Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзлаа.
Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.
Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо.
АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХИЙН НАЙРЛАГА ТОДОРХОЙЛЖ ЧАДДАГ БОЛЛОО
Химийн шинжилгээний лабораторид: Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг (газ) илрүүлж, хордсон эсэхийг тогтоох, мөн биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох болон шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.
Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг химийн шинжилгээгээр нарийвчлан тогтоосноор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заалтад тусгагдсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг нотлон тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ.
Монгол Улсын хилээр хорт бодис, хуурамч эмийг ихээр нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсч байна. Манай улсад эмийн шинжилгээ хийдэг лаборатори цөөн байдаг тул цаашид тус химийн шинжилгээний лабораторид эмийн бодисын найрлага тодорхойлох, хуурамч эмийг олж илрүүлэх, биологийн дээжээс хорт бодис илрүүлэх зэрэг шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ЭНГИЙН НҮДЭЭР ХАРАГДАХГҮЙ БИОЛОГИЙН УЛ МӨРҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ
ДНХ-ийн шинжилгээний лабораторид: цагт 24 шинжилгээний дээжийг нэгэн зэрэг уншуулах, 13 дээжийг хүний нөлөө оролгүйгээр нэгэн зэрэг ялгах, энгийн нүдээр харагдах боломжгүй байсан биологийн ул мөрүүдийг илрүүлэх боломжтой болж, олон жил болсон хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах шинжилгээг хийж, дүгнэлт гаргаж эхэлсэн. Мөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эд мөрийн баримтад агуулагдаж буй эр бэлгийн эсийн тоо хэмжээ, ДНХ-ийн задралын индекс зэргийг тогтоож эхэлсэн.
ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН УЛ МӨРИЙГ ОЛНО
Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг 4 нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэж, интернет банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарчээ.
БИЧИГ БАРИМТ, ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРТ ЗАСВАР ОРУУЛСАН ЭСЭХИЙГ ШИНЖИЛНЭ
Бичиг баримтын шинжилгээний лабораторид: иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бичиг баримт, иргэд хооронд байгуулсан маргаантай гэрээ, хэлэлцээрт засвар орсон эсэх, хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдлийн аргыг нарийвчлан тогтоох шинжилгээг хийх нөхцөл бүрдэж шинжилгээний цар хүрээ нэмэгдсэн.
ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООДОГ БОЛОВ
Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “… гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан нь Монгол Улсын хэмжээнд анх удаа энэ төрлийн шинжилгээг хийх эрх зүйн зохицуулалттай болж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болсон.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулиа (шинэчилсэн найруулга) батлуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болсон бөгөөд бүсийн Шүүх шинжилгээний төвүүдийг байгуулж (Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд) чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагаа нь өргөжиж, “цахим технологи, инженер-техник, хөрөнгийн болон байгаль орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ” зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийж эхэлснээрээ давуу талтай.
()
Discussion about this post