Хүн мэдээллийнхээ 90 хувийг нүдээрээ хүлээн авдаг. Техник технологийн энэ эринд хүүхэд залуусын нүдний хараа эрс муудаж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар буй билээ. Бид энэ удаад “Талимаа” нүдний эмнэлгийг зорьж, нүдний хараагаа хэрхэн хамгаалж, нүдээ өвчлүүлэхгүй байх талаар Нүдний тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Д.Янжиндуламтай ярилцлаа.
-ҮР ХӨВРӨЛИЙН ХОЁР ДАХЬ ДОЛОО ХОНОГООС ХҮНИЙ ХАРАХ ЭРХТЭН СИСТЕМ ХӨГЖИЖ ЭХЭЛДЭГ-
-Яриагаа хүүхдийн нүдний хараанд гарч буй өөрчлөлт, өвчлөлийн асуудлаар эхэлье?
-Үр хөврөлийн хоёр дахь долоо хоногоос харах эрхтэн систем хөгжиж эхэлдэг. Хүүхэд төрөх үед харах эрхтэн систем анатомын хувьд бүрэн хөгжсөн ч харааны хөгжил дутуу байдаг бөгөөд есөн нас хүрхэд хараа гүйцэт хөгжинө. Хүүхдийн насанд харааны хөгжилд нөлөөлөх төрөлхийн болон олдмол эмгэг өөрчлөлтүүд байна. Жишээ нь, болрын төрөлхийн цайлт, төрөлхийн нүдний даралт ихсэх өвчин, зовхины өөрчлөлтүүд гэх мэт эмгэгүүд байна. Түүнээс гадна үрэвсэлт өвчнүүд эвэрлэгийн үрэвсэлийн улмаас нүдэнд цагаа унах, салстын үрэвсэл, нулимсны замын үрэвсэл, зовхины үрэвсэл, Гэрлийн хугарлын өөрчлөлтөөс хараа муудах эмгэг хүүхдийн насанд зохилох хувийг эзэлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.
-Ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-Үрэвсэлт өвчнүүд зонхилж байна. Жишээлбэл, хаврын улиралд хүүхдийн дархалааны систем суларч, вирусын гаралтай өвчлөлүүд нэлээд тохиолддог. Энэ нь бүх насны хүүхдүүдийг хамарч сургууль, цэцэрлэг гэх мэт олноороо цугларсан газруудад амархан тархах хандлагатай байдаг учир нэг хүүхэд өвчилсөн тохиолдолд бусдаас тусгаарлах буюу сургууль, цэцэрлэгт нь явуулахгүйгээр эмчийн хяналтанд эмчилэх нь зохистой.Түүнээс гадна гэрлийн хугарлаас шалтгаалсан харааны өөрчлөлтүүд түгээмэл байдаг. Ийм учраас хавар, намрын улиралд хамгийн түрүүнд үрэвсэлт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.
-Нэг ангид нүд нь өвдсөн хүүхэд байлаа гэхэд бусдад нь халдаахгүйн тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Тусгаарлах хэрэгтэй. Жишээлбэл, ээж аавүүд нүд нь өвдсөн хүүхдээ цэцэрлэгт нь өгөхгүй байх, гэртээ мөн тусгаарлах, улмаар мэргэжлийн эмчид хандан, зөв эмчилгээ хийж, үрэвсэлт өвчнийг цаг алдалгүй таслан зогсоох хэрэгтэй. Энэ бол өвчнийг цааш нь дэлгэрүүлэхгүй байх нэг арга. Манай практикт ажиглагдаж буйгаар, би ажилтай юм чинь хүүхдээ өвдсөн байсан ч цэцэрлэгт нь өгөхөөс яах вэ гэсэн байдлаар ханддаг учраас өвчлөл нэлээн их дэлгэрдэг. Хүмүүс нүд нь өвдсөн бол ажилдаа явахгүй байх хэрэгтэй шүү дээ.
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ ухаалаг утсаараа их тоглуулдаг. Энэ нь хүүхдийн нүд өвчлөхөд нөлөөлөх үү?
-Маш их нөлөөлдөг. Хараа гүйцэд хөгжөөгүй үед гар утас, компьютр, телевизор гэх мэт гэрлийн туяаны нөлөөлөлтэй техник хэрэгслэлүүдтэй харьцахдаа эрүүл ахуйн дэглэмийг баримталж цөөн цагаар өмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх хэрэгтэй. Туяаны өөрчлөлтөөс болоод нүдний архаг үрэвсэл үүснэ. Тэр нь нүд хуурайших, түүнээс үүдэн нүдний нулимсны булчирхай, тосны булчирхайн ялгаралтад нөлөөлж, архаг үрэвсэлд хүргэж болно. Өөрөөр хэлбэл эрхтэн системийн харилцан уялдаа, эрүүл ахуйн дэглэм алдагдана.
-ДӨЧӨӨС ДЭЭШ НАСНЫХАНД НҮДНИЙ ДАРАЛТ ӨВЧИН ЗОНХИЛОХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА–
-Насанд хүрэгчдийн дунд нүдний даралт, болрын цайлт өвчнүүд зонхилж байна гэсэн мэдээлэл бий?
-Хүүхэд, насанд хүрэгчдийн нүдний эмгэг, хараа муудах шалтгаан нь өөр өөр байдаг. Насанд хүрэгчдийн хувьд 40-өөс дээш насныханд нүдний даралт өвчин нэлээн зонхилох хандлагатай. 50, 60-аас дээш насныханд болрын цайлт зонхилж байна. Насанд хүрэгчдийн хараа алдалтын нэгдүгээрт, болрын цайлт, хоёрт нүдний даралт өвчин орж байна.
-Техник технологи, ялангуяа гар утас, компьютерийн нөлөө болрын цайлт, нүдний даралт өвчинд хүргэх хүчин зүйл болж байна уу?
-Тийм ээ, гэрлийн туяанаас гадна нүдээ амраалгүй, маш их ачаалал өгснөөс болоод нүдний даралт ихсэх өвчин маш түгээмэл байна. Нүдний даралт өвчний хамгийн аюултай нь хараа нь дахиж сэргэхгүйгээр сохордог. Хараа алдалт нь сэргэх ба сэргэхгүй хэлбэртэй байдаг. Сэргэх хэлбэр гэдэг нь хараагаа алдсан боловч эмчилгээний дараа хараа орох,өөрөөр хэлбэл болрын цайлтын улмаас хараа алдсан бол мэс засал эмчилгээний дараа хараа бүрэн сэргэнэ. Нүдний даралтны улмаас харааны мэдрэл үхжиж хараа алдсан тохиолдолд хараа бүрэн сэргэх боломжгүй байдаг. Тиймээс 40-өөс дээш насны хүмүүс жилд заавал нүдний эмчид хандах хэрэгтэй. Ялангуяа толгой их өвддөг, нүд чилж өвддөг хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж, нүдний даралттай эсэхээ оношлуулж эмчлүүлэх шаардлагатай.
-Өдөр бүр компьютер ширтсэнээр хүний нүдэнд ямар өөрчлөлт орох вэ?
-Компьютерийн туяаны өөрчлөлт нүдэнд нөлөөлнө. Нүдний хуурайших, аргах, улайх шинж тэмдэг илэрч байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харааны эрүүл ахуйн дэглэмийг сахих хэрэгтэй. Энэ мэт туяаны улмаас удаан хугацааны турш нүд хуурайшсан тохиолдолд нүдний эвэрлэгийн тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсэж, цагаа унах ч тохиолдол бий. Өнөөдөр бид компьютер ашиглахгүй байх боломжгүй. Тиймээс хамгаалах хэрэгтэй. Компьютер дээр ажиллахдаа туяаны шүүлттэй шил зүүх, дэлгэцээ туяаны шүүлттэй болгох зэргээр хамгаалах нь чухал. Хоёрдугаарт, өдөрт компьютер дээр ажиллах эрүүл ахуйн дэглэмээ тогтоох хэрэгтэй. 45 минут ажиллаад, нүдээ 5-10 минут амраах гэх мэтчилэн. Нүдээ амраах үедээ хараа хамгаалах дасгалууд хийх, тэжээл өгөх хиймэл нулимс ашиглах, мөн витаминтай дусуулгуудыг мэргэжлийн эмчийн зөвлөмж дагуу дусаах хэрэгтэй.
-Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ нүдний харааг хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Би хүүхдийн нүдний эмч учраас хүүхэд гэж ярих дуртай. Хүүхэд наснаас нь эхлээд харааг нь зөв хөгжүүл, эрүүл ахуйн дэглэмийг зөв баримтал. Хүүхдүүдийнхээ хэрхэн сурч, ямар нөхцөлд хичээлээ хийж, тоглож байна, компьютерийн хэрэглээ хэдэн цаг үргэлжилж байгаа зэрэгт хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байх хэрэгтэй. Өдөр, шөнөгүй компьютер тоглоод байвал нэгд, нүдний харааны ядрал үүснэ. Түүнээс үүдэн толгой өвдөнө. Улмаар сэтгэл зүйн өөрчлөлтөд орж, зан төрх нь эвдрэх, сүүлдээ харааны мэдрэлийн үрэвсэл үүсч болно. Тархи толгой, нүүрний мэдрэлийн үрэвсэлд хүргэж болно. Энэ хүндрэлийг гаргахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг нарийн баримтал. Хүүхдийн эрх ашиг гэж байх боловч хүүхэд, эцэг эхийн эрх, үүрэг гэж байх ёстой. Болох, болохгүйг нь зөв ойлгуулж, компьютер гар утсаар удаан тоглохыг хязгаарлах хэрэгтэй.
-НҮД БУСАД ЭРХТЭН СИСТЕМИЙН ТОЛЬ-
-Танай эмнэлгээр үйлчлүүлэхээр ирж байгаа хүмүүсийн хүүхдийнхээ харааны эрүүл мэндэд анхаарах хандлага хэр байна вэ?
-Ер нь хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах нь сайн байгаа болохоороо мэргэжлийн эмчид хандаж байна гэж боддог. Гэвч зарим нэгэн тохиолдолд хараа муудсан хүүхэд эмнэлгийн тусламж авах нь оройтсон тохиолдол цөөнгүй байна.
-Бусад эрхтэн системийн эмгэгийн үед нүдний хараа муудах тохиолдол байдаг уу?
-Хүний бүх эрхтэн систем нэгдмэл учраас бусад эрхтэн системийн өөрчлөлтийн үед хараа муудах, сохрох хүртэл өөрчлөлт нүдэнд гардаг. Сахарын өвчний үед нүдний угийн хамгийн нарийн торлогийн судсанд өөрчлөлт ордог. Түүний улмаас торлогийн өөрчлөлт үүсч, улмаар шинэ судас ургаж, тэр нь цааш даамжирсаар цус харвалт өгч, торлогийн хууралт болж, эцэст нь сохрох аюултай. Тийм учраас сахарын өвчтэй хүмүүс нүдний эмчийн хяналтад тогтмол байх ёстой. Цусны даралт ихэслээ гэхэд нүдний угаа харуулаад ир гэдэг. Тэр нь нүдний угийн судсууд болон бие эрхтэн системийн бусад судсуудын байдлыг хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл нүд бусад эрхтэн системийн толь болж өгдөг. Нүдний уг дурандах шинжилгээгээр зүрх судасны өвчин, бөөрний өвчин, тархи толгойны өвчин эмгэг, нүдний эмгэгүүдийг ялган оношлох ач холбогдолтой байдаг.
-Лазериар нүдний хараа тэглэнэ гэдэг. Та энэ эмчилгээний үр дүнгийн талаар зөвлөнө үү?
-Хүмүүс хараа тэглэнэ гээд буруу яриад сурчихсан. Мэргэжлийн хэллэгээр тэг хараатай хүн бол таг сохор гэсэн үг. Лазериар нүдний шилний хүчийг тэглээд, гэрлийн хугарлыг нь тэнцүүлж өгөх хагалгаа. Одоогоос 40 гаруй жилийн өмнө ОХУ-д хийгдэж эхэлж байсан. Тэр үед барууныхан зөвшөөрдөггүй байсан. Одоо бүх улс орнуудад хийгдэж, үр дүнтэй байгаа. Монголд ч хийгдэж байгаа. Ер нь дэлхий дахинд техник технологи нь өргөжсөн. Аливаа юм сайн, муу талтай. Сайн тал нь шил зүүхгүйгээр сайн харна гэсэн үг. Муу тал нь лазериар зүсэгдсэн шарх сорви харагдахгүй ч гэсэн байж л байдаг. Хэдэн жилийн дараа нүд хуурайших шинж тэмдэг нүдний эрүүл ахуйн дэглэмийг баримтлаагүйн улмаас илрэх хандлагатай байдаг.
-Юунаас болж нүдэнд өөх ургадаг вэ?
-Нүдний салстын архаг үрэвслээс үүснэ. Ер нь цөсний чулуутай, элэгний үйл ажиллагаа жаахан алдагдалтай зэрэг хоол боловсруулах эрхтэн системийн өөрчлөлттэй хүмүүс илүү өртөх гээд байдаг. Голдуу харшилтай, түүнээс үүдсэн нүдний архаг салстын үрэвсэлтэй хүмүүст өөхжилт үүсч, уулмаар үрэвсэж удсанаар нүдэнд мах ургадаг. Мэргэжлийн эмчид хандаж мэс заслын болон эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зарим хүн өөхийг эм дусаагаад хайлуулна гэдэг. Үрэвсэлгүй л болгож байгаагаас хайлуулаад алга болгоно гэсэн ойлголт байхгүй. Үрэвсэлгүй байлгаад байвал өөх томрохгүй байх боломжтой.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
()
Discussion about this post