ЕВРОП ДАХЬ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВ-БАВАРИЙН УЛСЫН НОМЫН САН
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Баварийн улсын номын сан, түүний сан хөмрөгт хадгалагдаж буй “Хутагт очроор огтлогч билгийн чанад хязгаараа хүрсэн нэрт их хөлгөн судар” /XVII зуун/-ыг танилцуулж байна.
Баварийн улсын номын сан (Bayerische Staatsbibliothek /Байериш Стаатс Библиотек) бол монгол судлалын ном, сан хөмрөгөөрөө Европ дахинаа алдартай газар юм.
Германы Мюнхен хотноо оршдог тус номын санд монгол судлалд хамаарах монгол, тод бичиг, латин, кирилл үсгээр 3500 боть хэвлэмэл, 480 гар бичмэл ном байх агаад гол төлөв нийгмийн ухааны чиглэлийн түүх, археологи, бурхан шашин, хэл шинжлэл, утга зохиол мөн герман хадмал орчуулгатай Монголын сонгодог түүх судрын эх бичгийн ном хэвлэлүүд хадгалагдаж байна. Мөн монголчуудын гар дээр байсан төвөд ном судрууд бий.
Тус номын сангийн сайтад бичсэнээр, “Европын буддистууд” хэмээгдэх халимаг болон буриад монголчуудын тухай судалгааны бүтээлүүд хийгээд тэдний бичсэн ном судрууд монголч эрдэмтдийн сонирхлыг гойд татдаг гэжээ. Баварийн номын сан 1980-аад оноос монгол ном худалдан авч эхэлсэн бөгөөд эдүгээ ч шинээр ном бүрдүүлсэн хэвээр байгаа юм.
Номын сангийн веб сайт дээр цөөнгүй номыг бүрэн эхээр нь дэлгэсэн байна. Жишээлэхэд, тус газрын анхны худалдаж авсан монгол судлалын ном гэгддэг, оросын монголч эрдэмтэн А.В.Попов (1808-1865)-ын монгол тоон ухааны сонгодог нэр томьёогоор бичиж, монгол бичгээр хэвлэсэн 1837 оны “Арифметика на Монгольском языке” ном байна. Түүнчлэн Исаак Шмит (Isaac Jacob Schmidt)-ийн герман хадмал орчуулгатай Саган сэцний “Эрдэнийн товч”-ийн монгол эх бичиг, тод үсгээр тэмдэглэсэн, герман орчуулгатай халимаг үлгэр домгийн түүвэр зэрэг ном зохиолыг уншиж танилцаж болох юм.
Мэдээлэл бэлтгэсэн:
Монгол Улсын Үндэсний номын сангийн Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж


Aussenaufnahme
Foto: Hans-Rudolf Schulz
Баварийн улсын номын сангийн веб сайт: https://www.bsb-muenchen.de/
Баварийн номын сангийн монгол номын сан хөмрөг:
Хутагт очроор огтлогч билгийн чанад хязгаараа хүрсэн нэрт их хөлгөн судар, XVII зуун: https://www.loc.gov/item/2021667745
()
Discussion about this post