өнгөрсөн Улаан өндөгний баяраар Украины Херсон мужид зочлохдоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны шүтээн хөргийн хуулбарыг тэнд байлдаж буй зэвсэгт хүчний ангид бэлэглэж байжээ.
“Гараар бүтээгээгүй хамгаалагч сахиус” гэж нэрлэдэг энэ хөрөгт Есүс Христ дүрслэгдсэн байдаг аж. Домогт өгүүлснээр Есүсийн нүүрээ арчдаг байсан алчуур дээр уг дүр өөрөө тодорсон юм байна.
Хөргийн эх хувийг АНУ-ын хувийн цуглуулагчаас Оросын засгийн газар худалдан авч, Батлан хамгаалах яамныхаа сүмд залжээ.
Уг эх хувийг 1881-1898 онд хаант Оросын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Пётр Ванновский эзэмшиж байсан юм байна.
Тэгвэл Путиний бэлэглэсэн шүтээний хуулбарыг Украины фронтод байлдаж буй Оросын армийн бүх анги нэгтгэлүүдээр аялуулж байгаагаа Москвагийн үнэн алдартны сүм хийдийн төлөөлөгч, хамба Вячеслав хэлжээ.
Тэрбээр Оросын шашны тэргүүн Кириллийн өгсөн даалгавраар шүтээн хөргийг залж яваа юм байна.
“Шүтээн хөргийг ерөнхий командлагч Днепр мөрний орчим тулалдаж байгаа цэргийн ангид анх бэлэглэсэн юм. Тус ангийн удирдлага хөргийг бусад анги нэгтгэлүүдээр аялуулах шийдвэр гаргасан. Бид шүтээнийг фронтын тэргүүн шугамд, ар талд байгаа том, жижиг гэж ялгалгүй бүх нэгжүүдэд хүргэх болно. Ерөнхийлөгчийн бэлэглэсэн шүтээнийг нуувчинд байгаа цэргүүд харах нь нэр хүндийн хэрэг юм” гэж Вячеслав хамба ярьжээ.
“Гараар бүтээгээгүй хамгаалагч сахиус” нь дайсны сумнаас хамгаалах ид шидтэй гэгддэг тул үе үеийн Оросын армийн туг далбаа, цайз хэрмийн хаалганд дүрсэлдэг уламжлалтай аж.
()