Байгаль орчны яамнаас зарласан баавгай унтуулах 12 ширхэг буу дагалдах хэрэгслийн хамт худалдаж авах 450.4 сая төгрөгийн тендерт “Алтан долгио” ХХК шалгарчээ. “Алтан долгио” ХХК нь Төрийн банканд 32 сая төгрөгөөр хийн гар буу, 74 сая төгрөгөөр хамгаалагчийн хувцас, ЗХЖШ-т 2.1 тэрбум төгрөгөөр цэргийн тусгай хүчний хамгаалалтын хувцас нийлүүлж байсан бизнесийн түүхтэй. Мөн “СОР-17” хурлын шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмжийг 101 сая төгрөгөөр нийлүүлжээ.
“Алтан долгио” ХХК-ийг Пагамын Рэгзэдмаа хэмээх эмэгтэй эзэмшдэг, захирлаар нь хүү Б.Батсүх нь ажилладаг. П.Рэгзэдмаагийн нөхөр С.Батмөнх 2016-2022 онд нийслэлийн харьяа “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажиллаж байжээ. Тухайн үедээ С.Батмөнх АТГ-т жилдээ 2.0 тэрбумын орлоготой гэж мэдүүлдэг, нийслэлийн хамгийн баян дарга нарын нэг байв.
“Алтан долгио” ХХК-ийн “гэрийн эзэн” С.Батмөнхийн эхнэр П.Рэгзэдмаа, төрсөн ах С.Батмөнхийнх нь эхнэр Д.Цэзэн хоёр “Эцэг эх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин С.Батнасан нь “Эцэг эх хүү” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд С.Батмөнхийг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажиллах хугацаанд халуун, хүйтэн усны шугам сүлжээ засварлах хэд хэдэн тендерт нь оролцоод амжжээ. Өөрөөр хэлбэл, С.Батмөнх, С.Батнасан хоёр “Эцэг эх” ХХК-аар ч, “Эцэг эх хүү” ХХК-аар ч халаас нэгтэй гэсэн үг.
С.Батнасан нь хоёр хүүтэй, хоёулаа МАН-ын гишүүн. Том хүү нь УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн найз, бага нь нүүрсний хулгайн хэргээр ял эдэлсэн алдарт Т.Аюурсайханы итгэлт хүн. Н.Батсүмбэрэл, Т.Аюурсайхан хоёр 2012 оноос Чингэлтэй дүүрэгт хамт яваа ганзага нийлсэн нөхөр.
Бага хүү Б.Батхуяг нь 2017-2020 онд МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны Ажлын албаны даргаар ажилласан байна. Тухайн үед МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар Т.Аюурсайхан ажиллаж байсныг бүгд мэднэ. Ийнхүү Б.Батхуяг Т.Аюурсайханд гурван жил зүтгэсний хариуд 2020 оны орон нутгийн сонгуулиар Т.Аюурсайханы тойрог Чингэлтэй дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Хачирхалтай нь Б.Батхуяг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс гадна, 2021 оноос Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргаар давхар ажиллаж эхэлсэн байдаг. Хоёр дүүрэг холбож хоршиж ажилласан сайн “намчин” бололтой.
Том хүү Б.Батболд нь 2023 оноос Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргаар ажиллаж эхэлжээ. Төрсөн ах дүүс Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргын суудалд ээлжилж суусан гэсэн үг. Бас л сонин намтар шүү. Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл ажиллаж байжээ. Б.Батболд нь Н.Батсүмбэрэлтэй нас чацуу. Тиймээс ч Н.Батсүмбэрэл найз Б.Батболдыгоо төрсөн дүүг нь залгамжуулан Чингэлтэй дүүргийн 5-р хорооны Засаг даргын суудалд залсан байж болох. Б.Батболд Ерөнхий сайд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын 10 жилийн ойн баярт УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлтэй хамт уригдаж очсоныг доорх зургаас харж болно.
Товчхондоо, Байгаль орчны яамны баавгай унтуулах бууны 450.4 сая төгрөгийн тендерийг авсан “Алтан долгио” ХХК-ийн эзэн С.Батмөнх нь МАН-ыг засаг барьж эхэлснээс хойш буюу 2016 оноос “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” АТҮГ-ын Дэд даргаар ажилласан, төрсөн ахынх нь хүүхдүүд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга асан, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны засаг дарга асан, Ерөнхий сайд Н.Учралын “Yes Mongolia” ТББ-ын гишүүн гээд яах аргагүй “духан дээрээ улаан таван хошуутай” МАН-ынхан байж таарч байна.





Discussion about this post