Сүүлийн үед хөрөнгө мөнгөтэй болгон нь шахуу кино ивээн тэтгэж чанартай чанаргүй олон дэлгэцийн бүтээл гарч байгаад ялангуяа киноны мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг. Гэвч нэг хэсэг уналтанд ороод байсан кино урлагийг сэргэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа олон авьяаслаг залуу уран бүтээлчид байгааг дурдахгүй байхын аргагүй. Монгол киноны уран бүтээлчид сүүлийн үед Оскарт хүртэл бүтээлээрээ нэр дэвшээд авсаныг үгүйсгэх аргагүй билээ. Их зохиолч Д.Нацагдоржийн цомнол Ардын жүжигчин, ТШ Б.Дамдинсүрэнгийн хөгжмөөр бүтээсэн алдарт “Учиртай 3 толгой” дуурийг үзээгүй сонсоогүй монгол хүн үгүй. Энэ алдарт дуурийн цомнолоор найруулагч Б.Золбаяр кино хийж үзэгчдийн хүртээл болгосон. Бид “Учиртай 3 толгой” кинонд Нансалмаагийн дүрд тоглосон “Эра” төвийн загвар өмсөгч Б.Сайнаатай уулзаж ярилцлаа.
-Нансалмаагийн дүрд тоглоход олон өрсөлдөгч байсан байх. Энэ дүрд анх яаж яваад тоглох болов ?
-Эмэгтэй хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон сайхан дүрийг анх удаа дэлгэцэнд бүтээсэндээ би үнэхээр их баяртай байгаа. Хүн бүхэн л залуу сайхан насаа дэлгэцэнд мөнхлөхийг хүсч мөрөөддөг. Өнгөрсөн зургаадугаар сард энэ киноны маань дүр сонгох зар явж сонгон шалгаруулалт явж байгааг анх сонссон. Би өмнө нь хэд хэдэн киноны олны хэсэгт оролцож байсан болохоор анх намайг таньдаг Мөнхбат гэдэг ах ярьж “Чи пробонд орооч” гэхээр нь очиж шалгуулсан. Загвар өмсч тайзан дээр байнга гардаг болохоор айж эмээж биеэ барихгүй туршлагатай байсан гэх үү дээ. Уг нь би дунд сургуульд байхдаа их ичимхий, даруухан охин байсан юм. Нансалмаагийн дүрд өрсөлдөгч их олон байсан. Мэргэжлийн жүжигчид, СУИС-д сурч байгаа охидууд ч цөөнгүй байсан. Эхний шалгаруулалтанд тэнцчихээд яах бол гэж их түгшиж байсан. Удалгүй нэг өдөр Мөнхбат ах утасдаад “Чи тэнцчихлээ. Ирж зохиолоо ав” гэхээр үнэхээр их баярлаж догдолсон. Би өөрөө Дарьганга удамтай бүсгүй болохоор монгол бүсгүйн дүрд илүү тохирсон гэж боддог. Нансалмаад тоглох болсон тухайгаа хамгийн түрүүнд хоёр эмээдээ дуулгасан. Ээж маань гадаадад байгаа болохоор дараа нь холбогдож хэлсэн.
-Киноны зургаа хаана авсан бэ? Хөгжилтэй хөгтэй явдалтай их учирсан байх. Найруулагчдаа хэр загнуулав даа.
-Киноны зургаа Архангайн Чулуут сумын Даваатын голд хөдөөний зургуудаа авч тэнд 14 шахам хоносон. Дээр үеийн хэсгүүдээ жинхэнэ сайхан байгаль дээр авсан. Анх пробонд ороход найруулагч “Морь унаж чадах уу гэж асуухаар нь чадна” гээд хэлчихсэн байсан болохоор морь унадаг хэсэг дээр жаахан түүртсэн. Хөдөө төрсөн болохоор багадаа хааяа морь унаж байсан нь их хэрэг болсон. Морь унаж үзээгүй хүний дэргэд гайгүй байсан шүү. Найруулагч маань загнахаасаа илүү маш үнэтэй сайхан зөвлөгөө өгч байнга зааж сургаж байсан. Киноны эротик хэсэг дээр зургаа авахуулахдаа жаахан эмээж зэмлүүлсэн. Хувцасны зураач Эрдэнэбилэг гэж маш чадалтай зураач байсан болохоор энэ хэсгийн зургийг их сайн харуулсан. Надтай хамт тоглосон жүжигчид бүгд мэргэжлийн жүжигчид байсан болохоор их нөмөр нөөлөг болсон. Бүгд 2-3 кинонд гол дүр бүтээчихсэн туршлагатай жүжигчид болохоор надад их зүйл зааж өгсөн. Энэ кинонд маань Архангай аймгийн театрын жүжигчид оролцсон. Нутгийн иргэд идээ цагаагаа барьж ирж зурганд оролцоод сэтгэлээсээ хандаж байсан нь их сайхан санагдсан. Бороо ороод зураггүй өнжих үед хошин шогийн хоёр мундаг жүжигчин маань биднийг ер уйдаагаагүй, их хөгжилтэй явсан. Бидний байгаа газар утасны сүлжээ барьдаггүй байсан болохоор гэр бүлийнхэнтэйгээ холбогдох гэж бөөн юм болно. Үе үе сүлжээ барьдаг газрыг нь олдог болохоор намайг “сүлжээ” Сайнаа, “антен” Амгаа гээд нэр өгчихсөн.
-Кино чинь дэлгэцэнд гараад удаагүй ч ашиг орлогоор гайгүй киноны тоонд орсон байна лээ. Гадуур явж байхад хүмүүс өөрийг чинь таньж байна уу?
-Энэ дүр маань танигдахгүй байхын аргагүй сайхан эмэгтэйн дүр болохоор хүмүүс маш сайн мэдэж байна лээ. Ялангуяа манай оюутан залуучууд кино их үздэг болсон нь их мэдрэгдэж байгаа. Энд тэнд явж байхад Нансалмаа явж байна гээд таньж байгаа нь энэ киног бүтээсэн бүх уран бүтээлчдийн маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэж бодож байна. Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд байнга оршдог халхын сайхан бүсгүйчүүдийн нэг Нансалмаагийн дүрийг бүтээсэн болохоор нэрийг нь өндөрт өргөж, сайн сайхан явах хариуцлага үүрэгтэй болсон гэж бодож байгаа. Киноны маань нээлтэнд манай ах дүүс эмээ аав, дүү маань бүгд ирж баяр хүргэхэд бараг л уйлах шахсан. Эмээгээ ирж үнсээд цэцэг өгөхөд өөрийн эрхгүй самсаа шархирсан. Тэр үед өөрийгөө үнэхээр азтайд тооцсон. Хэрвээ ээж нь дэргэд маань байсан бол их л баярлах байсан даа гэж жаахан сэтгэл гонсойсон. “Эра” төвийн Эрдэнэтуяа багш маань ирж баяр хүргэсэнд үнэхээр их догдолсон шүү.
-Танай удамд урлагийн мэргэжилтэй хүн бий юу?
-Би Сүхбаатар аймагт төрөөд 4 нас хүртлээ нутагтаа байсан. Тэгээд аав ээж маань бизнес хийхээр Оросын Иванов хотод очиж тэнд 5 жил амьдарсан. Оросод 5 жил болсон болохоор дүү бид хоёр орос хүүхдүүдтэй тоглож, монгол оюутнууд, бизнесмэнүүдтэй ойрхон байсан. Аавын маань аав Жамбалжамц Сүхбаатар аймгийн театрын найруулагч байсан. Харин хоёр эмээ маань залуудаа хөгжим сайн тоглодог байсан. Аавын ээж сайхан дуулдаг хүн бий. Авга ах Дүүрэнтөгс зураач, барималч мэргэжилтэй гэхээр ямар нэгэн хэмжээгээр урлагтай ойр гэж хэлж болно. Аав маань одоо АМХЭГ-т хэлтсийн дарга ажилтай. Эрэгтэй дүү маань ХҮДС-д сурч байгаа. Сагсны лигийн тамирчин.
– Чи ямар мэргэжилтэй бэ? Хэдэн жил загвар өмсөж байна.
-Би ХУИС-ийг Аялал жуулчлал, Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Анх 7-р ангид байхад ээж маань хөтөлж аваачиж Болормаа багшид шавь оруулсан. 2007 оноос хойш 5 жил загвар өмсөж уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Японд очиж Их аварга Давгадоржийн зодог тайлах ёслолд их орноо төлөөлж үндэсний сайхан хувцсаа сурталчилсандаа их баяртай байдаг. Тэр ёслолыг дэлхий даяар үзсэн шүү дээ. Монголоос найман загвар өмсөгч явахад тэр дунд нь багтсандаа баярладаг. Ирээдүйд мэргэжлээрээ гүнзгийрүүлж сурахаас гадна загварын чиглэлээрээ тууштай явна гэж боддог. Би оюутан болоод л биеэ дааж амралтаараа ресторанд зөөгч хийгээд хэрэгцээнийхээ мөнгийг олчихдог байсан.
-Ярилцсанд баярлалаа.WWW.TAIZ.MN
Discussion about this post