аад онд Майкл, Гари нар нь идэвхтэй донтогчид болоод байсан бол тэдний охин дүү Уитни ч энэ хорт зуршлыг тойрч гарч чадаагүй ажээ. Уитнигийн бэр эгч асан Моник анх Хьюстоны гэр бүлд хөл тавьж байсан үеэ дурсахдаа тэдний ойр орчинд хар тамхи хаа сайгүй байхаас гадна Уитни ч ах нартайгаа нийлээд хээвнэг навшдаг байсныг дэлгэсэн бол Уитнигийн увайгүй ах нар нь дүүгээ хар тамхиар хангадаг байснаа хожим өчиж байсан удаатай билээ. Өртөг өндөртэй хар тамхины төлбөрийг дийлэхгүй байсан тэд санхүүгийн эрх чөлөөнд хүрээд байсан дүүгээ хар тамхинд оруулснаар асуудлаа хялбархан шийдсэн нь энэ гэр бүлд мөнхийн хар толбо үлдээсэн. Харин Уитнигийн мансуурах донг гааруулсан бодит шалтгаан нь гэвэл аль Колдуэллын охидын коллежэд байхаасаа үерхэж эхэлсэн сайн найз нь болох Робин Кроуфорд хэмээх бүсгүй амьдралаас нь холдсон нь Уитнид том цохилт болсон гэдэг. Маш дотно харьцаатай байсан Уитни Хьюстон болон Робин Кроуфорд нарыг олон хүмүүс ижил хүйстнүүд хэмээн харддаг байсан тул Уитниг гэрлэсний дараа ч энэ цуу яриа огт намдаагүйгээр үл барам Уитниг лесби гэдгээ нуухын тулд Боббитой гэрлэлээ хэмээн шар хэвлэлүүдээр бичицгээж байв. Уитниг ид гялалзаж байхад нь энэ хов жив карьерт нь муугаар нөлөөлж байсан тул Кроуфорд 1990-ээд оны сүүлээр гэхэд попын хатан хааны амьдралаас бүрмөсөн явжээ (явуулжээ). Бобби Браун бүр сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа эхнэрээ бисексуаль байсан хэмээн илчилсэн байдаг. Үзэсгэлэнт эхнэрээ хэн нэгэн бүсгүйтэй амраглаад байхад ямар ч эр таатай хандахгүй нь лавтай ч дээрх үгийг хэн хэлснийг бас эргэцүүлэхэд гэмгүй! Ямартай ч Уитни багын найз, туслах, зөвлөх, менежер Робиныгоо алдсанаар огцом доош орж гэртээ бүгэх болсон тэрээр мянга мянган долларын нунтагийг хамар луугаа чихэж эхэлжээ. Бобби Браун эхнэрээ тувт“түлхүүрдэж” хамтдаа мансуурцгаах бол Уитнигийн мансуурсан байдалтай зургийг шар хэвлэлүүдэд зарж дориухан мөнгө олдог байсан Боббигийн хамаатнуудад хосын замбараагүй амьдрал удаан үргэлжлэх тусам ашигтай байж харин хэвлэлээс өөрийн аймшигтай төрхийг харсан Уитни энэ бүхнийг мартаж тайвшрахын тулд дахиад л хар тамхиа үнэрлэх чөтгөрийн тойрог поп диваг мэрсээр л байлаа. 1980, 90-ээд оны сахиусан тэнгэр Уитни Хьюстон шинэ зууны босгон дээр ирэхэд зан авир нь эрс өөрчлөгдөж ярилцлага, зураг авалтууд, хоолойны бичлэгээс хоцрох нь энүүхэнд болж телевиз, радиогийн бичлэгт орох хуваариудаа мартаад зогсохгүй тоглолтууд нь ч цуцлагдаж эхэлжээ. Харин энэ хугацаанд нисэх онгоцны буудал дээр мархиуанаа “гардуулсан” Уитни нөхөртэйгээ цагдаа нараас зугатсан шиг адал явдлаар дүүрэн манаргаж явлаа. Уитни өөрийг нь шөнийн клүбээс алдрын оргил өөд аваачсан ачтан болох Клайв Дэвисийн “Rock & Roll”-ын алдрын танхимд нэрээ мөнхлөх ёслолын ажиллагаанд ая дуугаа өргөх ёстой байсан ч очоогүй билээ. Уитни байнга хар тамхи хэрэглэж байснаас сэтгэцэд нь хүчтэй нөлөөлж дууныхаа үгийг ч мартах болсон тэрээр хоолой нь хүртэл сууж эхлэв. Харин Уитниг мансуурах донд бүрэн автсаныг фэнүүд нь ойлгоход төдийлөн их цаг ороогүй бөгөөд огцом жин хаяж дуниар татсан Уитнигийн дүр үе үехэн сониноор дамжин шүтэн бишрэгчидтэйгээ “мэндчилж” байлаа. Уитни өөрийн охин Кристинагаа мэндлэхэд нь ч эрүүл амьдралын хэв маяг руу шилжиж чадаагүй гэдэг. Ихэнхдээ мансуурсан байдалтай байх тэрээр хэл амнаас болгоомжлохдоо гэрийн үйлчлэгч авч ажиллуулдаггүй байсан тул хэдэн хоногоор солиогүй живхэндээ холбирон чарласаар дурандаа хүн болсон бяцхан охин Кристина нь хэрүүл зодоон, архи дарс, хар тамхи, шүүх цагдаа гээд байж болох муу бүхэнтэй зэрэгцэн бойжихдоо язгуураасаа мансуурагч болон төлөвшиж ам хамар луугаа хавьтсан ойртсон болгоныг юу ч үгүй ховх сорсоор хожим ердөө 22 насандаа хорвоог орхисон билээ л.
Уитни өөртэйгээ тэмцсээр шинэ мянгантай золгох үед алгуурхнаар сэргэж эхэлсэн юм. Тэрээр 2001 онд “Arista/BMG” студитэй 6 цомог гаргах үүрэгтэйгээр $100 сая долларын гэрээнд нарын үсэг зурсан нь тухайн онд Мэрайя Кэригийн “Virgin Records” студитэй байгуулсан $80 сая долларын гэрээний рекордыг ахиулж хөгжмийн түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээ болов. Улмаар 2002 оны арванхоёрдугаар сард “Just Whitney” нэртэй цомгоо худалдаанд гаргасан бол 2003 оны арваннэгдүгээр сард “One Wish: The Holiday Album” хэмээх цомогоо шүтэн бишрэгчдийнхээ гар дээр тавьлаа. Гэвч Уитни энэ үеэс уран бүтээлдээ завсарлага авч хувийн амьдралаа цэгцлэхээр шийдэн хар тамхи, архины эмчилгээнд явахаас гадна хэд хэдэн шүүх хурлын ард гарсан тэрээр 2007 он гэхэд гайтай Браунаас албан ёсоор салж цорын ганц охин болох Бобби Кристинагаа асран халамжлах эрхийг өөртөө авч чадсан юм. Ингээд попын хатан хаан хөгжмийн ертөнцдөө эргэн ирснээ зарлаж 2009 оны 8-р сард “I Look To You” шинэхэн цомогоо худалдаанд гаргасан нь эхний долоо хоногтоо 305 мянган хувь борлогдож түүний 2002 онд гаргаж байсан “Just Whitney” цомогийн эхний долоо хоногт борлогдож байсан амжилтыг эвдэж Уитни Хьюстон дахин нэр алдрын оргилд мандсан билээ. Уитни дэлхий даяар өөрийг нь санасан сая сая шүтэн бишрэгчидтэйгээ нүүр учрахаар 2010 оны зургадугаар сар хүртэл хагас жил “Nothing but Love World Tour” аялан тоглолтоо хийсэн нь түүний хувьд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хийсэн дэлхийг тойрсон анхны аялан тоглолт нь болж ялгуусан эргэн ирэлтээ тунхаглаж чадсан юм.
Харамсалтай нь 54 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд уригдаад байсан Уитни Хьюстон 2012 оны 2-р сарын 11-нд Лос-Анжелесын Беверли Хилтон зочид буудал дахь угаалгын өрөөндөө ороод эргэж хэзээ ч гарч ирээгүй юм. Онгоцтой усанд живсэн байдалтай амь насаа алдсан түүний цогцсыг орон нутгийн цагаар үдийн 03:55 цагт олж мэдэгдсэн нь дэлхийн сая сая хөгжим сонирхогчдыг цочролд оруулсан мэдээ болсон юм. 48 насандаа золгүй тохиолдлоор таалал төгссөн Уитни Хьюстоны биед задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчдийн эцсийн дүгнэлтэнд талийгаачийг нас барахаасаа өмнө кокаин хэрэглэсэн байсан ба энэ нь түүнийг зүрхний дутагдалд оруулж улмаар үхэлд хүргэсэн гэж тодорхойлсон байдаг. Халуун усанд нүүр нь түлэгдсэн, биеийн ихэнх хэсэг үл мэдэгдэх шарх сорвитой мөн хар тамхи олон жил хэрэглэсний улмаас нунтаг үлдэгдэл хамрын угт хуримтлагдсаар ясыг нь цоолсон байсан гэдэг. Уитни Хьюстоны хамгийн сүүлд хоолойнд орсон дуу нь “American Idol” шоуны шуугиант ялагч Жордин Спаркстай хамтран бичүүлсэн “Sparkle” киноны дуу болох “Celebrate” хэмээх дуу байсан бол нас барахаасаа ердөө 48 цагийн өмнө Холливүдэд Келли Прайсын хамтаар “Jesus Loves Me” дуугаа дуулж сонирхуулсан нь түүний хувьд хамгийн сүүлд олны өмнө ил гарсан үзүүлбэр нь болон үлдсэн ажгуу. 25 жилийн уран бүтээлийн замналдаа дэлхийн хөгжмийн түүхэнд хамгийн олон буюу 400 гаран шагнал хүртсэн цорын ганц эмэгтэй уран бүтээлч, нийт 7 альбом, 2 саундтрек цомог нь дэлхий даяар 200 орчим сая хувиар борлогдохдоо дан очир алмас, мульти-платинум, платинум болоод алтан цомгийн гэрчилгээ хүртэж байсан дуучин, жүжигчин, продюсер, загвар өмсөгч, поп хөгжмийн хатан хаан Уитни Хьюстоны шарилын чулуун дээр нь “The Voice” хэмээх ганцхан үгийг сийлсэн байдаг билээ.
Эх газар зурвасхан гэрэлтээд өнгөрсөн гайхамшигт “хар сувдыг” онгоцтой усаар суваглан их далайдаа эргэн нийлсний хойно түүний газар дээрх ганц охин нь яг өөр шиг нь онгоцтой усанд үйж гүн далайн ёроолд ганцаардан шаналах эхийгээ нөмөрлөхөөр хясаа болон булхсан гэдээг…
Discussion about this post