Монголын ардчилсан холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч, Ардчилсан хөдөлгөөний анхны удирдагчдын нэг Чимидийн Энхээтэй АН, ардчиллын сэдвээр ярилцсанаа хүргэе. Энэ ярилцлагыг түүнийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болохоос өмнө авсан юм. Төрийн шагнал хүртсэнийг нь сонсоод эргэж холбогдоход тэрээр “Гэнэт дуудаж шагнал гардууллаа. Балмагдаж бас сандарч байна” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
–АН-ын дотоод талцал тэмцэл энэ намыг дэмждэг, ардчилалд элэгтэй хүмүүсийг залхааж байна. Өмнө нь фракцид хуваагддаг ч өнөөгийнх шиг олон хэсэгт хуваагдаж байсангүй. Шаварт унасан ардчиллын үнэт зүйл, АН-ын байдалд та гутардаг уу?
-Дэлхийн бүх улс орон, бүх нам, бүр хамгийн ардчилсан оронд ч дарангуйлал байдаг. Тэр нь юу вэ гэвэл тухайн нийгмийн, олонхийн амар тайван амьдралын төлөө зарим цөөнхийг дарангуйлахаас аргагүй болдог. Жишээ нь, гэмт хэрэг хийсэн хүнд тодорхой ял шийтгэл оноож шоронд илгээж байгаа нь төрийн нэрийн өмнөөс дарамталж байгаа хэлбэр шүү дээ.
Ардчилал хэтрэх, эсвэл дарангуйллын элемент нь хэтрэх гэсэн ойлголт аль ч улс оронд яваад байдаг. Ардчилсан байна уу, коммунист нь ч байна уу, бүх оронд ийм. Ардчилсан байна уу, Социалдемократ нь уу, зүүн болоод барууны бүх намд адилхан. Тэгэхээр нэг асуулт гардаг, бид яагаад ардчилсан хувьсгал гэдэг юмыг хийсэн бэ. Ардчилсан хувьсгал гэдэг нэр нь жаахан тохиромжгүй. Яагаад гэвэл өмнөх социализм, коммунизм байгуулж байсан Монгол Ардын Хувьсгалт Нам ч гэсэн ардчилсан нам байсан. Тэр үед ардчилал байсан уу гэвэл байсан. МАХН социализмын үед ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө зориод зүтгээд явж байсан шүү дээ, тодорхой хэмжээнд. Олон жил дарангуйллын эзлэх жин нь өндөр байсан, тэрийгээ хасаад яваад байсан. 1937 онд бууддаг байсан бол 1947 онд нутаг зааж цөлдөг болсон гэх ч юм уу, зөөлрөөд яваад байсан. Гэхдээ 1970-1980-аад оны үед шаардлагатай тэр хэмжээнд хүртэл дарангуйллынхаа элементийг танаж чадаагүй. Тэр үед тохирсон байх хэмжээнээс арай илүү дарангуйлалтай байсан учраас…Өөрөөр хэлбэл, тэр нь юугаар илэрч байв гэвэл иргэд социалист орноос бусад гадаад оронд явах эрхгүй. Орлогч сайдаас дээгүүр албан тушаалтныг шүүмжлэх эрх байхгүй. Яг л 1940-1950-аад оны үеэс үлдсэн байдлаа өөрчилж чадахгүй байсан. Түүнийг өөрчлөхийн тулд иргэд үгээ чөлөөтэй хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Гадаад улсад хүссэн орондоо зорчдог байх, өөрийн мэдлэг чадварт тохирсон орлого олдог байх ёстой гэдэг үүднээс бид ардчилсан хувьсгалыг хийсэн. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм дэх ардчиллын хүрээг өргөжүүлье гэсэн. Ингэхдээ зах замбараагүй, дэг журамгүй байдалд хүргэх биш, түрүүнд хэлсэн 1970-1980 оны байдлыг хүрээг нь тэлье гэсэн. Дэлхий даяар ийм боллоо, Орост өөрчлөлт, шинэчлэлт ид өрнөж байна, бид ч бас хүрээгээ тэлэх хэрэгтэй гээд хийсэн. Үүнийг өнөөдөр зарим хүн өөртөө нааж аваад “Энэ бол миний хийсэн арчдилал, тиймээс энэ ардчилал миний өмч байх ёстой” гээд байна. Үнэндээ бол өнөөдөр АН дотор яг ардчиллын үед тэр үйл ажиллагааг эхнээс нь гардан гүйцэтгэж байсан хүн бараг байхгүй.
-Ардчилсан хөдөлгөөнийхөн гэж яг хэн байсан юм бэ, тэд хаана явна вэ?
-Ардчилсан хөдөлгөөн анх Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөс гарсан юм шүү дээ. Тэнд зураачид олон байлаа. Хамгийн анх барилгын зургийн институтын найман залуу зөвлөгөөнд сонгогдож орж ирэхдээ бусад залуустаа ярьж уриалаад ерөөсөө МАХН хэрэг алга, өөр улс төрийн хүчин гаргаж ирье, санал тавъя гээд тэрийгээ гаргаж тавьсан. Түүнийг нь дэмжсэн хүмүүс Дарь.Сүхбаатар, сүүлд Соросын сангийн Д.Энхбаттай хамт ажиллаж байсан, тухайн үед Монгол кино үйлдвэрийн орчуулгын киноны редактор байсан н.Нарантуяа гэж эмэгтэй, уран барилгач, архитектор н.Саранцацралт, зураач Ц.Орхон, зураач н.Бэхбат, ХБК-ийн төгөлдөр хуурын багш н.Содтунгалаг нар бол ардчиллын анхдагчид. Ардчилсан хөдөлгөөний байгууллагын анхны тэргүүнээр нь Дарь.Сүхбаатарыг сонгож байсан юм. Яагаад сүүлд С.Зориг анхны удирдагч гэж явах болсныг би ойлгодоггүй. Анхны удирдагч гэвэл Дарь.Сүхбаатар шүү дээ. Д.Нинж, Бошгит гуай болоод бусад хүн сүүлд ирцгээсэн.
Ардчиллын анхдагчдын дотроос өнөөдрийн АН дотор тодорхой хэмжээнд албан тушаал, эрх мэдэл, нэр хүндэд хүрсэн нь ганц Ц.Элбэгдорж л байгаа. С.Зориг агсан бол сүүлд орж ирсэн. Э.Бат-Үүл огт хамаагүй, сүүлд ирсэн. Яагаад “Бид анх эхэлсэн” гээд байдгийг нь би хувьдаа ойлгодоггүй. Тэрийгээ далимдуулаад өнөөдөр ардчилал болоод дарангуйлал гэж юу болохыг ялгаж, салгаж хэлэх эрхийг тэд өөрсдөдөө авчихаж. Тэрэнд нь тухайн үеийн эрх баригч хүчин МАХН “За бас арай хатуу байсан юм аа” гээд зай тавиад өгсөн чинь ардчилал нь дэндүү хэтэрчихсэн. Хүний эрх гэж төрөөс бэлэн юм шаарддаг нийгмийг байгуулчихсан. Өөрсдөө тэр нийгэмд ямар ч хувь нэмэр оруулахгүй, ийм л байна. Арай дэндүү. Тэгэхээр ардчиллын нэр хүнд унаад байна гэдгийн цаана хүмүүс энэ асуудлаа цэгцэлж, дарангуйлал, ардчилал хоёрынхоо өнөөгийн нөхцөлд тохирсон тэнцвэрийг олох хэрэгтэй. Нэг тал нь ардчилал сүйрлээ, сөнөлөө гээд байдаг, нөгөө тал нь бид ардчиллыг хамгаална, ардчиллын төлөө гээд, ямар ч утгагүй хэрүүл рүү орчихож байна. Тэгээд нийт массын хэмжээнд юу ойлгуулж байна вэ гэхээр АН л ганцаараа ардчиллын төлөө юм байна, бусад нь дарангуйлал тогтоох гээд байна. Дунд нь ХҮН, БНН гэх мэт гуйвж дайвсан нам явж байна гэсэн ойлголттой хүмүүс бий болжээ. Энэ нь юугаараа нийгэмд аюултай вэ гэвэл ямар ч утгагүй талцал, хэрүүлийг үүсгэж байна. Үнэн байдлыг тодорхой хэлж, ойлгуулах хэрэгтэй.
-Энэ бүхнийг хэлж ярьж байх ёстой атал та өөрөө яагаад чимээгүй яваад байдаг юм бэ?
-Анхдагчдын нэг гэж явдаг ч уг нь ардчилал надаас, биднээс өмнө байсан юм. Тэгж бодоод удаан дуугүй байсан. Гэтэл нөхдүүд “бид хийсэн” гэж хувьчилж, өмчилж аваад байна. Дээр үед нугалаа гэж ярьдаг байсан, улс төрийн бодлого, үйл ажиллагааг явуулахад нугалаа гарч болно гэж. 1990 онд бид ардчиллыг хийхдээ 1980-1990-ээд онд ардчилсан улсад байх ёстой тэр л хэмжээнээс арай илүү хатуу байсныг зөөллөх гэж оролдохдоо нөгөө тийш нь нугалаад бүр хэтэрхий зөөлөн тал руу нь оруулчихаж. Одоо эргээд тэрийг буцаах үед дахин хэмжээ хэтрээд илүү хатуу тал руу орох маяг гарч ирж байна. Ардын намыг дарангуйлал үүсгэх гэж байна гэж яриад байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Ардын намынхан ардчилал хэтэрсэн байна гэдгийг олоод харчихаж. Тиймээс эргээд асуудлыг жаахан цэгцэнд оруулъя гэж үзэж байх шиг. Гэхдээ долоон минутын дотор хууль өөрчилнө гэж юу байх вэ дээ. Цэц, УИХ-д нөлөөлж байгаа нөлөөлөл бий, тэр бол үнэн шүү дээ. Энэ бол нугалаа. Гэхдээ явах ёстой замаасаа хазайж байгаа дарангуйллын хэлбэр нь нийгмийг хамарсан том дарангуйлал ороход зай ч байна, лай ч байна. Энэ зүгээр л эхэлж байна, магадгүй цааш нь түлхээд байвал бүр ч илүү явж магадгүй.
-Нийгэм дотор нэг нам дотроо хагарах, хоёр нам хоорондоо толхилцохыг дарангуйлал эхэлж байна гэж тайлбарлах хэцүү байх л даа?
-Энэ бол зүгээр л үйл ажиллагааны гажуудал. Нэг сонин юм нь олон улстөрчтэй атлаа Монголд улс төр байдаггүй. Албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрсан тэмцэл хийж байгаагаа улс төр хийж байна, би улстөрч гэж тайлбарладаг хүн олон бий. Нийгэмд байдаг улс төр гэдэг ойлголт нь байхгүй болчихоор улс төрийн соёл, ухамсар, хуулийн хэрэглээ гэдэг ойлголт байхгүй. Ингээд ирэхээр аливаа улс төр бүх салбар руу орох эхлэл тавигддаг, аюул нь энэ. Аль нэг нам хуулийг улс төрийн нүдээр харж хэрэглэхэд энэ жинхэнэ цавчаа болно.
-Ардчиллынхан яагаад бие биеэ “Гомдогсдын арми” гэж цоллодог юм бэ. Та ардчиллынхаа үр шимийг хүртсэн үү, гомдох зүйл байдаг уу?
-Ардчиллын үр дүнд би сэтгэл дүүрэн байдаг. Гомдох юм алга. Ардчиллын буянд бид юу дуртайгаа хийх эрхтэй боллоо. Жишээ нь, би зураг зурах эрхтэй болсон. Зургаа би өөрийнхөө дуртай урсгал жанраар зурах эрхтэй болсон. Үүнээс илүү аз жаргал хаана байгаа юм бэ. Социалист нийгмийн үед ийм аз жаргал хангалттай байгаагүй юм шүү. Зөвхөн социалист реализмын аргаар зурсан зургийг л хүлээн зөвшөөрнө гэдэг. Түүнээс өөр бол хүлээж авахгүй. Уран зураг ийм байх ёстой гээд хайрцганд хийчихсэн байсан, ардчиллын буянаар чөлөөлөгдсөн. Бас нэг юм нь шүүмжлэлт сэтгэлгээ нээгдсэн. Шүүмжлэх, хэлэх эрх нээлттэй болсон. Надад нэг давуу тал байсан нь би социализмын үеийн МАХН-ын нэр хүндтэй том зохиолчийн хүүхэд байсан. Тийм биш байсан бол хоёрдугаар ангиасаа сургуулиас хөөгдөх эсвэл нутаг заагдах байсан биз. Том даргын, тухайн нийгэмдээ нэр хүндтэй хүний хүүхэд байсан учраас би үгээ хэлдэг, хүмүүс сонсдог байсан. Гэтэл над шиг биш нь зөндөө л хэлмэгдсэн. Тэгвэл өнөөдөр тийм биш, хэн юу дуртайгаа хэлдэг. Үүнийг би эхлүүлсэн, ингэхдээ энэ эрхийг би ганц өөртөө аваагүй, гагц өөрийнхөө төлөө яваагүй. Нийт ард түмэндээ энэ эрх, эрх чөлөөг нээж өгсөн гэхээр үүнээс илүү том шагнал надад юу байх билээ.
-Ардчилсан хөдөлгөөнийнхөн бүгд дарга, сайд болж байхад та яагаад болоогүй юм бэ?
-Би албан тушаалын төлөө явж байгаагүй. Манай удамд тийм зүйл байсангүй. Аавыг Соёлын сайд болгох гэхэд “Үгүй” гэж гүрийгээд сүүлд Намын Төв хороон дээр дуудаад “Таны саналыг асуухгүй, нам танд даалгавар өгч байна” гэхэд нь аав бас л гүрийж, ажлыг нь хүлээж авч, улаан номертой машинд нь хэдэн зохиолчдоо дуудаж суулгаад архидаж байсан учраас маргааш нь Ю.Цэдэнбал дарга гарын үсэг зураагүй. Түүн шиг надад олон нам, олон газраас санал тавьсан. Янз бүрийн албан тушаал амлаж ч байсан, би өөрөө хүлээж аваагүй. Би багаар ажиллах чадвар муутай хүн. Бага байхын зожиг, эрх дураараа. Дургүй хүрвэл ам зөрж, шанаадалцах энүүхэнд. Тийм болохоор дороо 10 хүн удирдаад явна гэхэд би өөрийгөө үнэхээр төсөөлж чадахгүй байна. 50 хүнтэй газрыг, 500 хүнтэй яамыг би яаж удирдах вэ. Би өөрөө очоогүй болохоос надад ажил өгөхгүй гомдоосон юм байхгүй. Шагнал урамшлын тухайд бас л тийм. Манай аав бол ганцхан шагналыг л шагнал гэж үздэг, түүнийгээ зүүж явдаг байсан. Тэр нь төрийн шагнал. Аав олон одонтой ч бүгдийг зүүж явсан удаа үгүй. Баяр ёслолоор хүмүүс олон одон медаль зүүгээд ёолкны мод шиг явахад аав тэгж байгаагүй. Түүнтэй адил би өнөөдрийг хүртэл МЗЭ-ийн шагналаа л зүүдэг. Өмгөөлөгчдийн холбооноос тодорхойлсон “Алтан гадас” одонгоор шагнуулсан бол ардчиллын ойн медалиуд надад байдаггүй юм шүү дээ. Тэглээ гээд би гомддоггүй. Гудамжаар явахад 10 хүний найм нь намайг таньдаг, энэ л гавьяа.
-Та сошиалд нүүр номоороо дамжуулан “Өвгөн партизаны яриа” цуврал бичлэг оруулдаг, хүмүүс ч амтархан уншдаг. Таны дагагчид Л.Түдэв гуай та хоёрын харилцааны тухайд их гайхаж асуусан байна лээ?
-Л.Түдэв гуай аавтай тааруухан байдаг байсан. Уг нь сайн найзууд байсан. Намайг бага байхад Л.Түдэв гуай хөдөөнөөс багш гээд ирдэг, ааваас зөвлөгөө авдаг, аав ч дэмждэг байсан. Юунаас ч болсон юм бэ, аав нэг удаа “Энэ Л.Түдэв муу санаатай, архи уудаггүй. Бидэнтэй нийлдэггүй, энэ их том дарга болно, та нар хараарай” гэчихсэн юм билээ. Тэр нь салхинд ассан түймэр шиг чихэнд нь хүрчихэж л дээ. Тэрнээс болж “Чимид гэдэг чинь хятад хүн” гэх яриаг Л.Түдэв гуай гаргасан. Аав, тэр хоёрын шөргөөцөлдөөн бол бурхадын хэрүүл, мануус шиг газрын амьтас оролцоод ч яахав гэмээр. Гэтэл аавтай шөргөөцөлдсөн хаялгаараа, аавыг минь бурхан болсноос хойш 1980-аад онд намайг НАХЯ-нд мэдээлсэн, Хятадын тагнуул гэж. Тэрнээс нь болж би шоронд суусан. Надад тэр таатай байгаагүй, эрүүл мэндээрээ том хохирсон. Тиймээс уучилж чаддаггүй юм. Амьд сэрүүнд нь энд тэнд таарахаараа би зүгээр байлгаагүй. Хөдөлмөрийн баатар авахад нь ч хурал дээр босоод хэлж л байсан. Бидний зураг төөрөг тийм л байж дээ. Одоо ч намайг Хятадын тагнуул гээд зарим хүн ярьж, бичиж л байдаг, би тоодоггүй. Тийм сайн монгол юм бол өөрсдөө “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” гээд бичнэ биз дээ.
-Би андуураагүй бол та “Ардчиллын хөшигний ардах нууц” нэртэй тухайн үйл явдлын талаар ном бичсэн санагдана. Дараагийн номд юу өгүүлэх бол?
-2010 онд ном гаргасан. Зарим юмыг бол үнэхээр гаргаж хэлж боломгүй ч зүйлүүд бий. Миний нэрлэсэн зарим хүнтэй холбогдохоосоо гадна бидний анх эхэлсэн зорьж тэмүүлсэн үнэт зүйлд хохирол учруулчихмаар зүйл олон гарсан. Сүүлийн үед сошиал орчинд “Өвгөн партизаны яриа” цувралдаа бүгдийг бичсэн. Энэ дотор би нэг зүйлийг тодорхой хэлсэн. Тэр бол ардчилсан хөдөлгөөнөөс сүүлд хүрч ирсэн Э.Бат-Үүл нарын нөхдүүд ардчилсан хөдөлгөөнийг тэр үеийн МАХН-худалдах шахсан юм шүү дээ. Төв хороог тэргүүлж байсан Намсрай даргын талд орж, Ж.Батмөнх гэсэн хуучинсаг хүмүүсийг өөрчлөхөд ардчилсан хөдөлгөөн тусалъя гэсэн хэлэлцээ хүртэл хийсэн юм шүү дээ. Дараа нь тэрийгээ болиод нөгөө Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр эхэлсэн үйл хэрэг барууны тусгай албадын мөнгөөр санхүүжээд явсан. Тэгээд өнөөдөр өөрсдөө барууныхны барьцаанд орчихсон. Тэр үед хэлж байхад, энэ бол барууны сайхан сэтгэлтэй хүмүүсийн тусламж хандив гээд байсан. Банкны боодолтой ам.долларууд цүнх дүүрэн орж ирэхэд тэрийг ямар юмных нь хандив гэж тооцох юм бэ, тийм биз дээ.
–С.Зоригийг алсан аймшигт хэрэг илрэхгүй нь ээ?
-Албан тушаалын төлөөх айхтар зүйлийн золиос болсон хүн гэж боддог. Үнэхээр ч тэр үеийн томилгоо маш бэрх болсон. Долоон удаа оруулсан хүний нэрийг буцааж байлаа шүү дээ.
-Алуурчин АН дотор бий гэлцдэг?
-Би ч дотроо бас тэгж хардаж боддог.
АН-ын ирээдүйг та юу гэж харж байна?
-Надад улс төрийн ямар ч сонирхол алга. Тэртэй тэргүй хэтэрсэн ардчилалтай нийгмийн эх үүсвэрийг бид тавьсан. Бүх нам ардчилсан байхад юу хэлэх вэ дээ. Бодох ч сонирхол алга. Харин ерөнхий эрх барьж байгаа намын үзэл хандлагаар явж байгаа улс орны хөгжлийн тухайд жаахан санаа зовдог. Би зовоод ч яах билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.15 МЯГМАР № 119 (6596)
Discussion about this post