Өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуулийн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, орлогч дарга нарын хамтдаа амьдардаг нийтийн байрны хаяг гарч хүмүүийг гайхшруулсан. Тэр үеэс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Батсүмбэрэлийг хүмүүс илүүтэй таних болсон. Одоо түүний зохион байгуулж байгаа ажил нь мөн л иргэдийг гайхшруулах нь…
2020 онд нийслэл хотод хэрэгжсэн төсөв арга хэмжээ, тендерүүд холион бантан болжээ. Сонгуулийн жилийх гэдгээрээ бүр ч улаан цагаандаа гарсан гэхэд болно. Хамгийн наад зах нь л зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, газрын зөвшөөрөлгүй байхад нь батлаад, хэрэгжүүлээд санхүүжүүлсэн “хэрэг” гарсан байна. Ингэж том толгойлох тал дээр Н.Батсүмбэрэл даргатай Чингэлтэй дүүргийнхэн манлайлжээ. Тус дүүргийн дарга нар зураг төсөвгүй, хугацаанд нь батлаагүй 10 төсөл арга хэмжээ явуулжээ. Нийт өртөг нь 750 сая төгрөг. Үүнд дүүргийн 16 дугаар хороонд хийгдсэн Ахмадын төв орчмын тохижилтын 150 сая төгрөгийн ажлыг дурдаж болно. Бүр том ч мөнгөний хэмжээтэй нь бас бий. 13 дугаар хороонд Сургуулийн 33-р гудамжнаас 15-р хорооны Жаргалантын 47-р гудамж хүртэлх нийт 600 сая төгрөгний замын ажил зураг төсөвгүй батлагджээ. Зураг төсөвгүй ажил, тендер явуулахыг Төсвийн тухай хуулиар хатуу хориглосон. Гэхдээ Н.Батсүмбэрэл дарга үүнийг үл тоож байгаа бололтой.
Н.Батсүмбэрэлийн хувьд хувийн дээд сургуулийг Түүх-Нийгмийн Ухааны багш мэргэжлээр төгссөн ч эзэмшсэн мэргэжлээрээ ганц ч жил ажиллаагүй. Тэрбээр оюутны холбоогоор дамжуулан намын гишүүн болсон нэгэн. Бүр тодруулбал нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтнаас ажлын гараагаа эхлүүлж, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮХАҮТ-д хэлтсийн дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх гэх мэт жилдээ хэд хэдэн албан тушаал сэлгэсэн нь ч байна.
Ийнхүү ажлыг баруун солгойгүй сэлгэсэн тэрбээр 2016 оны сонгуулиар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Түүний хувьд Нью Эйдос, Дасаб гэх хоёр компанитай. НИТХ-ын төлөөлөгч болохоос өмнө дансандаа таван сая төгрөгтэй байсан тэрбээр 2019 оны ХОМ-тээ дансандаа 55 сая төгрөгийг хуримтлуулж чадсан гэдгээ мэдүүлжээ. Ийнхүү багш мэргэжилтэй Н.Батсүмбэрэл нам дагасны хүчээр ам тосдож явна. Боломжтой бүхий л албан тушаалд томилогдож, бэл бэнчингээ ч зузаатгаад авсанаас харахад МАН түүнд багагүй зүйл “өгчээ”.
Discussion about this post