Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн тус газар үйл ажиллагаа явуулж байсан “Энигма” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтод хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл тус аж ахуйн нэгж тохижилтын ажилд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас шалтгаалан ажил бүтэн сараар саатжээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө. Хотын дарга Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тус аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж, тохижилтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэдэд агаар салхинд гарах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бий болгохоор Богдхан уулын тохижилтын ажлыг эхлүүлсэн. Энэ аж ахуйн нэгж Улаанбаатар хотын иргэдийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байгаагаас ялгаа алга. “Энигма”-гийн удирдлагууд энэ газрыг өөрийн өмч мэт харж байна. Энэ газар бол улсын өмч. Энд нийтийн эрх ашгийг хангасан олон ажлыг хийх ёстой. Хуулийг уландаа гишгэсэн, ард иргэдийн хүсэл сонирхлыг дэвссэн байдалтай эвлэрэхгүй. Нийтийн эрх ашгийн эсрэг байгаа энэ аж ахуйн нэгж хураамж хүртэл авч байна. Хураамж нь хотод орж ирдэггүй, хувийн компаниуд өөрсдөө халааслаад үлдэж байгаа. 2023 онд явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламжийн бүтээн байгуулалтыг хийнэ. 1.6 сая хүн амтай Улаанбаатар хотын түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг үе шаттай шийднэ” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Уулын амыг нэг хүн хашчихаад хүмүүсээс мөнгө авч байна. Улаанбаатар хотын иргэдийн амарч, тухалдаг газрыг нэг аж ахуйн нэгж хашчихаад хэн орох, орохгүйг мэдээд байна гэдэг буруу. Хотын зүгээс 2.7 га газрыг тохижуулж байгаа. Үүднээс наашаа 600 метр явган хүний болон дугуйн зам барих ёстой байсан ч энэ ажилд саад гарсан” гэдгийг хэлж байв.
ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХОЙШИЛСНЫ УЛМААС 200 САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛД ОРООД БАЙНА
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат:
-Дугуй цагаан орчмын тохижилтыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас гүйцэтгэж байгаа. Тохижилтын ажил аравдугаар сарын 15-нд бүрэн дуусах ёстой байсан. Гэсэн ч тус ажил бараг сарын хоцрогдолтой явж байна. Үүнээс шалтгаалан эдийн засаг, инфляцын өсөлттэй холбогдуулан урьдчилсан байдлаар 200 орчим сая төгрөгийн алдагдалд орж, энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүчний асуудал зэрэг наад захын зардлууд өсөлттэй байна. Богино хугацаанд тохижилтын ажлыг дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын дарга өгсөн. Тус аж ахуйн нэгж машин, техник хэрэгсэл оруулахгүй байгаа. Энэ байдал үргэлжилбэл хот төсвийн алдагдалд орох, тохижилтын ажлын төсөв нэмэгдэх асуудал үүсээд байна. Тохижилт одоогийн байдлаар 90 хувьтай байгаа. Ариун цэврийн өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай үргэлжилж байна. Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд талын тохижилтыг гүйцэтгэж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгасан. Гарааш буулгасан байршилд мөн тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна. Түүнчлэн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа гэлээ.
Тохижилтын ажлын гүйцэтгэгч “Цагаантолгойн нуур” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил наадмаас өмнө эхэлсэн. Хүйтрэхээс өмнө ажлаа 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажилласан боловч нэвтрэх хаалганд “Энигма” ХХК-ийн зүгээс машин техник оруулахгүй, ажил зогсонги байдалтай байна” хэмээв.
Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Discussion about this post