1960-аад он дэлхий нийтийн хувьд ч, Монголын маань хувьд ч их өөрчлөлт өрнөлт гарсан юм шиг санагддаг. Манай урлаг, уран зохиолын алтан үеийнхэн жараад онд ид бүтээж туурвиж, Дуурийн театр хаалгаа нээж, драмын театр ид үедээ орж, Зохиолчдын хороон дээр Дорнын их нaйрагч Б.Явуухулан, богино өгүүллэгийн мастер С.Эрдэнэ тэргүүтэй зохиолчид ид туурвиж, уншигчдыг байлдан дагуулж, ёстой л буцалж байсан үе. Дэлхий нийтэд Мартин Лютир Кинг ид “америк мөрөөдөл”-өө тунхаглаж, арьс өнгөөр ялгаварлах асуудлыг эцэслэх тухай яригдаж, сексийн хувьсгал ид өрнөн, Мэрилин Монро дэлхий нийтийг гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, дэлхий даяараа гунигт дайныг хагас хугас мартаж эхлэн, хүмүүс 2 дугаар дайны сүүдрээс гарч, цэргийн бор бааз хувцсаа гоёлын хувцсаар салах гээд, Шанель тэргүүтэй загварын орднууд яралзтал ажиллаж байсан үе. Дэлхий ер нь бүх нийтээрээ хэмнэлтэй байсан цаг. Энэ цаг үед дэлхийн тэргүүлэх гүрний ерөнхийлөгчөөр домогт Кеннеди удмын цэл залуухан хүү Жон Кеннеди ерөнхийлөгчөөр сонгогдож, компьютер техникт автаагүй дэлхий нэг л гоё байсан цаг. Гэхдээ л эмэгтэйчүүд эрчүүдээс дутуухан үнэлэгддэг, Ерөнхийлөгчийн гэргий Тэргүүн хатагтайн талаар өнөөдрийнх шиг ач холбогдол өгдөггүй байсан үе. Харин энэ үед Ерөнхийлөгч Жон Кеннедийн залуухан гэргий, Тэргүүн хатагтай Жаклин Кеннеди биеэ авч явах байдал, хувцаслалт, дэгжин төрхөөрөө байлдан дагуулж, хүмүүсийн эмэгтэйчүүдэд хандах чиг хандлагыг ч эрс өөрчилсөн биз. Жараад онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жон Кеннеди загварын өлгий Франц улсад албан ёсны айлчлал хийсэн. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, сэтгүүлчид ноён Жон Кеннедийгээс илүү тэргүүн хатагтай Жаклин Кеннедид илүү анхаарлаа хандуулж, дуран авай ч тийшээ чиглэж, албархуу уур амьсгалыг эвдсэн гэдэг. Хошин шогийн мэдрэмжтэй Жон Кеннеди ч “Би Жаклинг дагаж яваа ердийн нэг эр шүү дээ” гэж инээмсэглэн зогссон гэдэг. Магадгүй энэ цаг үе Тэргүүн хатагтайн харах нүд арай өөр болсон байх. Жараад оны загварыг Жаклин Кеннеди тодорхойлж, түүний өмссөн хувцас, зүүсэн нүдний шил маргааш нь “мода”-нд орж байсан гэдэг. Жаклин Кеннеди Америкийн ерөнхийлөгчтэй гэрлээд сэтгэлийн хувьд амар амгалан байж чадаагүй. Их гүрний ерөнхийлөгч Жон Кеннеди хүүхэмсэг эр. Үлэмжийн гоо бүсгүй Мэрилин Монрогоос эхлээд нөхөрт нь “өнгөлзөх дайсан” мундахгүй байсан. Ерөнхийлөгчийн төрсөн өдөрт Холивудын од Мэрилин Монро уригдаж, “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ерөнхийлөгчөө” гэж илт сээтэгнэн дуулахад хажууд нь байсан хатагтай Жаклин Кеннедид амар байгаагүй нь мэдээж. Нөхрийнхөө итгэлгүй байдал, хоёр жаахан хүүхдээ асрахын хажуугаах Жаклин Кеннеди биеэ сайхан авч явж, хэзээд эрхэмсэг оршсоор байсан. 1963 онд нөхөр нь Далласт нүдэн дээр буудуулж, нөхрийнх нь цус өмссөн хувцсыг нь будахыг харсан. Орилж чарлаагүй нөхрийнхөө толгойг өвдөг дээрээ тавьж чимээгүйхэн суусан Жаклин Кеннеди дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нөхөр маань алагдаж, миний хувцас цусаар будагдахад Би “Анна Каренина” зохиол бодогдож, би яг Анна Каренина шиг санагдсан” гэж хэлсэн байдаг. Нөхрөө буудуулж үхэхийг харсан эмэгтэй асар их юм бодож, шаналах нь гарцаагүй. Гэхдээ энэ уй гашуугаа хэнд ч мэдэгдээгүй. Хэдэн жилийн дараа тэрбумтан, тухайн үеийн дэлхийн тэргүүлэх баян Грекийн Аристотель Онассис гэж алдартай эртэй гэрлэж, монголчуудын хэлдгээр “торгонд хөлбөрч, тосонд умбаж” байгаад 1994онд таалал төгссөн. Ямартаа ч1 960-аад оны эмэгтэйчүүдийн гол төлөөлөл, “мода”-ны хатан хаантай цуг жараад оноор хамтдаа “алхацгаая”. Жаклин Кеннедийн энэ төрх бидэнд жараад оныг эрхгүй санагдуулна буй за.
WWW.TAIZ.MN ХҮЛЭГ
Discussion about this post