Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдөр зарласан билээ. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан байдаг.
Тэгвэл ирэх жилийн улсын төсөвт Шинэ Хархорум хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад 30 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалж байгаа ажээ.
Шинэ Хархорум хотын төсөлтэй холбоотой сонирхолтой зарим мэдээллийг хүргэе.
НЭГТ. 189 мянган га-д 500 мянган хүн.
Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулж төлөвлөх ажээ.
ХОЁРТ. Зам талбайн 70 хувийг явган, дугуй, нийтийн тээвэрт зориулна.
Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг нь явган болон дугуйгаар, нийтийн тээвэр зорчиход зориулах ажээ. Харин 30 хувийг нь автомашины хөдөлгөөнд зориулах юм байна.
ГУРАВТ. Ерөнхийлөгчийн ордонг байгуулна.
Эл шинэ нийслэлийг төр захиргааны төв болно хэмээн тооцоолж байгаа ажээ. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбаррыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Еөрнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах юм байна. Тухайн ордон нь эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга байх ажээ. Тус ордныг Өндөр толгой гэх газарт байгуулахаар товлосон байна.
ДӨРӨВТ. 25,780 га талбайнд төлөвлөлт хийнэ.
Шинэ Хархорум хотыг 25,780 га төлөвлөлтийн талбайтай ажээ. Харин Улаанбаатар хотын хувьд 9800 га талбайг хамардаг. Тэгэхээр шинэ хотын хувьд 2.6 дахин том талбайг хамарсан гэсэн үг.
ТАВД. Шинэ хотын нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэнэ.
Олон улсын зэрэглэлийн шинэ нисэх буудлыг Хархорум хотын төвөөс 50 км зайтай байгуулах ажээ. Ингэхдээ тус нисэх буудлыг Мөнх хаан гэж нэрлэх юм байна. Учир нь тус хааны үед Хархорум хот дэлхий дахинаа алдар суугаа түгээсэн хэмээж, ийн нэрлэхээр болжээ. Чингис хаан олон улсын нисэх буудал нийт зургаан гарцтай бол Мөнх хаан нисэх буудлыг 18 гарцтайгаар төлөвлөж байгаа аж.
ЗУРГААД. Хархорум хотын төв цэгийн хүндэтгэлийн байгууламжийг ирэх жил барина.
Шинэ Хархорум хотын судалгаа, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөлтийг хийж байгаа ажээ. Гэвчиг ирэх жил тус хотын төв цэг дэх хүндэтгэлийн байгууламжийг барьж эхлэх юм байна. БХБЯ-наас ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.


Discussion about this post