Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Тогмидын Гантөмөр 2016 оны 7 сараас ажиллаж байна. Т.Гантөмөр дарга улсад 39 дэх жил, төрийн албанд 26 жил ажилласан намтартай. Уг нь Т.Гантөмөр 1977-1982 онд АУДС-д төгссөн хүний их эмч. “Бульдозерчноо болиод архичин болсон юм уу” гэдэг шиг эмчийн ажлаа орхиж, 1992-1994 онд Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаачаар төгссөнөөс хойш улс төрөөс холдоогүй. Хамгийн бахархалтай нь 2000-2004 онд Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчин, Эдийн засаг, Батлан хамгаалах, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан цолоор бөөндөн шагнуулж байсан гэж намтарт нь бий. Алд биеэрээ 6 салбарын тэргүүний ажилтан болсон чадвартай хүн манайд байтугай дэлхийд ховор байх аа.
Т.Гантөмөр 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажилласан, 1992-2016 онд НИТХ-д зургаан удаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн даргаар ажиллаж, 2008-2016 онд Нийслэлийн МАН-ын хороонд даргын зөвлөхөөр ажилласан. Харин 2016 оны сонгуулийн дараа Хотын ерөнхий менежер болсон юм. “Аз жаргалтай Улаанбаатар” хотод удаан ажилласан Т.Гантөмөр хэр даргыг нийслэлчүүд дүгнэнэ биз.
Олонд сайн танигдаагүй Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр 2018 оны зун ХСҮТ-д ажиллах үеэрээ UBS телевизийн зураглаачийг “Чи миний ажлыг заадаг хэн юм бэ” хэмээн олны дунд нүүр лүү алгадаж биед нь халдсан. Тухайн үед сэтгүүлчид Ж.Чинбүрэн эмчээс ярилцлага авч байхад камер хааж, ерөнхий эмчийн хажууд хөндөлсөөд байсан Т.Гантөмөр гуайг “Та жаахан хойшоо болоод өгөөч, дүрсэнд саад болоод байна” гэж шаардлага тавьж, биед нь хүрснийх нь төлөө бүдүүлэг авирлан, ааг омгоо харуулж зураглаач залууг олны өмнө дээрэлхсэн юм. Хэвлэлийнхэнд ааг омгоо харуулсан явдал “эрхэм” Хотын ерөнхий менежерт үүгээр тогтохгүй. 2020 оны 09 дүгээр сарын 11-нд Хотын удирдлагууд болох 21 дарга тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулсан. Үүнд Т.Гантөмөр, Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан нар багтсан. Хамгийн гол нь иргэд, хүүхэд хөгшдийн өгсөн хандивын мөнгөөр албан тушаалтнууд өөрсдийгөө урамшуулсанд олон нийт бухимдсан. Энэ талаар Т.Гантөмөр даргаас тодруулах гэсэн Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчийг түлхээд өрөөндөө орсон билээ. Удалгүй “Иргэдийн хандивын мөнгөнөөс урамшуулал олгосныг мэдээгүй, буцаагаад өгчихье” гэж даналзсан дарга. Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нэг сая төгрөгөөр хотойхооргүй, жилийн 107 сая төгрөгийн орлоготой гэж АТГ-т гаргаж өгсөн ХОМ-т байдаг.
Харин үүнээс гуравхан хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 14-нд өөрсдийнхөө нэр хүндийг хамгаалах зорилготой бололтой тушаал гаргасан байдаг. Нийслэлийн захирагчийн албаны дарга, Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр А/269 тоот тушаалаараа нийт 50 сая төгрөг зарцуулсан. Ингэхдээ албаны үйл ажиллагааг цахим хуудсаар идэвхжүүлэхэд 10 сая, албаны цахим хаягийг хакеруудаас хамгаалахын тулд 5 сая, мэдээ мэдээллийг идэвхжүүлэх буюу бүүст хийхэд 5 сая, үйл явдлыг шууд дамжуулахад 5 сая, цахим хаягийн хандалт, хүртээмжийг нэмэгдүүлэхэд 10 сая, сайтуудтай хамтарч ажиллахад 10 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тушаалын задаргаанд нэгэн сонирхолтой зүйл байгаа нь “Сөрөг мэдээ мэдээллийн хяналтыг сайжруулах, няцаалт хийх”… Сөрөг мэдээ гармагц шуурхай арга хэмжээ авах, няцаах тайлбар хийхэд” таван сая төгрөг төсөвлөсөн байна. Энэхүү тушаал орон нутгийн сонгуулийн өмнө, мөн Хотын 21 дарга 21 саяар өөрсдийгөө хөхүүлэн шагнасны дараа гарсан нь “арьсаа хамгаалах” арга гэж хардах үндэслэлтэй.
WWW.TAIZ.MN Ч.ХҮЛЭГ
Discussion about this post