Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, анагаах ухааны доктор тэй ярилцлаа.
-Монгол Улс элэгний хавдар хатуурлын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн анхан шатны мэдлэг ямар төвшинд байна вэ?
-Элэгний хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд нэгд эрэмбэлэгдэж байгаа.
Эрхтэн системийн хавдраас элэгний хавдар нэг номерт бичигдэж байна. Үүнд манай улсын эрүүл мэндийн салбар анхаарал хандуулахаас гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарч элэгний С вирусын эмчилгээг хөнгөлөлттэйгөөр оруулж ирэх боломжоор хангаж байна. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө багтааж, хэрэгжүүлэхээр боллоо.
Манай орны хувьд 1950-1960-аад оны үед иргэдийн дунд В,С вирусын халдвар нэлээд их тархсан. Тухайн үед халдвар авсан хүмүүс өдгөө 50-иас дээш насныхан буюу ихэнх нь элэгний хавдар болтлоо хүндэрсэн байна. Сүүлийн таван жилд элэгний хавдраар нас барсан хүмүүсийн 85 хувь нь С,В вирустэй иргэд байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, өвчлөл хожуу оношлогдож, нас баралтын төвшин өндөр байгаа юм. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай. Ялангуяа 40-өөс дээш настай хүмүүс хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах ёстой. Манай улсад В вирусын халдвар залуужиж байгаа. Хорь гаруйхан настай залуус В,С вирусээр өвчилж байна.
-Залуужиж байгаа гол шалтгаан нь юунаас үүдэлтэй байна вэ?
-Манипуляци ихэдсэн, цус цусан бүтээгдэхүүн хийлгэх, шивээс хийлгэх, гоо сайхны мэс ажилбар хийлгэх, осолд орох зэргээр цусанд ямар нэгэн өөрчлөлт орсноос үүдэлтэй байна. Тиймээс бие махбодийн бүрэн бүтэн байдлыг хадгалах, ямар нэгэн байдлаар цус гаргахгүй байх нь чухал. Шүд, эрүү нүүрсний мэс засал хийлгэхдээ хамгийн найдвартай, эрүүл ахуйн шаардлага хангасан эмнэлгээр эмчлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол цусаар дамждаг халдвараас өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх нь иргэдийн хувьд чухал байна. Монголчууд анхан шатны мэдлэг муу гэхээс илүү хэнэггүй зан нь сөргөөр нөлөөлж байна.
-Иргэд эхний ээлжит В, С вирустэй болсноо мэдэхийн тулд урьдчилсан сэргийлэх ямар үзлэг хийлгэх ёстой вэ?
-Хороо, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг дээр очиж В, С вирустэй байна уу, үгүй юү гэдэг урьдчилан шинжилгээг өгөх хэрэгтэй. Хэрвээ В, С вирус илэрсэн тохиолдолд вирус тоолох шинжилгээнд хамрагдаж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамрагдан эмийн эмчилгээндээ орох бүрэн боломжтой.
Дэлхийд батлагдсан С вирусыг бүрэн устгах Харвони эм дотоодод чөлөөтэй худалдагдаж байна. Үндсэндээ вирусын өвчлөлийг устгадаг таван төрлийн эм Монголд нэвтэрсэн байгаа. Хамгийн сүүлд “Монос” компанийн оруулж ирж буй Bирпас эм нь Харвони, Совалди Софосбувир гэсэн хоёр эмийн нийлбэр.
-”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд С вирусын тархалтыг үе шаттай бууруулна гэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх, үзлэг оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамруулах чиглэлд ажил хийх үү?
-Хийнэ. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, эмчилгээ хяналт, эрдэм шинжилгээний судалгаа гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрөөс бүрдэж байгаа. Тиймээс ард иргэд В,С вирусын халдвар байна уу, үгүй юү гэдгээ эрт оношлуулах эрхтэй. Оношилгоо хийсний үндсэн дээр тухайн хүний вирусын халдвар архаг байна уу гэдгийг мэдэх боломжтой. Хэрвээ С вирустэй бол эм угаад бүрэн устгах боломжтой болсон. В вирус илрээгүй бол В вирусын эсрэг вакцин хийлгэх ёстой. Харин В вирус илэрсэн бол эмчилгээ хийлгэнэ. В вирусын эмчилгээ Монголд нэвтэрсэн байгаа. Тиймээс иргэд өөрийнхөө биед анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд яаралтай хамрагдах хэрэгтэй. Ер нь хүн өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө л анхаарал тавих ёстой. Учир нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө 80 хувийг зориулж, эмч эмнэлгийн байгууллага 20 хувийг зориулахад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрах бүрэн боломжтой байдаг. Эрүүл байх нь өөртөө хайртай, эрүүл мэнддээ анхаарахаас эхэлнэ.
Шинж тэмдэг илэрнэ гэдэг өвчин архагшиж байгаагийн шинж
-Ихэнх иргэд шинжилгээ өгөхөд В, С вирустэй байна, вирус тоолох шинжилгээ өг гэдэг. Гэтэл иргэдийн ихэнх нь мөнгө санхүүгийн байдлаасаа болж вирус тоолох шинжилгээнд ордоггүй, хойшлуулах тохиолдол нэлээд байх шиг. Жишээ нь, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд вирус тоолох шинжилгээний үнэд хөнгөлөлт орсон уу?
-”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд тодорхой төсвийг баталж өгсөн. Эрүүл мэндийн даатгалтай бол Халдварт өвчин судлалын үндэсний төв С вирусыг үнэ төлбөргүй тоолж байгаа. Гэхдээ 100 хувь тоолно гэж байхгүй. Санхүү мөнгөний хувьд хүнд учраас тодорхой хэмжээний квот тогтоож эрүүл мэндийн даатгалд хамруулж байна. Ерөнхий нэршлийн эмүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар холбогдох байгууллагууд комисс гарган хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалаас тодорхой хөнгөлөлтүүд эдэлж эхэлбэл иргэд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр шинжилгээ, эмчилгээ хийлгэх боломж гарна. Манай улсын хувьд элэгний эмчилгээ, оношилгооны бүтээгдэхүүнийг 99 хувиар хямдруулж авч байгаа учраас бусад улстай харьцуулахад маш хямд тусч байгаа. Иргэд энэ боломжийг алдах эрхгүй. Гэхдээ үнэгүй юм гэж байдаггүй. Вирус тоолох шинжилгээ маш нарийн оношлууртай, нэг миллетр ц.усанд байгаа вирусийн тоог гаргадаг учраас энэ хэрээрээ өндөр өртөгтэй байдаг. Бүрэн автомат анализатор гэдэг аппаратаар оношлогддог. Энэ төрлийн шинжилгээг хийх 6-7 төрлийн лаборатори Монголд бий болоод байна. Эдгээр лабораториудад вирус тоолох шинжилгээ хийгдсэний дараа ямар эмчилгээ хийх нь тодорхой болдог.
-Монголчуудын хувьд нарийн шинжилгээ хийлгэхээс илүү өөрт илэрсэн шинж тэмдгээр өвчнөө тодорхойлж, дур мэдэн эм уух, эмчилгээ хийх тохиолдол гардаг. Ер нь ямархуу шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй вэ?
-В, С вирусын халдвар авсан тохиолдолд 15-20 жилийн дараа элэгний архаг үрэвсэл болон оношлогдож, энэ цаашлаад элэгний хатуурал, хавдар болоод байна. Гол аюул үүндээ байгаа юм. Тэгэхээр тухайн хүнд В,С вирусын халдвар байна уу, үгүй юү гэдгийг хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Элгийг дүлий эрхтэн гэж ярьдаг. Хатуурал, хавдар болох хүртлээ өвддөг эрхтэн тун ховор.
Гэхдээ элэг хоол боловсруулах замын эрхтэн учраас нарийн ажиглавал ходоод цанхайх, гэдэс дүүрнэ, баруун хавирганы нумаар хатгаж өвдөх зовиур илэрдэг. Ерөнхийдөө элэгний өвчтэй хүмүүсийн царай харлах, амархан ядарч сульддаг, гарын алга улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр иргэдэд ийм шинж тэмдгүүд илэрч байгаа тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад хандаж нарийн шинжилгээг хийлгэх ёстой. Элэгний хатуурлын үед маш их ядрахаас гадна биеийн эсэргүүцэл эрс мууддаг. Ер нь шинж тэмдэг илэрч байна гэдэг нь тухайн өвчин нэлээд архагшиж байгааг илэрхийлдэг. Тиймээс заавал шинж тэмдэг илрэхийг хүлээх биш өөрийн биедээ анхаарч анхан шатны шинжилгээг заавал хийлгэж байх ёстой. Элэгний эсийн шинжилгээ, хэвлийн хөндийн эхог хийлгэсэн байхад элэгний өөрчлөлттэй эсэх нь оношлогддог. Монголд элэгний өвчлөлийн оношилгоо бүрэн төгс хийгдэж байгаа учраас иргэн та өөрийнхөө төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, амьдралынхаа хэв маягийг зохицуулах хэрэгтэй.
-Элэгний өвчлөлд буруу хооллолт, архи тамхи зэрэг амьдралын буруу хэв маяг хэр нөлөөлөх вэ?
-Маш их нөлөөлнө. Хүний бүх идэж ууж байгаа зүйлийг шинжилж байгаа гол лаборатори нь элэг. Тиймээс өглөө хэдэн цагт босч, юу идэх үү, өдөр ажил амралтаа хэрхэн зохицуулах уу, орой унтахынхаа өмнө ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэх үү гэдэг мэдээлэл маш чухал. Элэгний өвчтэй хүмүүс уураг, өөх тостой хоолыг аль болох бага хэрэглэвэл сайн. Гэхдээ огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Уураг, өөх тос ихтэй хоолыг өдөр идэх хэрэгтэй. Хүн өглөө заавал хоол идэж байх ёстой. Өөрийнхөө биед хэрэгтэй илчлэг сайтай хүнсийг хэрэглэж занш. Үдээс өмнө 11 цаг амин дэмээр агуулсан ногоо, хүнс хэрэглэ. Өдөр 13-14 цагийн хооронд уураг агуулсан мах төрлийн хоол ид. Үдээс хойш 16 цагийн үед өөх тос багатай хөнгөн жимс, тараг, сүү хэрэглэж болно. Орой 18-19 цагийн хооронд мөн хөнгөн юм ид. Өдөрт хоёр цагийн зайтай хөнгөн хоол идвэл ходоод өлсдөггүй. Манайхан маш олон цагаар өлсгөлөн явж байгаад гэнэт ихээр иддэг. Энэ нь маш буруу буюу хоол боловсруулах замын эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Хоёрт, Монголчууд амьтны гаралтай өөх тос маш их хэрэглэдгээс болж цусан дахь өөх тосны зохистой хэмжээ алдагддаг. Тиймээс иргэд амьдралынхаа буруу хэв маягаасаа салбал хоолоороо дамжуулан хоол боловсруулах замын эрхтнээ өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх боломжтой.
-Буруу хоолловол элэгний өвчин сэдэрнэ гэж байх уу?
-Байна. Зарим хүмүүс вирусын гаралтай элэгний өвчнөөр өвдчихсөн мөртлөө эдгэрэх шатандаа явж байхад нь зөв хооллоогүйгээс өвчнөө сэдрээх явдал байдаг. Ингэж буруу хооллож өвчнөө сэдрээснээр хоол боловсруулах эрхтэн хямарч, элэг цөсний үйл ажиллагаа амархан өөрчлөлтөд ордог.
-Элэгний өвчтэй хүмүүс хэдий хэрийн хугацаанд хоолны гам барих ёстой вэ?
-Элэгний өвчтэй хүмүүсийн хувьд үндсэн эмчилгээнд хоолны эмчилгээ багтдаг. Яагаад гэвэл хоол боловсруулах замын эрхтэн учраас хамгийн түрүүнд хоолноосоо эмчилгээ авна. Тийм болохоор вирусийн гаралтай элэгний өвчтэй хүмүүс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй. Насан туршдаа шүү. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй.
Discussion about this post