Монголын Ирээдүй Судлал Нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор, Монгол Улсын Гавъяат багш Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Шинжлэх ухаан, Дээд боловсрол ба ЕБС-ийн багшийг үнэлэх
Боловсролын үнэлгээ түвшинтэй байна биз?
Тэгэлгүй яахав. ЕБС-ийн гэрчилгээ, бакалавр, магистр, доктор, энэ бүгд чинь үнэлгээний түвшингүүд. Учир нь эдгээр нь боловсролын бүтээгдэхүүний нэр, агуулгын баталгаа. Гагцхүү тэр баталгаа нь ҮНЭН ЗӨВ, хаанахын хэн ч хүлээн зөвшөөрөхүйц байх учиртай. Үүний тулд үнэлгээг ШУДАРГА хийх ёстой. Шударга үнэлгээ. Энэ чинь л монголчуудыг маш ихээр шаналгаж байна. Учир гэвэл манай үнэлгээний чанар нь бас их муу. Тийм үнэлгээг доод түвшнийх гэнэ. Сүүлийн жилүүдэд бүрчиг завхруулсан. Үнэлгээгээ шударга хийхгүй аваас юу ч хийгээд нэмэргүй биз дээ, тийм үү, үгүй юу?
Та шударга бус үнэлгээний хорлонтой тодорхой нэг жишээг нэрлээч?
Үнэлгээний хамгийн дээд түвшингээс л нэг жишээ авъя. Иргэн Д. Тэрээр яаж ийгээд аль нэг их сургуулиас доктор Рh зэрэг авлаа гэхэд цалин шууд 15% нэмэгдэнэ, Д дахиад ШУА-ийг аргалж байгаад доктор Sc авбал цалинг нь дахиад 15% нэмнэ. Дараа нь Д гуай Архангай, Говь-Алтайнхныг найрч чадвал академич болоод насан туршдаа сар бүр нэг сая төгрөг авдаг онц эрх эзэмшинэ. Д-ын хийсэн ажил улсад нэг ч төгрөгийн ашиг өгөөгүйгээр үл барам харин ч улсад ихээхэн хохирол учруулсан байх эсэх нь энд огтоос хамаагүй. Гол нь найрах, найруулах. Доктор Рh-ийн ханш 5 сая, доктор Sс-ийн 15 сая, академичийнх 50 сая төгрөгт хүрч, тогтворжоод байгаа гэх. Бүтээл нь үнэхээр чансаатай, өөрөө IQ өндөр бол ханш буурна. Гэхдээ л тогтоод байгаа өнөөгийн стандартаас доош орохгүй. Одоогийн ШУА-ийн гишүүн болсон академичдын дунд ардчилал зах зээлийн эсрэг, тоталитар тогтолцоог магтсан бүтээлтэй архагууд цөөн бус бий. Тэд Монголынхоо эсрэг ажилласан хүмүүс.
Монголын эдийн засгийг хэн хорлосон бэ? Ажилчин, малчин хоёр гэж үү? Яалаа гэж, эдийн засагч эрдэмтэд л хорлосон. Монголын нийгмийг хэн хорлосон гээч, хоцрогдсон сэтгэлгээтэй архаг нийгэм судлаач эрдэмтэд л хорлоо биз дээ.
Монголын шинжлэх ухааныг хэн хорлож байгаа гээч, одоогийн ШУА. Энд ШУА гэхээр хүрээлэнгүүдийг бус, ШУА гэх удирдлагынх нь хоцрогдсон бүтцийг хэлэв. Удирдаж буй ШУА гэх бүтэц нь хоцрогдохоор хүрээлэнгүүд өндийх дургүй, хэвтэж байдаг боллоо. Шинжлэх ухааныг ДОКТОР SC, академич гэх мэт зэрэг цолоор үнэлдэг гэнэ ээ. Манай ШУА арай дэндүү хол хоцрогджээ. Түүнээс илүү хоцрогдсон нь төр. Яагаад гэвэл энэ олон их нэмэгдлийг төр санхүүжүүлдэг. Мэдээж ядарсан олон түмнээсээ авсан татварын мөнгөөр. Хэдийг зарж, хэдийг олох, зөрүү нь хэд болохыг тооцохгүй юм бол үхсэнийх нь эрдэмтэн. Ингээд авилгал, хээл хахууль чинь шинжлэх ухааны дотор өөрөө ороод ирдэг. Энэ мэт хазгай үйлдлийг манай эрдэмтэд араас нь өгдөөж, шордож, дундаас нь ашиг цохиж суугаа нь жаахан тиймэрхүү юм даа.
Монгол улс боловсрол, шинжлэх ухааныхаа үзүүлэлтүүдээр дэлхийн дэвжээн дээр тэртээ ард нь байгаа нь үнэлгээтэй холбоотой биз?
Үнэлгээтэй маш ихээр холбогдоно. Манай шинжлэх ухаан, боловсролын үнэлгээ гойд болхи бөгөөд буруу хэвээрээ байна. Хуучнаараа гэсэн үг. XXI зуунд XX зууныхаа үнэлгээгээр яаж ахих вэ дээ. Одоо чинь тийм, ийм зэрэг, цолтой гэж ажил хийдэг үе биш. Яг юу хийв гэдгийг л харна. Өнгөрсөн жилүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Сан (ШУТС)-гаар дамжуулан 170 тэрбум төгрөгийн санхүүжилт авч 5000 судалгаа хийсэн атал эцсийн бодитой үр дүн өгсөн ганц ч судалгаа алга. Ердөө л эрдмийн зэрэг цолд найдаж энэ их санхүүжилтийг олгожээ. Ийм байж таарах уу? Бидний энэ салбарт XX зуунд хэрэглэж байсан үнэлгээ чинь тоталитар, дарангуйлагч нийгэмдээ үйлчилсээр улс гэрээ сөхрүүлсэн. ЗХУ гэж ямар том гүрэн байлаа, одоо ямар их зүдэрч байна. Энэ чинь үнэлгээнийх нь гажгаас эхтэй юм. Өдгөө ОХУ, Монгол хоёрт л эрдмийн ажлыг зэрэг цолоор үнэлдэг тогтолцоо хэвээрээ байна. Гэхдээ ОХУ энэ үнэлгээний гажигтаа нэлээд засвар оруулж байгаа юм билээ.
ЕБС-ийн багшийн жишиг үнэлгээ гэж байх уу?
ЕБС-ийн багшийн үнэлгээ гэхээр заавал СОМРЕТЕNСЕ-ЧАДАМЖ яригдана. Энд хоёр зүйлийг цохон тэмдэглэе. Нэгд: Одоогоор манай ЕБС-аар сурагчдад чадамж олгох тухайд л ярьж буй. Үүний араас багшийн чадамжийг хамт ярих ёстой. Чадамж сул багш сурагчдаа өндөр чадамжтай болгож чадах уу? Ер нь багшийн чадамж гэхээр яг юуг ойлгох уу? Эдгээрт тодорхой хариулт хэрэгтэй. Одоо хүртэл Монголд САЙН багш гэж ЧАДВАРЛАГ багшийг хэлнэ гэсэн ойлголт түгээмэл байна. Эцэг эхчүүд хүүхдээ сайн багшид шавь оруулаад өөрөө санаа амарна гэх. Хувийн ЕБС-ууд сайн багшийн эрэлд морджээ. Энэ бол сайн багшийг үнэлэх нэг талын ойлголт.
Багш өөрөө сайн чадварлаг байж болно оо. Гэтэл сурагчид нь ахиц муутай байвал яах вэ? Өөрөө олимпиад уралдаанд түрүүлдэг атлаа сурагчид нь олигтой ахидаггүй багш таардаг. Ийм багшийн ажлын гүйцэтгэл доогуур гарна.
Багш чинь өөрөөсөө өмнө сурагчаа боловсруулах үүрэгтэй хүн. Бас хувийн чадамжаар маруухан багшаас сайн сурагч гарах нь бий. Тийм багшийг АРГА-тай багш гэх. Ер нь мэргэд тийм ч сайн багштай байгаагүй аж. Дүгнэвээс багш өөрийгөө ч, өрөөлийг ч сайн хөгжүүлдэг байх ёстой. Тзгэхлээр багшийн үнэлэмж хоёр хэсэгтэй болно.
1.Багшийн өөрийнх нь компетенсийг үнэлэх
2.Багшийн ажлын гүйцэтгэлийн компетенсийг үнэлэх
Багшийн өөрийнх нь чадамжийг ажлынх нь гүйцэтгэлтэй харьцуулж байж чадамжийн нэгдсэн үнэлгээ гарна. Энэ хоёрын харьцааг яаж авч (50:50, эсвэл өөр ч байж болох) нэгдсэн үнэлгээгээ тооцох нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарах дараагийн асуудал. Одоогоор манайд багшийн ажлын гүйцэтгэлийн компетенсийг үнэлэх ажил ахицгүй байх бөгөөд энд, тэнд зарим оролдлого байвч тэр нь буруу байгаа. Үүнийг зөв болгоё гэхээр сурагчийг нь үнэлэх ёстой болдог. Гэтэл энэ ажил хийгдээгүй. Яахав, ерөнхий баримжаа бол захирал, сурагч, эцэг эхчүүдэд бий. Ерөнхий баримжаагаар хол явахгүй ээ.
Одоо Багшийн Оюуны Чадамжийн Ерөнхий Сорил гэх олон улсын нэршилтэй маш тодорхой СОРИЛ (General competency Test) ашиглах учиртай. Багш 5 жил тутамд өөрийгөө ба ажлынхаа үр дүнг үнэлүүлнэ. Тэнцвээс 5 жил ажиллах эрхтэй болно. Энэ бол бидний явах зам. Багшийн төлөө төр санаа тавих бус аа, багш өөрөө өөрийнхөө төлөө санаа тавих учиртай.
Жам ийм байна даа. Багш нараа сэрээхсэн. Сэрсэн багш гэдэг өөр шүү. Мэдээж үүний тулд эхлээд төрөө сэрээх учиртай.
Хоёрт: ЕБС-ийн багшийн чадамж, компетенсийг үнэлгээний байгууллагаас шалгаж, тогтоогоод ил тод зарлах ёстой. ЕБС-ийн захирлууд ямар хэмжээний чадамжтай багшаар ажил хийлгэж байгаагаа мэдэж, түүнд нь таарсан цалин өгнө. Цалин чинь үнэлгээний нэгэн төрөл батламж. Чадамж өндөр багш мэдээж их цалин авна, бусад нь барьцаж чадахгүй. Их цалин авъя гэвэл чадамжийн нэгдсэн үнэлгээгээ л өөрөө өсгө. Эдүгээ ийм үнэлгээ байхгүй болохоор сайн ба муу багш адил цалин авдаг. Энэ бол яав ч зөв биш. Нэгнийх нь цалинг нэмэхээр бусад нь барьцана. Үүн дээр ЕБС-ийн захирлууд ёстой ур ухаанаа шавхдаг юм билээ, зарим нь бүр хөгжилтэй.
Багшийг үнэлэх нь төрийн үүрэг гэж БШУЯ үздэг шиг?
Одоогоор Монголд багшийг төр үнэлж байгаа. Тоталитар засгийн үеийн үнэлгээ хэвээрээ байна. Энд илт зөрчил үүсээд байгааг хүлээн зөвшөөрье. ЕБС-ийн багш нарын сайн нь үндсэндээ хувийн хэвшил рүү шилжсэн.
Төрийн ЕБС дээр үлдсэн цөөхөн чадварлаг багш тэр ЕБС-аа сэтгэл зүтгэлээрээ чирч яваа. Хувийн ЕБС-ийн багшийг төр үнэлнэ гэхээр яах вэ? Ерөөсөө болохгүй, чадахгүй юм чинь энэ. Эдүгээ ажилласан жил гэх ганц үзүүлэлт дээр л голлон тогтож буй. Бүх багш яг адил гэвэл ийм байж болно. Гэтэл бүх багш адилхан биш.
Харин хувийн ЕБС-ийн захирлууд эрхбиш багш нараа мэддэг болохоор дотоод үнэлгээ нь харьцангуй голтой, гэхдээ бас НО бий. Төрийн үнэлгээ хазгай байдаг. Тэр тусмаа Монголд бүр балайрсан. ЕБС-ийн багшийн үнэлгээнд ерөнхийлөгч оролцох хэрэг ер нь байхуу? Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БШУЯ хоёр ингэж доошоо орно гэдэг бол энэ хоёр байгууллага ажлаа мэдэхгүй байгаагийн тод илрэл. Дээрээ суудлаа олохгүй балайрахаар дороо гүйдлээ олохгүй завхруулдаг. Хазгай үнэлгээ хазгай үйлдлийг төрүүлнэ. Тэгэхлээр бид одоогоор хазгай багштай байна гэсэн үг. Үүнд багш буруугүй ээ. Буруутан нь төр.
Тэгвэл багшийг сайжруулахад төрийн үүрэг ямархуу байх ёстой бол?
Сингапурын жишээг хэлье. Тэнд ЕБС-ийн сурагчдаас сайн сурлагатай, ирээдүйд багш болох өндөр магадлалтай хүүхдийг тусгай шалгуураар сонгоно. Дараа нь Сингапурын нэртэй сайн их сургууль болох Nanyang Technology University (NTU)-д багш мэргэжлээр тусгайлан бэлтгэнэ, цалинжуулна, оюутныг сайн хөгжүүлнэ, энэ явцдаа олон практик дадлага хийнэ, тэр оюутны КОМПЕТЕНСЕ-ийг байнга шалгана.
Шалгалт нь тунчиг шударга. Ингэж шигшээд туслах багш болгоно, 2 жил болоод дахин компетенсе шалгалтад орж байж “Багшлах эрх” авна. Ингээд 5 жил тутам NTU их сургууль дээр мэргэжлийг дээшлүүлнэ. Компетенсе-ийг шалгаад л, шалгаад л байна. Компетенсе шалгалтын түвшин байнга чангарч байдаг. Сингапурт багшийн нэр хүнд өндөр, цалин сайн, чадамжаа өндөр байлгах аваас тэр багшийн ажлын байр нь баталгаатай.
Энэ туршлагыг манайд өдгөө Боловсролын Их Сургууль (МУБИС)-аар дамжуулан авах гэж оролдож байгаа. Социализмын үед манайд бас ч гэж үүнтэй төстэй байсан. Одоо тунгааж бодъё. Сингапур улс харьцангуй төвлөрсөн тоталитар төртэй. БНХАУ, ОХУ мэтийн оронд ийм арга үр дүнгээ өгнө, өгсөөр ч байна. Гэтэл Монгол ардчилсан төрийн тогтолцоотой. Хэрвээ Сингапурын туршлагыг авъя гэвэл төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой, үндсэн хуулиа үндсээр нь өөрчил гэсэн үг. Эс тэгвэл нөгөөх багш болох учиртай оюутнууд МУБИС-ийг төгсөнгүүтээ дуртай зүгрүүгээ алга болчихно. Хэрвээ МУБИС шударга үнэлгээ хэрэглэх гэж оролдвоос оюутнууд маргааш нь жагсахад л сайд огцорно. Та нарын оюуны ерөнхий ЧАДАМЖ-ийг шалгана, эрэмбэлнэ, хэрвээ муу байвал төлбөрийг нь төрөөс даахгүй гэхийг сонсмогцоо оюутнууд БОСЛОГО ГАРГАНА гээд сошиалаар зарлахад л, сөрөг хүчин дэмжээд өгнө. Ингээд бүх ажил нурна. Тоталитар төрийн үед багшийг төр хариуцах учраас Сингапурын туршлага нь тийм оронд таарна. Ардчилсан төртэй оронд багш өөрөө өөрийгөө л хариуцна. Төр багшийн өмнөөс хариуцлага үл үүрнэ. Бид хоёрын энэ ярилцлагад дурдаж буй олон улсын жишиг гээд байгаа зарчим арга замууд чинь ардчилсан төрийн тогтолцоотой орнуудынх. Үүнийг анхааруулъя.
Тэгвэл Япон, Сингапур, Хятад, ОХУ-ын сайн туршлагыг хамаагүй хуулж болохгүй нь ээ?
Бусдаас авах сайн юмыг авалгүй яахав, ядаж САНАА, АРГА хоёр нь. Гэхдээ төрийн тогтолцоо маш их нөлөөтэй. Монгол ардчилсан үндсэн хуультай. АНУ-ын тусгай үүргийн мэргэжилтнүүд тусалсан юм чинь. Тэгэхлээр үндсэн хуулиа барих аваас АРДЧИЛАЛ-аа л дагах нь өлзийтэй. Багшийг үнэлэхдээ ардчилал, чөлөөт өрсөлдөөний зах зээлийн горимоо дагахгүй, энд тэндээс хуулсан захиргаадалтын хатуу аргуудаар хамаагүй хүчиндвэл ажил явахгүй. БШУЯ багшаар оролдоогүй биш ээ, оролдсон, 30 жил оролдсон. Тэгээд үр дүн хаана байна? Одоо МУБИС-ийг төрөөс дэмжээд эрс сайжруулна гэнэ ээ. Бусдыг нь тэгээд орхих юм уу? Энэ чинь захиргаадалтын төрийн тогтолцоотой үед хэрэгждэг ажил. Хувийн их сургууль багш бэлтгэж болохгүй юу? МУИС, ШУТИС бас болохгүй юм уу? Ерөөсөө хувь хүн багшлах эрхийн зохих шаардлагуудыг нь дээд зэргээр хангахуйц хэмжээнд өөрөө өөрийгөө бэлтгээд, БАГШ болж болохгүй юу? БОЛОХ ЁСТОЙ. Чөлөөт өрсөлдөөний горим, ардчилал, зах зээлд шилжмээр байх юм.
Эх сурвалж: Sonin.mn agency Н.Отгончимэг
()
Discussion about this post