Өнгөрөгч 2022 оны 7-р сарын 2-нд АН-ын 14-р их хурлын үеэр тайзан дээр намын дарга С.Эрдэнэ нь “Зэс эрдэнийн хувь”-ийн хэмээн “алдаршсан” Д.Алтанхуягт зодуулсан. Намын экс даргыг түлхэж унагаад цээж хэвлий рүү нь өшиглөж цохиж гайгүй сайн гөвшсөн билээ. Тэгвэл олны нүдэн дээр биш, анхнаасаа гурван өдрийн өмнөөс л “Зэс эрдэнэ” нь “Дарга Эрдэнэ” лүү дайрч давшсан гэнэ. Өмнө нь 6-р сарын 30-нд АН-ын Үндэсний бодлогын хороо цахимаар хуралдахад “Зэс эрдэнэ” нь зүүм хаягаасаа “дарга Эрдэнэ” рүү “Эрдэнэ муу гахай, бах мэлхий, зайл чи, энэ байдлаараа байвал би гэрийг чинь шатаана, өөр арга байхгүй” гэж давшилсан гэнэ. Ингээд намын их хурал дээр зоджээ.
Гэхдээ “Зэс эрдэнэ” нь өөрөө зодуулсан гэж мэдүүлсэн байна.
“…Би Эрдэнийг тайзнаас буулгах гээд барьж авахдаа “Хэрэв би энэ хүнийг цохих юм бол өөрөө гэмт хэрэгтэн болно, тийм учраас цохиж болохгүй” гэж шийдсэн. Ингээд мөр лүү нь хөлөөрөө өшиглөсөн, бас мөр лүү нь гараа атгахгүйгээр цохих дүр үзүүлсэн. Харин хүмүүс намайг барьж аваад нүдсэн. Боогоод тонгойлгоход өшиглөж балбасан. Намын хэвлэл мэдээллийн албаны дарга гэх залуу миний нүд, нүүр лүү гapaapaa олон удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гарч тайзан дээр дусаж, бас миний хувцас цус болсон. Тайзан дээрээс буулгахад цагаан цамцтай, өндөр том биетэй шар залуу намайг олон удаа өшиглөж, нуруу руу цохиж шатны уруу түлхэж унагасан. Унаад босож ирэхэд олон хүн над руу дайрч тал талаас нүдсэн. Миний нүд хавдаж хамар амнаас цус гараад тухайн үед хүнтэй зодолдох ямар ч тэнхэлгүй болсон. Мөн намайг тайзнаас буулгах үед нөгөө том биетэй залуу зүүн хөлийн сандаалыг албаар гишгэж ураад сандаалны ул тайзан дээр үлдсэн. Ингээд намайг хөл нүцгэн гадагшаа гаргасан …” гэжээ.
Харин С.Эрдэнэ нь зангиандаа боомилогдож амь алдах шахжээ.
“… Алтанхуяг намайг унагаад зангианаас зуураад 2-3 метр орчим чирсэн. Чирж байхад нь би зүүн гарынхаа гурван хурууг зангианыхаа дотуур оруулж хоолой боогдохоос хамгаалсан. Хүмүүс Алтанхуягийг холдуулахад би зангиагаа суллаж тайлах гэтэл чангараад тайлагдаагүй, хоолой боогдсон …” гэсэн байх юм.
Зангиандаа боомилогдсон намын даргын алтан амийг хэвлэл мэдээллийн албаны дарга нь аварчээ.
“… Би хөшигний ар хэсэг рүү гүйж ороод техникчээс нь цахилгааны утас тасалдаг жижиг гүйц аваад Эрдэнэ даргын хүзүүг боосон зангиаг тасалсан …”
Амь аврагдсан “дарга Эрдэнэ” нь “Зэс эрдэнэ”-ийг хутгатай явсан гэж мэдүүлжээ.
“…Тайзны баруун талын хаалган дээр хүмүүс бөөгнөрөөд зогсчихсон “энэ новш чинь хутгатай байсан юм байна шүү дээ, сандаалынх нь хажуугаас хутга гарч ирлээ” гэж ярилцаж байхыг би сонссон…” гэж мэдүүлжээ.
Шүүх “Зэс эрдэнэ”-ийг нэг сая төгрөгөөр, бас түүнийг олон удаа цохисон АН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга гэх Х.Д-г 500 мянган төгрөгөөр торгосон байна..
Discussion about this post