Хаврын улс төр Хөгжлийн банкны сонсголоор амьсгалж, иргэд ч идэвхтэй байлаа. Харин зун болж, хаа сайгүй 100 жил тэмдэглэж, улс төр хэсэгтээ завсарлав. Баяр наадам Хүрээ даншиг хүрээд өндөрлөж, ажил эхэллээ. Иргэд Хөгжлийн банкных шиг Нүүрсний сонсголыг хүлээн суугаа. Гэтэл нам гүм. Гэвч ажин түжин суугаа ч биш улс төрийн үйл явдал ч хүссэн хүсээгүй өрнөж эхэллээ. УИХ-ын сонгуулийн өмнөх жилийг ч хэлэх үү?, улс төр далд өрнөж эхэлжээ. Эвийн цавуугаар наасан юм шиг энэ Засгийн газарт хоёр ч фракц үүссэн гэнэ. Нэг нь нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийх зорилготой нөхөд. Тэд УИХ-аар тогтоол батлуулж, ажлын хэсэг байгуулаад явж байна.
Гэтэл нөгөө талд энэ сонсголыг явуулахгүй гэх хойш чангаах ашиг сонирхолтой бүлэг бий болжээ. Ийм хоёр фракцын зөрчилдөөн ойрын өдрүүдэд хурцдаж, нуруу нуруугаа харалцаад буй гэж ярьж байна.
Нүүрсний нээлттэй сонсгол хийхээс зайлсхийж буй фракцын нөхөд зуны турш Говь-Алтай, Хөвсгөлөөр найр наадам хэсэх далимаар сэм сэмхэн хуралдаж, үг хэлээ нийлүүлэн, цаашид ямар акц хийхээ төлөвлөөд ирсэн гэх. Мөн нүүрсний хулгайд холбоотой гэж зарлагдсан гишүүд нүүрстэй холбоотой ч нэр нь ил гараагүй гишүүдээ “Хэрэв сонсгол хийх юм бол та нарын нэрийг ч нийтэд дэлгэнэ” хэмээн дарамталж байгаа сурагтай. Түүгээр ч тогтохгүй тэд нүүрсний сонсгол хэмээх хурц халуун сэдвийг дарахаар нийгэмд янз бүрийн сенсаацийг өгөөш болгон хаяж байна.
Үер ус, байшин барилга нураахаас эхлэн өлгөж болох бүх мэдээлэл, сэдвийг суваг бүрээр шидэж байна. эцсийн зорилго нь ердөө л нүүрсний сонсголын чимээг нам дарах. Үүний төлөө үхэн хатан тэмцэж байгаа нь цаанаа том ашиг сонирхолтой. Нүүрсний нээлттэй сонсгол явуулаадахвал нэр нөлөө бүхий зарим улстөрчдийн замнал энд дуусчих гээд байгаа ажэээ. Тэд ямар нэгэн арга сүвэгчилж, ямар ч хамаагүй аргаар нүүрсний сонсгол хийлгэхгүйгээр сонгууль хүргэхээр зүтгэж байна.
Харин нүүрсний сонсгол хийхээр чардайж яваа нөхөд яг одоо хэн нь хэнийгээ таньж, идээ бээрээсээ салж намаа цэгцлээд цаашаа явахыг зорьж байна. Тиймдээ сонсгол хийнэ гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа гэнээ. Эсрэг тэсрэг зорилготой энэ хоёр фракц одоо яахаа мэдэхгүй хоёр тийшээ хараад сууж байна…Энэ яаж шийдэгдэхийг иргэд сонгогчид ч хүлээж байна.
()
Discussion about this post