-Улсын баяр наадмаар цолоо ахиулж, улсын харцага цол хүртлээ. Уг нь “Хонгор нутгийн дэвжээ” бөхийн галыг ахалж гарсан П.Сүхбат гарьд “Манай Батболд дээгүүр барилдана, үзүүр түрүү булаалдаж магадгүй” гэж үнэлж байсан. Багш хүн, туршлагатай бөх болохоор мэдэрч байсан байх л даа?
-П.Сүхбат ах олон жил сайн барилдсан хүн болохоор багцаа харж л байсан байх л даа. Уяач хүн уясан морио тэр багцаанд ирэх болов уу гэж гадарладаг шиг дээгүүр барилдана гэж харсан байх. Ямар ч гэсэн би наймд үлдэж цолоо ахиулсандаа баяртай байгаа. Нэгдүгээрт цолоо баталлаа, хоёрдугаарт цолоо ахиулж Монгол Улсынхаа төрийн тэргүүнээс шинэ цол гардаж авлаа. Мэдээж бөх болгонд амжилтаа ахиулах бодол бий. Зорилгодоо бүрэн дүүрэн хүрсэн гэж хэлж чадахгүй.
-Таны төрсөн дүү аймгийн арслан Д.Энхбат арал чацтай, их сайн барилддаг залуу. Энэ жил начин цолонд хүрчих байх гэгдэж байсан ч чадсангүй.
-Манай дүү сүүлийн 2-3 жил улсын цолны төлөө барилдаж байна. Ирээдүйд гайгүй барилдах байх аа. Энэ жил улсын цолонд ойрхон бөхчүүдийн тоонд орж явсан. Харамсалтай нь бэртэлтэй байгаад бэлтгэл сургуулилт нь тохирч өгөөгүй. Дүүгээ надаас илүү барилдах болов уу гэж харж байдаг юм. Гэхдээ тухайн хүний өөрийнх нь хүч хөдөлмөр, ухаан мэдэх асуудал л даа.
–Танай удамд бөх хүн байсан уу. Улсын цолтой бөх бий юу?
-Манайх бөхийн удамтай. Ээжийн талд олон сайхан бөх бий. Нагацууд бүгд барилддаг. Аймгийн заан, аймгийн начин, сумын заан цолтой сайн бөхчүүд бий. Аавын талд ч аймгийн начин, сумын заан цолтой бөхчүүд байгаа. Удмаасаа анх удаа би улсын цол хүртсэн.
-Энэ жил Баянхонгорын бөхчүүдэд нэлээн хатуу байсан гэж сонссон. Б.Сэр-Од начин, аймгийн арслан Д.Энхбат, Ж.Чулуунбат бүгд л бэртсэн гэж яригдаад байсан нь үнэн үү?
-Энэ жил манай галын бөхчүүдэд бэртэл гэмтэл нэлээд байсан. Б.Сэр-Од начин л гэхэд наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад хөлөндөө гэмтэл авсан. Ж.Чулуунбат чөлөөт бөхөөр барилдаж байгаад бэртсэн. Д.Энхбатын хувьд хөлийн шөрмөс сунасан гэхчлэн сайн барилдах болов уу гэж харж байсан бөхчүүд бүгд л жаахан барцадтай байлаа. Энэ нь ч барилдаанд нөлөөлсөн.
-Саяхан Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 370 жилийн ой боллоо. Та сайн барилдаж үзүүр түрүүнд үлдсэн. Даншигт түрүүлсэн Ө.Даваабаатар та хоёртой холбоотой шуугиан нэлээд дэгдсэн. Энэ талаар?
-Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн 370 жилийн ой болоод нутагтаа шинэ цолтой очиж барилдаж үзүүрлээд ирлээ. Даншиг наадам улсын баяраас дутахааргүй өргөн дэлгэр сайхан болсон. Улсын цолтой олон бөх зорьж очиж манай нутгийн дэвжээг чимж барилдлаа. Ө.Даваабаатар бид хоёрын барилдааны тухайд нэг талаас би улсын шинэ цол аваад нутагтаа том даншигт барилдахаар очсон хүн сайхан барилдаж түрүүлье гэсэн бодол байсан. Нөгөө талаас Ө.Даваабаатарын хувьд улсын баяр наадам болоод өнгөрсөн сар шинийн баярт зориулсан барилдаанд хоёуланд нь надад өвдөг шороодсон юм. Мэдээж залуу хүн бодолтой, зорилготой барилдаж таараа, даагаа нэхэх гэж очсон биз. Нутагтаа сайхан барилдчихъя гэсэн миний бодол зорилго, Ө.Даваабаатарын даагаа нэхье гэсэн хатуу бодол хоёрын дундаас хурц өрсөлдөөн гарсан. Ширүүн ч барилдаан болсон. Бөхчүүд барилдааны явцад нэгийгээ шилдсэн, дугтарсан барилдааны хэлбэр байдаг, бидний хооронд ийм барилдаан болсон. Минийх арай хатуухан буусан тал бий. Үүнийгээ би ойлгож байгаа. Барилдаан болдгоороо болоод барьц сонгож барилдаад би өвдөг шороодсон. Тухайн үед би Ө.Даваабаатарын тохойг түрүүлж газар хүрэв үү дээ гэж бодсон. Хоёр засуул маргаантай боллоо гээд үндэсний бөхийн мөрдөгдөж байгаа журмын дагуу хөлийн цэцэд хандсан. Хөлийн цэц үзүүр түрүүний бөхийн барилдаанд нухацтай шийдвэр гаргах нь мэдээж. Хөлийн цэц шийдвэрээ гаргах гэж 5-10 минут болсон байх. Үзүүр түрүүний бөх наадмын оргил цэг байж таараа. Хоёр бөхийн барилдаан маргаантай болоод хөлийн цэцийн шийдвэр жаахан хүлээгдэхээр үзэгчдийн дунд би булхайцаад тахимаа өгөхгүй байгаа юм шиг байдал харагдсан байх. Хэн нэгнийг нь гомдоохгүйгээр зөв шийдвэр гаргах ёстой болохоор удаан хуралдах шиг болсон. Хөлийн цэц ирээд Ө.Даваабаатар давсан гэнгүүт би тахимаа өгч унаснаа хүлээн зөвшөөрсөн.
-Шагналаа ирж аваагүй гэсэн яриа гараад байгаа…?
-Тэр үед Ө.Даваабаатар тугаа тойроод индэр рүү очиж шагналаа авсан. Харин би дээл хувцсаа өмсөөд шагналаа авъя гэж бодсон. Дээлээ өмсөөд 5 минут болсон болов уу. Тэрийг шагналаа авалгүй алга боллоо гэж ойлгосон юм шиг байгаа юм. Ер нь манай Баянхонгорын Ламын гэгээний даншиг наадам үнэхээр шударга сайхан наадам болсон. Магадгүй би түрүүлээд Ө.Даваабаатар үзүүрлэсэн бол бас нөгөө талаас нь Ө.Даваабаатар бууж бөгөөд Д.Батболд түрүүллээ гэсэн хэл ам гарахыг үгүйсгэхгүй. Ер нь сайхан өрсөлдөөн гарч байна. Яах вэ хоёр бөх барилдаж байгаа юм шиг боловч ард нь давхар засуул нь, цэц нь, үзэгч олон түмэн, нутгийн уул, ус нь үргэлж хамт барилдаж байдаг гэж ярьдаг. Энэ ч бас үнэн. Тэгэхээр үзэгчид барилдааны нэг хэсэг байдаг учраас би хурц ширүүн байдал үзүүлсэн, таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол үзэгч олон түмэн минь ойлгоорой гэж хүлцэл өчмөөр байна. Цаашид ард түмний итгэл найдварыг хүлээж олон наадамд сайхан барилдана гэж бодож байгаа.
-Та “Шонхор” дээд сургуульд багшилж байсан, Ө.Даваабаатарын багш нь байсан юм уу?
-Тийм. Би “Шонхор” дээд сургуулийг төгссөн. Төгссөнийхөө дараа сургуульдаа багшилж байсан. Намайг багшилж байхад Ө.Даваабаатар оюутан, би хичээл ордог байлаа. Амьдрал дээр муудсан сайдсан ямар нэгэн бодол санаа байхгүй. Багш шавь, хуурай ах дүүгийн холбоотой сайхан харилцаатай. Хамтдаа даян аварга А.Сүхбат багшийн галд бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байлаа. Бид хоёрын хооронд ямар ч асуудал байхгүй. Ө.Даваабаатар өсөж яваа сайн бөх, би дэмжиж явдаг. Цагаан сарын болон улсын баяр наадмаар би давсан. Түүний хувьд даагаа нэхэхээр Ламын гэгээний даншигт очоод өрсөлдөж байна гэдэг ухаантай л хүний шинж. Өөрийгөө ирлэчихсэн хурцалчихсан, бэлтгэлээ хийчихсэн энэ хүнийг давна гээд явж байна. Энэ зөв. Би ч гэсэн ингээд л явах байсан. Энэ их сайхан өрсөлдөөнд Ө.Даваабаатар түрүүлээд, би үзүүрлэлээ. Бид хоёр барилдааны дараа нэгэндээ бодсон санасан юмгүй сайхан инээгээд, уулзаж яриад гар бариад салсан.
-Та хоёр “Шонхор” БТДС-ийг төгссөн болохоор Х.Баянмөнх аварга, А.Сүхбат аваргатай ойр байдаг байх. Энэ барилдааны дараа уулзсан уу. Хүмүүс А.Сүхбат аваргыг танgас даагаа нэх гэж харцага Ө.Даваабааатарыг Баянхонгорын даншигт явуулсан гэж яриад байгаа…?
-Би Баянаа багш, А.Сүхбат багш хоёртой тогтмол уулзаж зөвлөгөө авч явдаг. Баянхонгорынхоо наадмаас хойш уулзаж амжаагүй явна. Аварга багш олон шавьтай. Ө.Даваабаатар бид хоёр хоёулаа А.Сүхбат багшийн шавь. Багш “Та нар шударга сайхан өрсөлд, барилдаан дээр өөрт байгаа бүх нөөцөө гаргаж, хүчээ 100 хувь дайчилж барилдаж сур. Биеийн бөхөөр ганцыг, сэтгэлийн бөхөөр 1000-ыг дийлдэг” гэж сургадаг. Аваргын хоёр шавь багшийнхаа захиасыг биелүүлээд, багшийнхаа заасан эрдмийг гаргаад л хоорондоо өрсөлдөж байна шүү дээ. Энэ хүн бол Монгол бөхөд үнэхээр гавьяатай, шударга хүн, хүнийг зөв талаас нь хараачээ гэж хэлмээр байна.
-Энэ яриаг дэвэргэж Д.Батболд харцага нутгийнхаа дэвжээн дээр хоёр хоног Ө.Даваабаатарыг дарамталсан юм гэнэ лээ гэж яригдаад байсан?
-Тийм зүйл огт байхгүй. Хүмүүс яагаад заавал Ө.Даваабаатарыг надад унаж өгөөч гээд гуйгаад байгаа юм шиг, Ө.Даваабаатар хүмүүсийн яриад байгаа найраа гээч юманд нь оролцох гээд байгаа ч юм шигээр хараад байгааг би ойлгохгүй юм. Бид үзүүр, түрүүнд үлдэж сайхан барилдсан. Наадам шударга болсон гэдэг нь ч тодорхой харагдлаа. Нутгийн дэвжээн дээр надад унаж өг гэж Ө.Даваабаатарт ямар нэг байдлаар дарамталсан зүйл байхгүй ээ. Монгол бөхчүүд энд тэнд очиж барилдаад сайхан наадаад л явдаг. Тэр л жишгийн дагуу сайхан наадсан. Үүнийг үзэгч түмэн зөв ойлгох хэрэгтэй. Хүмүүс хоорондоо мэндлээд өнгөрөхийн төдийд заавал найрааны тухай ярих юм уу, нэг нь дарамталж, нөгөө нь дарамтлуулна гэж юу байхав дээ. Бөхчүүдийг тийм өнцгөөс харж болохгүй байхаа. Нэг хэсэг нь дэвэргэж буруу ойлгож байхад нөгөө хэсэг нь зөвөөр ойлгож барилдааныг бодитойгоор дүгнэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
-Том ламын ойд өөр нутгийн бөх түрүүлэх муу байдаг гэсэн яриа байдаг юм уу?
-Тийм бол хэн очиж барилдах вэ дээ. Том гэгээнтний ойд өөр нутгийн бөх түрүүлж болохгүй гэсэн хууль хаана байна. Хэн сайн байна, тэр хүн л түрүүлнэ. Тэр өдөр Ө.Даваабаатар сайн байлаа, тэгээд ч сайхан барилдаж түрүүллээ. 10 жилийн өмнө 360 жилийн ойгоор улсын заан Б.Ганбат одтой наадаж түрүүлсэн. Тэгээд ч бөх хүн унана гэж дэвжээнд гардаггүй шүү дээ.
-Баянхонгор Архангай, Увс зэрэг аймгуудыг бодвол алдар цуугаа дуурсгасан аварга байхгүй. Ганц гарьд нь сүүлийн 5 жил Монголд байгаагүй, ноднин л Америкаас ирсэн. Таны хувьд бөхийн дэвжээн дээр нөмөр нөөлөг дутагдах үе байсан л биз дээ?
-Надад ямар нэг татаас байхгүй. Хүмүүсийн хэлдгээр бор зүрхээрээ л үзэж явна. Мэдээж найз нөхөд, ах дүүс, нутаг нугынхныхаа дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байна.
–Баянхонгорын бөх улсын начин Б.Сэр-Од, Б.Баянжаргал нарыг муухан начны тоонд оруулж, цолоо баталж чаддаггүй гэж шүүмжилдэг?
-Миний дараа төрсөн хоёр начин бол Б.Сэр-Од, Б.Баянжаргал хоёр л доо. Монгол бөхөд өрсөлдөөн ширүүн байна. Тухайн үед тэр бөхийн бэлтгэл ханаж цол авах тохироо нь бүрдэж байж улсын цол авсан байж таараа. Гэхдээ тэдэнд хүндэтгэх шалтгаан байж болно. Бэлтгэл сургуулилтандаа цаг зав гаргаж чадахгүй, зав муутай, эсвэл өөр хувийн амьдралтай холбоотой шалтгаан байж болно л доо. Б.Сэр-Од миний үй зайгүй сайхан үерхдэг найз. Найз маань тэр бүр надтай бэлтгэл сургуулилт хийж завддаггүй. Сурахын хажуугаар ажиллаж, бизнес хийж байна. Хааяа нэг бэлтгэл хийх үү гээд утасдахад хамаг ажлаа зохицуулаад арай гэж ганц хоёр удаа бэлтгэл хийх жишээтэй. Ямар ч хүн бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийх юм бол илүү амжилт гаргана гэж боддог.
-Д.Батболд харцага, Б.Сэр-Од начин хоёр Баянхонгорын наадамд П.Сүхбат гарьдыг түрүүлүүлэх зорилготой байсан. Нийлж Баянхонгорын бөхчүүдийг хагалдаг гэж бичигдсэн байсан?
-Баянхонгорын бөхчүүд дотроо хагаралдаад байгаа юм байхгүй. Үүний тод илрэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүгд нэг гал болоод бэлтгэлдээ гарч байсан. Ямар нэг асуудал байсан бол ингэж нэгдэхгүй шүү дээ. Биднийг дэмждэг манай нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд, пүүс компаниудын захирлууд манай галыг бүгд сайшааж байгаа. Ламын гэгээнийхээ ойд П.Сүхбат ахыг түрүүлүүлнэ гэж ярилцсан зүйл үгүй. П.Сүхбат ах бол ясны бөх хүн. Мундаг хүн бол мундаг л байдаг. 10 жилийн өмнө 4-т үлдэж байсан, энэ жил мөн адил 4-т үлдлээ. Энэ бол өөрийнх нь чадал чансаа хэр байгааг харуулж байгаа хэрэг.
-Та барилдахаас гадна өөр давхар ажил хийдэг үү?
-Би ОБЕГ-ын харъяа аврах тусгай ангийн албан хаагч. Үер ус, гал түймэр юу байдаг юм, аврах үйл ажиллагаа явуулах бүх л үйл ажиллагаан дээр манай байгууллага очдог. Ер нь хаана аврах үйл ажиллагаа хэрэгтэй байна, тэр болгонд манайхан л очдог. Олон хүнд буян болдогоороо сайхан ч их л хүнд ажил даа.
–Гэр бүлээ танилцуулна уу?
-Эхнэр бид хоёр нэг нутгийн хүмүүс. Таны адил сэтгүүлч мэргэжилтэй. Их л завгүй хүн дээ. Бид хоёр охинтой өнөр гэр бүл.
Discussion about this post