-Сүүлийн үед урлагийнхнаас бөө их “төрөх” болсон. Түүний нэг нь Gee-г бөө болсон гэж яригдаад байгаа. Энэ үнэн үү?
-Тийм юм байхгүй. Яахав, үнэндээ манай урлагийнхан дундаас онгод шүтээнээ авч бөө болсон хүмүүс их байгаа нь үнэн. Тэглээ гээд Gee бөө болсон гэсэн үг биш шүү. Миний хувьд газар, тэнгэрээ шүтэж явдаг, бөөгийн шашныг хүндэлж шүтдэг. Гэхдээ бусад хүмүүс шиг надад онгод шүтээн авч бөө болсон юм байхгүй. Тэр яриа бол худлаа шүү гэдгийг хэлмээр байна.
–Монгол реппер Gee-гээр уран бүтээлийн сонин сайхан юутай байна. Олз омог их үү?
-Уран бүтээл ч гэж дээ, юмаа хийж л байна. Олз омгоо олоогүй л байна, олох байлгүй дээ. “Хужаа” гэдэг дуу гаргаж клипийг нь “Мах импекс” компанийн байранд хүйтэн хөлдөөгчин дунд хийж дуусгасан. Найруулагчийн санаагаар тэгж хийсэн л дээ. Би өөрөө энэ клипээ их гоё болсон гэж бодож байгаа.
-Сүүлийн үед хип хоп хамтлаг, дуучид олшроод байгаа. Харин чиний стиль имиж арай өөр юм шиг санагддаг. Ер нь хэзээнээс ингэж дуулах болсон бэ?
-Би чинь бүр бага байхдаа, нэг, хоёрдугаар ангид байхаасаа шүлэг оролддог байсан л даа. 1996 онд анх Snoop Dogg болон бусад хамтлаг дуучдын хип хоп дууг сонсоод тухайн үед жаахан хүүхэд байсан учраас “гоё юм байна” гээд шууд хүлээж авсан. Тэгээд оролддог байсан шүлгээ хөгжим дээр уншиж реп хийж болох юм байна гэдгийг ойлгоод оролдож эхэлсэн. Түүнээс биш миний мэргэжил чинь сэтгүүлч шүү дээ. РТДС-ийг сэтгүүлч-зураглаач мэргэжлээр төгсөөд Үндэсний телевиз, студид ажиллаж байсан. Телевизийн мэргэжил чинь сонин шүү дээ, зургаа авна, монтажаа хийнэ гээд юм юм л хийдэг байсан. Мэргэжлээрээ ажиллаж байхдаа ч би шүлгээ оролддог байсан. Манай оюутны ангийнхан намайг хэлдэг байсан, “хичээлээ хийдэггүй, дэвтрээрээ дүүрэн дууны үг биччихсэн сууж байдаг байсан” гэж. Тэгээд өөрийн сонирхлоор явсаар байгаад 1998, 1999 оноос өөрийн ганц, хоёр дуу хийгээд оролдож эхэлсэн. Тухайн үед гаргасан дуунуудыг маань fm-үүд авна гэж ч юу байхав. Хараал, ерөөлтэй болдоггүй л байсан байх л даа. Харин дээд сургуулиа төгссөөд 2005 оноос хойш идэвхитэй оролдсон. Би өөрийнхөө хийж байгаа дуунуудыг миний мэргэжлийн ажил гэж боддог ш дээ. Бусад сэтгүүлчид ярилцлага аваад, нийгмийн байдлыг харж эргэцүүлээд нийтлэл бичдэг шиг би харж байгаад эргэцүүлсэн тэр зүйлээ хөгжмөн дээр буулгадаг байхгүй юу. Ямар нэгэн хүнээс дууны үг авна гэж байдаггүй, тэгээд ч хүнээс үг авна гэж байхгүй, өөрийнхөө үгээ цаасан дээр буулгаад аян дээр үглээд хүмүүст хүргэж байгаа. Энэ нь миний мэргэжлийн ажил гэж боддог.
-Зарим дуунууд чинь хэтэрхий задгай, хараалын үгтэй байдаг. Гаргасан дуун дээр чинь ч юмуу ер нь янз бүрийн дарамт, санал, шүүмжлэл ирдэг үү?
-Ер нь бол санал, шүүмжлэл их ирдэг. Аливаа зүйлээс өө, сэв хайдаг хүмүүс их ш дээ. Урам хайрлахаас илүү шүүмжлэх хүмүүс их байдаг. Надад урам хайрлалаа гээд би тэнгэрт гарчихгүй, мууллаа гээд муудчихгүй. Өөрийнхөөрөө л явдаг. Янз бүрийн дуу гаргахаар намайг “ална” гэсэн хүн байдаг юм ш дээ. Гэхдээ амьд л байна, одоохондоо. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой, миний үзэл бодол таалагдах нэг нь байхад, таалагдахгүй нэг нь бас байна. Таалагдахгүй хүмүүс нь тэгдэг юм байлгүй дээ, би тоодоггүй юм аа. Гэхдээ миний гаргасан “Хужаа”, түүний өмнө гарсан “Зогсолтгүй” гэдэг дууг сонсоод хатуу хөтүү хараал хэлж байна уу бүр сайн чихээ наагаад сонсоод үзэхгүй юу. Уг нь бол ямар ч хараал байхгүй гэж би боддог ш дээ, ёгт утгатай л болохоос биш.
-Gee Улаанбаатар хотын унаган хүүхэд үү. Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?
-Хоёрдугаар анги хүртлээ миний бага нас Өвөрхангай аймгийн Цэргийн ангид өнгөрсөн. Аав маань цэргийн хүн байсан болохоор дагаад л нүүдэг байсан. Өвөрхангайн 252-р цэргийн анги руу дагаад л нүүхгүй юу. Түүнээс хойш Улаанбаатарт байсан л даа. Хотод Улаанхуаран, Чингэлтэй, Толгойт, 120 мянгат гээд хаа сайгүй байсан. Ерөнхийдөө Толгойтод л төвлөрсөн дөө.
-Тэгэхээр “G хороолол” гэдэг дуу чинь бодит амьдралаас сэдэвлэсэн дуу гэж ойлгож болох уу. Зарим хүмүүс чамайг рекламдаж тэр дууг дуулсан гэж яриад байдаг?
-“G хороолол” миний гурав дахь цомгийн дуу. Клип хийнэ гэж байгаад мөнгө төгрөг байхгүй болохоор чадаагүй юм. Зүгээр л цомгон дээр гаргасан дуу. Ер нь бол эргэн тойронд байгаа юмыг л дуулсан ш дээ, гэр хорооллын амьдрал ийм байна гэдгийг, хүмүүс ингэж амьдарч байна, амьдрах гэж ингэж зүтгэж байна гэдгийг л дуулсан. Миний амьдралыг би юм шиг мэддэг хүмүүс байдаг юм ш дээ. Түүнээс биш би реклам хийгээгүй. Сая бас “Хужаа” гэдэг дуун дээрээ монголчууд бүгдээрээ хужаа хувцас өмсдөг гээд л, Gee өөрөө хятад хувцас өмсдөг гээд л байсан, надтай хамт дэлгүүр явж байсан юм уу даа. Gee өөрөө хятад хоол иддэг, хятадын хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг гээд л, надтай хамт захаар явж байсан юм байлгүй дээ, бодвол. Надтай хамт амьдарч байгаа манай эхнэр шиг юм ярьдаг хүмүүс байдаг юм. Тийм юм байхгүй ш дээ, би Толгойтод өссөн, тэндхийхэн намайг бүгдээрээ мэднэ. 1996 оноос хойш өнгөрсөн зуныг хүртэл Толгойтод байлаа. Одоо 40 мянгатад байгаа, эхнэртэйгээ тусдаа гарсан. Өмсдөг хувцас бол монгол бараа ш дээ. Би ямар нэг гадаад хүнд хөрөнгө оруулалт хийхээсээ илүү монгол хүнд тав, арван цаас өгчих юмсан гэж боддог. Миний өмсөж байгаа бүх хувцас монгол, энэ куртик гэхэд захиалгаар оёдолчноор хийлгэсэн байх жишээтэй. Аль болох л монгол юмаа хэрэглэхийг боддог. Намайг өөлөх хүмүүс их байдаг, угаасаа төгс хүн гэж хаана ч байхгүй ш дээ.
-Эхнэртэйгээ тусдаа гарсан гэсэн үү. Гэр бүлээ танилцуулаач. Магадгүй чамайг сонирхож байгаа охид их байдаг юм шиг байна лээ?
-Манай эхнэр Нийгмийн ухааны чиглэлээр сурдаг энгийн л нэг даруухан охин байгаа. Гэхдээ насаар бол оюутнуудаас эгчмэд, гадаадад сурч байгаад жил алдчихсан юм. Охин маань бага байгаа болохоор хүүхдийнхээ талаар яримааргүй байна. Аав болох гоё ш дээ. юу нь муухай байхав дээ, сайхан л байна ш дээ. Намайг сонирхож байгаа бүсгүйчүүд байвал одоо “game over” л гэж хэлье дээ. Тоглоом дууссан, эхнэртэй болсон гэж хэлье. Би эхнэртээ үнэнч, надад ямар нэгэн өөр эмэгтэй хүний орон зай хэрэггүй.
-Gee-г Маралжингоотой үерхэж байсныг уншигчид мэднэ байх. Та хоёр яагаад салсан юм бэ. Маралжингоог байнга шил зүүдэг болохоор нь та хоёрыг салсан гэсэн шог яриа гарсан байна лээ?
-Таарч тохирохгүй болоод л салсан. Хүн хүнтэй сэтгэлийн холбоотой болохдоо хүний гаднахыг хардаг юмуу. Шилтэй байна уу, үгүй юу, эсвэл нүүрэндээ ямар будаг түрхдэг юм байна, үсээ ямар шампуниар угаадаг юм, ямар сүрчиг түрхдэг гэдгийг нь ярьж байгаад болдог юмуу, үгүй байлгүй дээ. Тийм юм гэж юу байхав дээ. Зүгээр бид хоёр нийлээд болох нь уу бүтэх нь үү үзсэн, болоогүй бүтээгүй. “За болохгүй, бүтэхгүй юм байна” гээд ярилцаад салсан. Тэгээд л болоо. Нэг жилийн хугацааг хамтдаа өнгөрөөсөн. Өөр зүйл байхгүй. Одоо бол би ханиа олсон. Одоо Маралжингоотой огт холбоогүй байдаг.
-Хүн өөрөө ёс суртахуунтай байж бусдыг шүүмжлэх хэрэгтэй гэж ч үзэх хүмүүс байдаг. Чи энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
-Би сурсан, мэдсэнээрээ, олж авсан орчныхоо үг хэллэгээрээ л дуулж байгаа ш дээ. Би өөрөө хэл зохиож дуулаагүй. Хэрвээ тэрний бурууг хайх гээд байгаа бол надад зааж өгсөн миний дээд талын үеэс асуух хэрэгтэй. Тэгээд тэдний бурууг хайх гээд байгаа бол өшөө тэдний орчныг бүрдүүлсэн тэдний дээд үеэс хайх хэрэгтэй. Хүмүүс намайг хараадаг л гэдэг юм. Яадаг юм, хараах үедээ хараана ш дээ. Яагаад болохгүй гэж, эрх чөлөө, ардчилсан нийгэм ш дээ. Хамгийн гол нь сонголт. Би хараалтай дуу сонгоод дуулж байна, сонсох нь харин хувь хүний сонголт. Үнэхээр надад дургүй бол сонсоод байх шаардлага юу байна аа. Монголын хип хопод зөндөө л олон гоё гоё дуунууд байна ш дээ. Тэрийгээ сонс л доо. Заавал намайг сонсох албагүй ш дээ.
–Нэг хэсэг “Опозит” хамтлаг, “Татар” хамтлагтай муудалцаад дуугаар “байлдаад” байсан. “Татар”-ын Заяа танай жорлонгийн банзыг пааландаж өгье гэж бодож байгаа гэж ярилцлага өгсөн байсан?
-Хүүш тэгээсэй, болж байна ш дээ. Гэхдээ ганцхан хүнийхийг гэхээр жаахан онцгүй юм даа, тийм ээ. Ер нь энэ улстөрчид, хот байгуулалтын хүмүүс нь гэр хорооллыг тохижуулж чадахгүй байна ш дээ. Заяа тохижуулаад өгчихвөл болж байна ш дээ, сайхан л байна. Манайх Толгойтын 20-185-д байдаг юм шүү, Заяад хэлчихье. Манай жорлонг пааландаад өгөөрэй. Би одоо тэндээ байхгүй байгаа, гэхдээ яахав настай ээж минь байгаа, ээж минь яахав дээ паалантай жорлонтой болог. Болж байна ш дээ, яагаад болдоггүй юм. Гоё байна, “өшөө” олон хүнийхийг тэгвэл сайхан байна.
-Одоо тэд нартай хэр харилцаатай байдаг вэ. Яагаад ингэж дуугаар “байлдах” болсон юм бэ?
-Өөрсдөө л хүнийг зүгээр байхад дуулаад байдаг юм ш дээ. Намайг зовлонгоо тоочлоо л гэх юм. Манай залуучууд олонх нь яахав, тасарсан сайхан байжээ, би мэдэхгүй байна. Гэхдээ миний орчин дахь миний хүрээний залуучууд надтай зовлон нэгтэй л байгаа ш дээ. Зовлонгоо тоочно шүү дээ, шийдэж өгөх хүмүүс нь шийдэж өгье гээд гарчихсан байгаа ш дээ. Одоо бол тэр хамтлагуудтай харилцаа байхгүй, гэхдээ хэрэлдмээргүй байна, үнэндээ. Хэрүүлээс өөр дуу хийе л дээ. Дуулах сэдэв зөндөө байна ш дээ. Бие биенийгээ чичилж яасан ханадаггүй юм бэ, уг нь нэг урлаг ш дээ, хип хоп гэдэг чинь. Уг нь нэг үндэстэн юм байгаа юм ш дээ. Ингэж байхаар дуугаа дуулаад явж байвал уг нь зүгээр юм болов уу. Хүн ирээд чимхээд цохиод байвал дургүй хүрээд нэг алгадаад авна биз дээ. Түүнтэй л яг адилхан, энд тэндээс хатгаад байхаар чинь хатгахаас өөр арга байхгүй, хэцүү байгаа юм чинь. Одоо би үнэндээ тоохгүй байгаа. Ядаргаа байна ш дээ, пааландаж өгнө энээ тэрээ гээд байх юм. Цаадах чинь өөрөө “Дэнжийн-1000”-д байсан, өөрийнх нь жорлон паалантай байсан болохоор туршлагатай юм байлгүй дээ. Гэхдээ би бас бодсон л доо, хөлдүү паалан дээр суухад бөгс хайрна, өвөлдөө дулаахан байхгүй бол болохгүй ш дээ.
-“Мongolian music awards”-ыг шүүмжилж “Pizda” гэж дуу гаргаж байсан байх аа. Яагаад тэгэх болсон юм бэ?
-Тэр дуу гарсны дараа жил нь намайг албан ёсоор оруулахгүй гэсэн ш дээ. Яагаад гэдгийг нь би яаж мэдэх юм, оруулахгүй гэхээр нь оруулаагүй. Тэрний дараагийн жил буюу өнгөрсөн жил намайг орооч гэхээр нь би албан ёсоор орохгүй гэсэн. Яагаад гэхээр би хоёр, гурван жил дараалан үзсэн хошин шогоо дахиж үзмээргүй байна. Нэг киногоо дахиад л давтаад үзээд байвал тэнэг биз дээ. Тэрний оронд шинэ хошин шог, “Маск”-ийн шинэ тоглолт үзчихвэл хамаагүй дээр. Арай л илүү өгөөжтэй, юм ойлгохоор байгаа. Шал худлаа ш дээ, “ээ арай ч дээ” гэмээр, ангийн толгой хэдэн фракц нь ангийн хуримтлалаа хуваагаад идэж байгаа юм шиг болдог ш дээ. Намайг лав клипээ аваачиж өгөхөөр оруулдаггүй ш дээ. Ярилцлага авахаар өөдөөс хийх гээд байдаг. “Gee монгол реппер юм байж плакатан дээрээ яагаад буутай зураг тавьчихсан юм” ч гэх шиг. Би тэгээд монгол реппер гэхээрээ нум сумтай, монгол дээлтэй байх ёстой байсан юм уу. Би өөрийнхөөрөө л баймаар байна ш ээ. Би хүнд таалагдахгүй бол заавал тэгж чичлүүлэх албагүй ш дээ. Угаасаа тэрэнд ороод байх хүсэл сонирхол надад байхгүй ээ. Тэрний шилэн цомыг авлаа гээд тэр надад амжилт биш, тэр чинь сувинер ш дээ. Жинхэнэ амжилт гэдэг бол өөрийн бүтээлээ хүнд хүргээд, хэрэгжүүлж авсан юмаа амьдралдаа хэрэгжүүлж чадаж байвал тэр амжилт ш дээ. Түүнээс биш мянган цомог зараад, олон шилэн цом цуглуулах нь миний хувьд амжилт биш. -Цаашдаа энэ чиглэлээрээ дуу гаргаад дуулаад байх уу. Ямархуу дуу дуулъя гэж бодож байна? -Ер нь дуунууд байна. Одоо харин экологийн сэдэвтэй дуунууд гаргая гэж бодоод байна. Тэгэхгүй бол одоо хар л даа, улаан шороогоор шуураад, цөлжөөд л. Алтыг хүн иддэг билүү, малыг хүн иддэг билүү. Мал юу иддэг билээ. Бодмоор юм шиг санагдаад, нэг хийсэн дуу байгаа. Тэрийгээ дүрсжүүлэх гээд үзээд л байна. Мөнгө байдаггүй. Тэгээд аягүй сонин ш дээ, хүмүүст хэрэгтэй дуу хийгээд гаргая гэхээр дэмжих хүн байдаггүй, хоёрдугаарт хүмүүс нь сонсдоггүй. Харин хэрүүл хийхээр хүмүүс аймаар сонсоно, аймаар хүний мууд дуртай. Хүмүүс уг нь хэрэгтэй юмаа олоод сонсвол зүгээр л байгаа юм. -Сүүлийн үед хип хоп хамтлагууд, үглэж дуулах залуус олширч байгаа юм шиг санагддаг. Тэднийг чи хэрхэн дүгнэх вэ? -Тэднээс сайн нь ч байна, муу нь ч байна. Гэхдээ гоё л байна ш дээ, хөгжиж байна. Хүмүүс хип хоп гэдэг урсгалыг дан ганцхан нэг юм байна гэж ойлгоод байх шиг байна. Хип хоп, реп гэдэг юм чинь дотроо өөр олон салбартай. Тэр салбар салбарынх нь өөр өөр урсгалаар хийдэг төлөөлөгч нар гарч ирж байгаа ш дээ. Тэр нь аягүй авууштай. Тэгэхээр хамгийн гол нь сонсогчид маань ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
–Gee-г их шоуддаг гэдэг. Бас “Доргио”-д их ордог, зодоон хийсэн гэж дуулсан?
-Би тэнд хоёр удаа л орж үзсэн байх. Нэг удаа дуулах гэж, нэг удаа дээд сургуулийн уулзалтаар билүү найзуудтайгаа л орж байсан. Хэнтэйгээ зодолдох вэ дээ. Хүмүүсийн тиймэрхүү ам дамжсан яриа зөндөө ш дээ. Би архи гэдэг юмыг огт амсаагүй жил гаруй болж байна. Ер нь архинаас татгалзаж байгаа. Тэр зүйлийг амсаад уруу дорой явж байгаа зөндөө найзууд байна, өчнөөн сайхан ах нарыгаа тэр юмнаас болж алдлаа, одоо ханалаа ш дээ. Монголчуудад угаасаа архи гэдэг юм зохихгүй ш дээ, нэг нь шороонд, нэг нь шоронд ороод л сална ш дээ. Нэг нэгнийгээ хохироож яахав дээ. Зарим хүмүүс намайг муухай дуу дуулдаг гэсэн хэрнээсээ архи тамхи садар самуун муу муухай зүйлд уруу татаж байгаа хүмүүсийг хэлдэггүй л юм байна лээ ш дээ. Зарим нэг эмэгтэй хамтлаг дуучдаас мөөм, бөгсийг нь бид бүгдээрээ харчихсан. Одоо удахгүй бэлэг эрхтнээ гаргаад дуулж байх юм байлгүй. Тэгж л бодож байна. Би шоудах дуртай биш, яахав бүжиглэх дуртай хүмүүст нь гоё л байдаг байх л даа. Би харин машиндаа хөгжмөө тавьчихаад хөлөө доороо хөдөлгөчихвөл ялгаагүй л юм шиг санагддаг юм ш дээ.
-Магадгүй хип хоп хамтлаг гэхээрээ хар тамхи хэрэглэдэг гэсэн буруу ойлголт зарим хүмүүст байдаг байх. Чи энэ тал дээр юу хэлэх вэ?
-Надад бол тийм юм байхгүй. Хар тамхи бол анхаарах ёстой асуудал мөн байлгүй яахав. Арай ч дээ, одоо монголын залуучууд хэрэглэдэггүй байлгүй дээ, дэмий байх аа. Амьдралаас кайф авах юм одоогийн байдлаар надад хангалттай. Би компьютер тоглоомонд дуртай. Намайг зарим найз нар маань донтчихсон гэдэг. Хааяа донтохоороо шөнийн гурав, дөрөв хүртэл тоглочихдог юм. Тэр чинь архи ууж тамхи татахаас илүү кайф ш дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Discussion about this post