Шадар сайд Я.Содбаатарт сайдын суудал хатууддаг юм уу гэлтэй, сайдаар томилогдсон ч жил болж чадахгүй огцрох явдал хоёронтаа тохиолдлоо. Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсны улмаас сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон. Оронд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баруун гар Я.Содбаатар 2018 оны 10 дугаар сарын 05-нд Зам тээвэр хөгжлийн сайдаар томилогдсон. УИХ-ын чуулганы хуралдаанаар түүнийг Зам тээвэр хөгжлийн сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж, 90.8 хувийн саналаар дэмжигдсэн юм. Харамсалтай нь 2019 оны 02 дугаар сарын 01-нд огцорсон. Тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гарган ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тэр үед Я.Содбаатар “давхар дээл”-тэй сайд байсан учраас УИХ-ын гишүүн хэвээрээ үлдсэн.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд Я.Содбаатар нэр дэвшээгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй МАСЗХ-г хамт үүсгэн байгуулж, Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан болохоор УИХ-ын сонгуулиар намынхаа сонгуулийн штабад ажиллаж, үүнийхээ хариуд Шадар сайд болсон. Харин өчигдөр төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү халад, табочкитай зөөсний улмаас ард иргэдийн шахалтад автан ажлаа өгөхөөр болов. Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр өнөөдөр хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өглөө. Ийнхүү УИХ-д нэр дэвшээгүй Шадар сайд шалдан ноён боллоо гэж болно.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нөхцөл байдлыг байгаагаар нь шулуухан хэлдэг, өөрийгөө хамгаалах гэж худлаа бөөрөнхийлдөггүй сайн зан чанартай, салбартаа олон шинэлэг зүйл хийх ирээдүйтэй залуу. Их хүнд үед сайдын алба хашиж, өөрийгөө бүрэн таниулж чадсангүй. Эрүүл мэндийн сайдыг огцруулахдаа тулбал экс эрүүл мэндийн сайдыг нь огцруулах ёстой байсан юм. Шинэ сайд зүгээр л хуучин сайдын “баасан” дээр халтирчихлаа. Экс Эрүүл мэндийн сайд халдвар дотооддоо халдварлаагүй байсан бүтэн 10 сарын хугацаанд, хэрэв эмнэлгүүдэд халдвар гарсан тохиолдолд ийм тийм журмын дагуу ингэж ингэж зохицуулна гээд бүгдийг хийчихсэн байх ёстой байсан. Ядаж л коронавирусын халдвартай хүнийг зөөвөрлөх журмыг батлаад, тусгай зориулалтай вакум носилкиор эмнэлгүүдээ хангачихсан байх ёстой байсан. Үүний ялыг шинэ залуу сайд үүрлээ” гэсэн харамслын үгээр үдүүлж байна.
Discussion about this post