• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“99 ХУВИЙН ХӨДӨЛМӨР, 99 ХУВИЙН АВЬЯАС, 99 ХУВИЙН ДЭГ ЖУРАМ”

admin by admin
01/09/2026
in Ярилцлага
0
“99 ХУВИЙН ХӨДӨЛМӨР, 99 ХУВИЙН АВЬЯАС, 99 ХУВИЙН ДЭГ ЖУРАМ”
 -Та өөрөө хэнээр хөтлүүлж уран зохиолын замд орсон бэ?
-1965-1970 онд их сургуулийн хэл, уран зохиолын ангид сурч байхдаа “Гаадамбын их сургууль”-д Д.Отгонсүрэн, Д.Цэмбэл, 3.Дорж, Д.Батбаяр, Д.Алтанхуяг, Б.Шараа, Той.Галсан нарын зэрэг олон нөхдийн хамт давхар суралцаж байв. Га багш бидний ухааны мэлмийг нээж, урлаг, уран зохиолын нууцыг таниулсан юм. Тэр үед биднийг зарим зохиолч “Эсэргүү Гаадамбын шавь нар” гэж нэрлэдэг байлаа. Га багш зохиолчдын хэн нь сайн зохиол бичиж байгаа, хэн нь муу “саарал” зохиол бичиж буйг бидэнд нуулгүй ярьж ойлгуулдаг сан. Манай дугуйланг Зохиолчдын хорооноос яруу найрагч, орчуулагч Мишигийн Цэдэндорж хариуцдаг байв. Яруу найрагч Л.Лувсандорж, Д.Алтанхуяг зэрэг бидний хэдэн нөхөд “Цэдэндоржийн сургууль”-д сурах болсон юм.
Манай багш биднийг шүлэг бичих эрдэм, шүлэгтэйгээ ажиллах уран чадвар, дэлхийн уран зохиолтой танилцах ухаанд сургасан. Бид багшдаа олон шүлэг уншсан даа. Миний хувьд ганцхан шүлэг “Болжээ” гэсэн үнэлэлт авсан. Тэр минь “Балдан зураач” хэмээх богинохон шүлэг юм. Багш их бичиж, их уншихыг шаардана. Хөдөө багшилж байгаад очиход “Юу уншив” гэж шалгаана. Лувсандорж, Алтанхуяг, Лханаасүрэн бид нарыг ном уншиж сур гэж “номын боолт” уншуулна. Бид Э.Хэмингуэйн “Зэр зэвсэг минь баяртай” зэрэг олон номыг тэгж уншсан. Багш, шавь байхын учир утгыг тэгэхэд л ухаарч билээ. Цэ багш шавь нарынхаа амьдрал, уран бүтээлийн төлөө цуцалтгүй хөөцөлдөнө. Лувсандоржийг их сургуульд оруулж, сүүлд нь цэргээс чөлөөлүүлж байсан. Намайг сургууль төгсөхөд хөөцөлдөн Хэнтийд хуваарилуулж, хөдөө унших номоор гачигдаж байгаа гэж нэг номыг дандаа хоёр ширхэг авч надад явуулдаг байв. Багштай хамгийн сүүлчийн удаа уулзахад миний шүлгийн дэвтэрт
“Оргүй хоосноос ирсэн бид
Орчлон дэлхийд амьдрахдаа
Салж чадахгүй болсны учрыг
Санаж явбал тэр мөнхрөл 1981.7.19” гэж бичсэн.
Дахин уулзахгүйгээ хэлснийг тэнэг шавь нь сүүлд ухаарсан.
-Мишигийн Цэдэндорж гуай бол яах аргагүй таны багш даа?
-Би 1965 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүлгийн нэг уралдаанд түрүүлсэн юм. Тэгэхэд Мишигийн Цэдэндорж багш намайг ихэд тоож, гарын үсгээ номдоо бичиж дурсган, гэрээ зааж өгсөн. Тэгж багш шавь барилдсаны тавин жилийн ой энэ онд тохиож байгаа юм. (2015)
Цэ багш минь том яруу найрагч, соён гэгээрүүлэгч байлаа. Шавь нартаа хатуу шаардлага тавина. Гадаад хэл сур гэнэ. “Лит.газета”, “Курьер”, “Новый мир” сэтгүүлийг заавал захиалж уншиж бай гэнэ. Оюун санааны хувьд мөн ч олон жил намайг чирж явсан даа. Одоо ч чирж явна. Бидний шүлэг зохиолыг болж байна гэж барагтай бол хэлэхгүй. Хатуу шаардлага тавина. Багшийн “Амьдын жаргал”, “Нутгийн чулуу”, “Байгалийн зураг, хүний хөрөг” гээд нэгнээ давтаагүй дандаа шинэ ном байлаа. Өөртөө ч ийм л шаардлага тавьж үлгэрлэдэг байж. Зохиолч хүн хүнийг битгий хэл, өөрийгөө ч давтах ёсгүй, давтвал “сөнөж” байгаа нь тэр гэж ярьдаг байлаа. Өөрийгөө давтаад, нэг л хэвийн бичээд, сэтгэл ханаад эхэлбэл уран бүтээлчийн “үхэл” тэр гэж үздэг байв. Уран бүтээлээ ямагт дээдэлнэ. Шүлгийнх нь дэвтэр гэхэд ямар гоё цэвэрхэн гэж бодно. Яруу найраг бол тэнгэрийн юм гэдэг сэн. Хөдөөнөөс ирээд багштай уулзахад ёс юм шиг “За, шинэ сэргэг юу уншив” гэж заавал асууна. Өөрийн уншсан ном зохиол, шинэ сонин зүйлийг ярьж өгнө. Том соён гэгээрүүлэгч хүн шүү дээ. Орчуулга их хийдэг байсан нь үүнтэй холбоотой байх. Монголын тухай гадаадад хэвлэгдсэн ном, сэтгүүл, сониныг цуглуулдаг байсан. Өөрийн номдоо М.Ц гэж бичиж тэмдэглэнэ.
Орчуулах өгүүлэл, шүлэг, зохиолыг таван хошуугаар тэмдэглэдэг сэн. Амьдралын сүүлийн жилүүддээ “Хөх өнгөний ном” бичнэ гэж ярьж байсан. Амжсангүй дээ. Энэ нь мэдээж хөх толбо, хөх туг, хөх тэнгэр гээд Монгол орны тухай ном гэсэн үг байсан байх. Францын зохиолч Г.Мопассан өгүүллэгийн номоо хэвлүүлэх гэж Г.Флоберт үзүүлжээ. Номыг нь голоод цонхны дэргэд очоод гудамжаар явж байсан таван хүнийг заагаад энэ таван хүний зан төрх, хувцас хунар, үг яриагаар өгүүллэг бич гэж хэлсэн гэдэг. Хожим Мопассан анхны ном гаргахдаа “Намайг хүн төрөлхтний өмнө хийх нүглээс аварсан багшдаа зориулав” гэж Флоберт зориулсан үгтэйгээр хэвлүүлсэн гэдэг. Үүнийг Цэ багш жишээ татан бидэнд хэлдэг сэн.
Багш маань хэчнээн сайхан яруу найрагчдыг төрүүлсэн билээ дээ. Өвөрмөц дэг сургууль. Их уншуулдаг, бичүүлдэг. Тэр болгоноороо дэлхийтэй танилцуулдаг. Тэр сургуулийн бүтээгдэхүүн би. Миний багшийн уран бүтээл мөнх. Монголын ард түмэн байсан цагт Мишигийн Цэдэндоржийг мартахгүй.
Га багш биднийг М.Цэдэндорж багштай уулзуулж танилцуулсныхаа дараа “Миний хүүхдүүд Монголын агуу их М.Цэдэндоржтой ойр дотно яваарай. Эрдэм мэдлэгийн далайгаас нь шанаганыхаа хэрээр хутгаж аваарай” гэж хэлж байсан юм. Би Га багшийгаа Монголын уран зохиолын том төлөөлөгч, соён гэгээрүүлэгч гэж бодож явдаг. Га багш биднийг МУИС-ийн 119 дүгээр өрөөнд цуглуулан, шүлэг сонсож, утга зохиолын талаар халуун яриа өрнүүлдэг байсан. Би ноднин сургуулиараа орохдоо 119 дүгээр өрөөнд хадаг зүүсэн.
-“Засгийн газрын мэдээ” сонинд Б.Галсансүх “Цусанд хүртэл гоо сайхан бий” ярилцлагадаа таныг уран зохиолын замд хүн болгосон миний анхны багш гэж бичсэн. Галсансүхийг яаж таньж, хөгжүүлэв?
-Өндөрхаан хотын найман жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр очоод есдүгээр сарын нэгний өдөр “Энхтайвны хичээл”-ийн дараа Г.Товуудоржийн авсан дөрөвдүгээр ангид орж, зуны амралтаар уншсан номын тухай ярилцахад жаахан хүү “Зүрхний хилэн” роман уншсан гэлээ. Би “Юу ойлгов?” гэж асуухад романыг дэндүү нарийн мэдэрсэн байсан. “Шүлэг бичдэг үү?” гэхэд “Бичих дуртай” гэсэн. Тэгж анх танилцсан. Өдөрт таван шүлэг бичүүлж, өдөр бүр дөрвөн мөр шүлэг цээжлүүлж эхэлсэн. Д.Пүрэвдоржийн “Бурхад ба хүмүүс” болон Монгол ардын баатарлаг туульсийг цээжилсэн. Зургадугаар ангиас орос шүлэг цээжилсэн. Дэндүү олон шүлэг бичсэн. Дэндүү олон ном уншсан. Шүлэг нь өдөр, сар, жил тутам сайн болж байв. Би ганц ч удаа “Болж, байна” гэж хэлээгүй. Цэдэндорж багшийн хоёр ботийг судлуулав. Галсансүх залхуурна гэж огт байхгүй. Надад дэлхийн аль ч орны яруу найргийг таниулчих сайн номын сан бий. Номын сангаа Галсансүхэд нээж өгсөн. Наймдугаар ангид орохдоо оросоор шүлэг уншаад ойлгодог болсон. Их Оросын хэлээр шүлэг уншаад ойлгоно гэдэг нь уран бүтээлийн амьдралд гарч буй “хувьсгал” шүү дээ. Ингээд Галсансүх миний гараас гарч Н.Нямдоржийн “сургууль”-д дэвшин сурсан юм.
-Галсансүхийг модернист найрагч хэмээн зарим нь магтаж, зарим нь шүүмжилж байгааг юу гэж үздэг вэ?
-Би шавь шавь нартаа уран бүтээлийн ямар ямар зам байдгийг зааж өгөхөөс биш тийм замаар яв гэж түлхэж хөөдөггүй. Өөрөө дэлхийн утга зохиолын олон замын (урсгал чиглэлийн) гүн ухааны үндэс, бүтээл туурвих аргын нууцыг таниад аль ч урсгал чиглэлийг өөрийн уран бүтээлийн зам болгож сонгох нь тэр хүний дурын хэрэг шүү дээ. Дэлхийн уран зохиолын аль ч урсгал, чиглэлд муу муухай гэж хараах зүйл үгүй. Яагаад гэвэл тэр урсгал, чиглэлүүд нь түүхэн тодорхой хөгжих шимтэй хөрс бол чөлөөт сэтгэлгээ мөнөөс мөн! Монголын урлаг, уран зохиолд хүн төрөлхтний ухаант хөвгүүдийг буй болгосон бүх урсгал хөгжиг. Манай уран зохиолд “Бишүби”; “Гуну”, “Хүрээ хөвгүүд”, “XXI зууны яруу найрагч” гэх зэрэг хэд хэдэн урсгал санаачилж буйгаа албан ёсоор зарласан. Дэлхийн уран сайхны соёлын түүхийг харахад шинэ урсгал, чиглэл гарахдаа өөрийн гүн ухааны үзэл баримтлал, урлан бүтээх аргаа тунхаглаж гарч ирсэн байдаг. “Бишүби” урсгалыг санаачлагч Д.Урианхай л өөрийн урсгалын дүрслэх аргын тухай хэд хэдэн удаа өгүүлэл бичсэн, бусад нь чимээгүй байна. Аливаа урсгал, чиглэлд амьдрах нөхцөл нь өөрийн гэсэн судлаач шүүмжлэгч, уншигчтай болох явдал бөгөөд тиймийн учир өөрийн сонин, сэтгүүлийг гаргах шаардлагатай. Аливаа урсгал, чиглэлд сэтгэл нийлсэн уран бүтээлчид өөрсдийгөө хөгжүүлэх ойрын болон хэтийн бодлоготой байж уран зохиолын түүхэнд үлдэнэ.
-Сонинд шүлэг зохиолоо хэвлүүлж буй залуучуудаас хэнийг илүү үнэлдэг вэ?
-“Зүс бүгэг андууд” шүлгийн түүвэр гаргасан Увсын хэдэн хөвгүүд, “Адил хуучин” ном гаргасан Дарханы Ц.Цэнд, “Согтуу өвс” бяцхан номын эзэн Өвөрхангайн Н.Пүрэв, Хөвсгөлийн Б.Мягмаржав, Улаанбаатарын Л.Өлзийтөгс, ид туурвих насандаа тэнгэрт хальсан Д.Баттогтох нар, Хэнтийн анхны шүлгээ бичсэн залуучуудас Б.Галсансүх, Б.Энхжаргал, Д.Гансүрэн, Б.Одгэрэл, С.Оюунчулуун, Л.Энхбаатар, С.Наранчимэг, Б.Занданхүү нарт их найдвар тавьж байгаа.
У.Фолкнерийн айлдсанаар 99 хувийн хөдөлмөр, 99 хувийн авьяас, 99 хувийн дэг журам зөв хослуулж, их ажилласан залуус Монголын уран зохиолын тэнгэрийг өргөлцөнө. Дорнодын Б.Бат-Орших, Завханы Ц.Бавуудорж, Дорноговийн А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Өвөрхангайн Б.Ичинхорлоо, Хөвсгөлийн Л.Энх-Амгалан нарт уншигчид их найдаж байгаа. Эдгээр авьяастай залууст нэг ухаантны үгийг сануулахад илүүдэхгүй. Тэр хэлэхдээ, “Би сайн зохиол бичиж байна” гэж бодсон цагаасаа эхэлж мөхдөг хэмээсэн нь үнэн бөгөөд хатуу үг.
Яруу найрагт өрсөлдөнө гэсэн юм байхгүй. Хөгжүүлэх, урагшуулах гэсэн ойлголт байх ёстой. Монгол эх орон маань утга зохиол, яруу найргаар хүрээлэгдсэн эх орон. Яруу найргаар хамгаалагдсан эх орныг дайсан ялдаггүй юм.
-Уран зохиолын жинхэнэ авьяастан “өдрийн од” шиг цөөхөн төрдөг. Уран бүтээлийн зам сайхан хэрнээ халтиргаатай. Авьяастай хүн бидэн шиг манкурт боол шиг амьдрах дургүй. Өөрийгөө өөрөө үрэн таран хийдэг хувь заяа ойрхон байдаг учраас авьяастныг багаас нь зөв таньж, зөв хөгжүүлэх, зөв хүмүүжүүлэх төр засгийн болон уран бүтээлийн байгууллагын бодлого, анхаарал, хайр халамж юунаас чухал. Уран зохиолын авьяастныг багаас нь олъё гэвэл хүүхдийн дунд уран бүтээл орчуулгын уралдаан зарлаж дүгнэх, зарим тохиолдолд сэдэв заасан уралдаан зарлаж дүгнэх зэргээр хүүхдийг багаас нь уран бүтээлийн үйл ажиллагаанд өргөн оролцуулах ажлыг улсын хэмжээгээр зохиомоор байна. Аймаг бүрд “Яруу найргийн сургууль” байгуулж, МЗЭ-ийн гишүүдээр удирдуулах, аймаг бүрийн “Боловсролын төв”-үүд залуу шүлэгчдийг шагнах, өөрийн аймгийн алдарт зохиолчдын нэрэмжит шагналтай болох нь чухал байна. Авьяастай нь нэгэнт тодорхой болсон хүүхэд, залуучуудыг их, дээд сургуульд бүтээлээр нь шалгаруулж элсүүлдэг болмоор байгаа юм. МУИС-ийн дэргэдэх Утга зохиолын дээд сургууль (захирал нь Ширсэдийн Цэнд-Аюуш) 1995 онд элсэлтийг бүтээлээр нь шалгаруулсныг улсын болон хувийн дээд сургуулиуд хэрэгжүүлээсэй.
Ломбын НЯМАА. Бүтээлийн чуулган-I. Миний амьдардаг ертөнц” ботиос.
Previous Post

Эрүүл мэндийн салбарт “гал унтраах” арга бус шийдэл шаардлагатай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “99 ХУВИЙН ХӨДӨЛМӨР, 99 ХУВИЙН АВЬЯАС, 99 ХУВИЙН ДЭГ ЖУРАМ”
  • Эрүүл мэндийн салбарт “гал унтраах” арга бус шийдэл шаардлагатай
  • СЕСИЛ БРОЙ: ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН СИСТЕМИЙН КАБЕЛЬ СҮВЛЭХ НЬ ӨНДӨР НАРИЙВЧЛАЛ, ТУСГАЙ ТЕХНОЛОГИ ШААРДСАН ОНЦЛОГ ПРОЦЕСС БАЙДАГ
  • Байрны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн Микки Рурк хандивын аян зохион байгуулж байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.