Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баярын өмнө МҮОНТ-д дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Уг ярилцлагаас Засгийн газрын авлигатай хийх тэмцлийн талаар Ерөнхий сайдын ярьсан хэсгийг товчлон хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувь хууль бусаар хувьд очсон, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой хэргүүд шүүхэд шилжсэн. Шүүх ямар шийдвэр гаргахыг нүд цавчилгүй харцгаая.
Шүүгчдийн тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилсон хүмүүс байгаа. 30 жил явж ирсэн авлигын сүлжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн учир арга буюу Засгийн газрын тэргүүн авлигатай холбоотой асуудлыг цэгцлэх зорилт тавьж, 2023 оныг Авлигын эсрэг жил болгон зарлаж байгаа нь шүүх ажлаа хийгээгүй л гэсэн үг. Шүүх энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийд, эсвэл тайлбараа хий л дээ.
Засгийн газар 30 жилийн түүхэндээ анх удаа Авлигатай хатуу тэмцэнэ гэсэн тогтоол гаргасан. Өмнө нь авлигатай тэмцэх ёстой гэж лоозон төдий ярьж байсан бол энэ удаа иргэд олон нийттэй хамтарч 5 асуудлын хүрээнд тэмцэж, үр дүнд хүрэхээр шийдвэрлэсэн.
Засгийн газраас авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ийг дэвшүүлсэн. Авлигын эсрэг энэ тэмцлээс Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ухрахгүй. Засгийн газрын түвшинд чадах бүх зүйлээ хийнэ. Би гайхамшиг бүтээх гэсэн юм биш, бусад улс шиг л болмоор байна.
5Ш-ИЙГ ТАЙЛБАРЛАВАЛ:
Нэгдүгээрт, Шүгэл ажиллагаа. Отог гэх нэртэйгээр Зайсангаар дүүрэн хаусууд барьчихаад тэнд бүх дарга нар нь амьдарч байхад яагаад ярихгүй явах ёстой гэж. Яагаад 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү тансаг зэрэглэлийн 6-8 давхар хауст амьдрах ёстой гэж. Энэ бүхэн авлига шүү дээ. Баримт нотолгоотой мэдээллийг шүгэлдэж нийгмийн анхааралд оруулсан хүн ямар хариуцлага хүлээдэггүй болгож хуульчилна.
Хоёрдугаарт, Шүүр ажиллагаа. Авлига авдаг хууль хяналт, прокурорын байгууллагынхан, орлогоо нотолж чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг шүүрдэж, цэвэрлэнэ гэсэн үг. Засгийн газар олон нийт хамтарч авлигатай тэмцсэнээр төрийн дээд, дунд, анхан шатны байгууллагуудын хууль бус үйлдлийг илрүүлж, хариуцлага тооцно.
Манай улс шиг эмнэлгүүд, төмөр замыг хааж барилга барьсан ийм төлөвлөлтгүй авлигаар баригдсан нь ойлгомжтой харагдахаар хот гэж дэлхийд ховор шүү дээ. Энэ бол хууль бус газар олголттой холбоотой.
Авлигын эсрэг тэмцлээс Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн би ухрахгүй. Би гайхамшиг бүтээх гэсэн юм биш, бусад улс шиг л болмоор байна.
Улаанбаатар хотод газар олголтыг яаж явуулсан, техникийн шийдлийг хэрхэн хийсэн, олгох ёсгүй газарт хэн зөвшөөрөл өгсөн, авлига авч газрын зөвшөөрөл өгсөн эсэхийг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан. Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жилийн замбараагүй газар олголтыг цэгцэлж дүгнэлт хийхгүйгээр цаашид энэ байдал цэгцрэхгүй.
Улаанбаатарын утаа, түгжрэл бол авлига болон буруу системийн бидний нүдэнд харагдаж буй сөрөг үр дагаврууд юм.
Гуравдугаарт, Шувуу ажиллагаа. Авлигын хэрэг нь шалгагдаад асуудал үүсгээд эхлэхэд хил даваад явчихдаг хэсэг бүлэг хүмүүс байна. Ийм хүн олон юм билээ, гэхдээ олон нийтэд бидний танил хэдхэн хүний асуудал яригддаг.
Дөрөвдүгээрт, Шил ажиллагаа. Шил гэдэг ил тод болгоно гэсэн үг. Төрийн худалдан авалтыг цахим болгоно. Сая Гаалийн бүртгэлийг цахимжууллаа. Энэ мэтээр хүнээс хамааралгүй болгоно.
Тавдугаарт, Шилжүүлэн авах. Жишээлбэл, Тавантолгой компанийн захирал авлигын эх үүсвэрээр хороолол, хажууд нь спорт цогцолбор барьсан хүн байлаа гэж бодъё. Энийг яах вэ? Үүнийг улсад шилжүүлэн авах шаардлагатай.
Гадаадад байгаа бүртгэлгүй мөнгө илэрлээ гэж бодъё. Тэрийг хэрхэн авчрах эрх зүйн системийг сайжруулах шаардлага бий. Хувийн өмчид халдахгүй, гэхдээ хулгайн хөрөнгийг ангилан илрүүлнэ.
Засгийн газар 2023 оны Авлигатай тэмцэх жил болгосон. АТГ-ын үйл ажиллагаанд чадах бүх зүйлээрээ хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. Үр дүн жилийн дараа харагдана гэж бодож байна гэв.
()
Discussion about this post