Сэцэн хан аймаг эрт дээр үеэс Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй олон алдартны өлгий нутаг. Тэдэн дотроос Халхын “хэцүү” То ван хэмээн алдаршсан түүхэн эрхмийн талаар бичмээр санагдлаа. Учир нь миний өвөө То вангийн захирч байсан Илдэн засгийн хошууны угшилтай хүн байсан бөгөөд миний эмээ надад энэ эрхэм хүмүүний талаар үлгэр шиг түүх домог ярьж өгдөг байсан юм.
То ван буюу Тогтохтөр 1797 онд Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуунд төрж, 25 настайдаа эцгийн хэргэм зэргийг өвлөн авч хошууны ноён, 1859 онд Сэцэн хан аймгийн чуулганы даргаар томилогдож байжээ. То ван Чингис хааны удмын 27 дахь үеийн хүн юм.
То вангийн эх орон, ард олныхоо сайн сайхны төлөө хийсэн үйлс, шинэтгэлийн үйл ажиллагаа нь тухайн үедээ хичнээн дэвшилтэт хэдий ч Монголыг эрхшээж байсан Манжийн засаг, төрийн бодлогын эсрэг чиглэсэн агуулгатай учраас ямар ч дэмжлэг авч байгаагүй, харин ч шахалт хавчлагатай байнга тулгарч ирсэн байна. Социализмын он жилүүдэд манай үзэл баримтлал ангийн зарчимд тулгуурлах болсон тул То ванг феодал гаралтай язгууртан байсан гэж үзэн түүний үйл ажиллагааг төдийлөн нарийн судалж гаргаж байгаагүй бөгөөд гагцхүү 1990 оноос хойш түүний амьдралын түүх, ажил үйлсийг судалж эхэлсэн юм билээ. Өнөөдөр түүний ажил үйлсийг бүр Монгол судлалын бүрэлдэхүүн хэсэг болгон нарийн судалж байна.
То ван Илдэн засгийн хошууны төв болох Тамсагбулагийг суурин соёл иргэншлийн томоохон төв болгон хөгжүүлж сургууль, “Соёлыг бадруулагч” болон “Хамгийг хамгаалагч” сүм, хиймэл нуур, суваг шуудуу байгуулж, алт мөнгө, төмрийн дархан, мужаан, оёдолчин нарыг ажиллуулж, тариалан, гурилын тээрэм, арьс элдэх, цэмбэ нэхэх үйлдвэрлэлийг явуулж малынхаа тоо толгойг хэд дахин өсгөсөн гэдэг.
Оюуны салбарт туурвисан То вангийн бүтээлээс дурдвал 1853 онд туурвисан “Аж төрөх үйлийг заасан сургаал” зохиолыг нь одоогоор мэдэгдээд байгаа монголчуудын зохиосон эдийн засгийн ухааны анхны ном гэж үздэг юм билээ. То ван уйгуржин монгол үсгийн дүрэм зохиож өөрийн хошуунд байгуулсан “Хошуу танхим” нэртэй сургуульд сурах бичиг болгон хэрэглүүлж байжээ. Манжийн засаглалын дарамт шахалтыг То ван бага ч болов хөнгөрүүлэх арга зам эрэлхийлж өртөө улааны алба хаших, уран барилга, бурхан шүтээний зураг төсөл зохиож бүтээх, ном хэвлэх, ядуучуудад абшиг хишиг хүртээх зэргийг ашиглаж иржээ. Өнөөдөр ч хүртэл гадна, дотны зочид, гийчдийн анхаарлыг татсан Халхын голын эрэг дээр байдаг Жанрайсаг бурханыг бүтээх ажлаа То ван 1859 онд эхлүүлж 1864 онд дуусгасан байдаг.
Ингээд өөрийн сонсож байсан То вантай холбоотой хоёр домгийг сүүлд уншсан зүйлүүдээрээ баяжуулан өгүүлье.
Домог 1. Монгол Манжийн дарлалд байх хүнд хэцүү цаг үед Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Уг түшмэл Монгол нутгийн Цагаан уулыг өөрийн эзэмшил газраа хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Үүнд эгдүүцсэн То ван ийн хэлжээ: “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав” гэжээ. Түшмэл “хичнээн том үхрийн шир байлаа ч бүхэл бүтэн уулнаас юу хороож чадах билээ, ийм тэнэг хүн яаж яваад вангийн зэрэгт хүрсэн юм бол хөөрхий, манай ихэс дээдэс ийм тэнэг монголчуудын юунаас нь тэгтлээ айн болгоожилдог байна, өнөөх айхтар эр зориг, цэцэн цэлмэг ухаан нь тэгээд энэ үү, би энэ уулыг гартаа оруулах нь тодорхой боллоо.
Тэр цагт хаан эзэн миний хичээл зүтгэлийг үнэлэх буй за” гэж бодоод: “За тохирлоо шүү, ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж танайхан ярьдгийг та юу эс андах билээ, энэ уулнаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар нутаг, илүү гарсан нь бүгд манайх болно шүү” гэжээ. То ван түүнийг явсан хойгуур нэг том үхрийн ширийг хурц хутгаар тойруулан утас мэт нарийн зүсүүлж урт аргамж болгоод усанд дэвтээгээд нөгөө түшмэлийг болзсон өдрөө ирэхэд нь: “За сайн харж байгаарай” гээд урт сураа хөврүүлсээр Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ.
Тэгэхээр нь То ван: “Манай уулнаас нэлээд хэсгийг хулгайч авсан байна. Олон жилийн өмнө аав минь Манжийн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг.
Гэтэл алт нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна, та тэр алтыг хулгайлж аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан учрыг чинь оллоо. Би таны тухай Манжийн хаанд зарга мэдүүлэх болно” гэж их л ширүүхэн хэлж гэнэ. Гавъяа шагнал битгий хэл ял шийтгэлд ч унаж магадгүй болсон манж түшмэл сандран: “Үгүй дээ тэнгэр угсаат түшмэл минь, би юу дутсан гэж хулгай хийх билээ, тэр алтыг өөр муу хүн авсан байх, тэр хулгайчийг барих хэрэгтэй шүү” гээд То ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцсан гэнэ. Тэр уулыг яваандаа Вангийн Цагаан уул гэх болжээ.
Домог 2. То ван Манжийн өвөрлөгч хошууны ноёнтой мянган тэрэг давсны оронд мянган бяруу өгөхөөр хоног хугацаа хатуу товлон хэлцэл байгуулжээ. Гэтэл өвөрлөгч хошууныхан амласан хугацаанаасаа хоцорч ирж гэнэ. То ван: “Та нар хоцорч ирсэн тул өгөх мянган бяруу байхгүй, бас манай давсны хэрэгцээ хангагдсан учраас одоо наад давсаа аваад буц” хэмээжээ. Манж ноёнтон: “Бид энэ хүнд ачааг авч яваад яах вэ энд нь асгачихъя” гэж гуйхад: “Битгий нутаг ус бузарлачих гээд бай” хэмээн огт халгаалгүй нэлээд гуйлгасны эцэст То ван: “Тэгвэл асгах газрыг нь би зааж өгье” гээд Сангийн далай нуурын тойром усанд хийлгүүлжээ. Ингэж манай дорнод нутгийнхан цэвэр давсны орд газартай болсон гэдэг.
Өнөөгийн бид То вангийн түүх, сургаал, ажил үйлсийг сайтар судлавал санаа авах зүйл их байгаа гэж бодож байна.
Хангайн Алтай
Discussion about this post