Төв аймгийн театрт насаараа дуулсан З.Вандан, Д.Дуламсүрэн хоёр орон даяар сайн танигдсан дуучин. Зууны манлай хос дуучин МУГЖ З.Вандан, Д.Дуламсүрэн хоёр одоо Ардын жүжигчин гэх хүндтэй алдрыг Ерөнхийлөгчөөс горилж яваа гэх юм билээ.
Зууны манлай дуучин хос дуучин хоёр хүүтэй. Хоёр хүү нь хоёулаа дуучин. Тэр тусмаа “Говийн хүүхнүүд” дуутай, хангайн хүүхнүүдийг мөн магтсан, “Эр хүн гэдэг эмзэгхэн ч юм уу” гэж дуулсан В.Баттулгыг монголчууд андахгүй. Харин хүү В.Базаррагчаа нь хараахан нэрд гарч амжаагүй л байна.
Дуучин Вандангийн Баттулгын эхнэр бүжигчин. Дуу хуурын өлгий Дундговь нутгийнх болохоор тэр үү, Вандан, Дуламсүрэнгийн бэр нь сайхан дуулдаг гэнэ. Дуучин өвөө эмээ, аав ээжтэй В.Баттулгын охин Б.Дуулим удмаа залгаж дуучин болж байна. Аавтайгаа хамтран дуулж, мөн “Анхны хайр” дууг ганцаараа дуулсан нь олны талархлыг хүлээсэн билээ. З.Вандан Д.Дуламсүрэн хоёр ач охин Б.Дуулимыгаа “Манай гурав дахь үеийн дуучин” гэдэг. Б.Дуулим одоо жүжигчин мэргэжлээр суралцаж байна.
Одоо 18 настай Б.Дуулим гуравхан настай байхаасаа өвөө эмээ, аавтайгаа аялан тоглолтоор явж, Монгол Улсаа бүтэн тойрч байжээ. Б.Дуулим дуулах авъяастайгаас гадна төгөлдөр хуур, лимбэ, ятга тоглочихдог сайн хөгжимчин. МУГЖ өвөө эмээгийнхээ нэр төрийг эрхэмлэж, аавтайгаа хамт дуулахад түшигтэй, тайзан дээр гарахаараа орчлонгоос тасарсан юм шиг санагддаг гэж ярьсан нь аргагүй л урлагийн хүний өгөгдөл гэлтэй.
Discussion about this post