2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуульд очиж, бодит байдалтай танилцлаа. Энэ хичээлийн жилийн хувьд нийслэлд хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт дэвшүүлсэн билээ. Уг зорилт биелж байгаа бөгөөд зорилтыг хэрэгжүүлэх ажлын явц, цаашдын гарц шийдлийн талаар ярилцсан юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарлаг үрс”, 267 дугаар цэцэрлэг болон 148 дугаар сургуулийнхан үйл ажиллагааныхаа онцлогоос танилцууллаа.
“ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ ХҮҮХДИЙГ СУГАЛААГААР СОНГОДОГ ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ШИЙДЛЭЭ”
Албаныхан зорьж очсон эхний газар нь “Нарлаг үрс” цэцэрлэг байв. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болгон зорин очсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-Энэ жил 101 дэх хичээлийн жил. Шинэ зууны эхний хичээлийн жил гэж хэлж ч болно. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодог тогтолцооны гажуудлыг шийдэх алхам хийсэн анхны жил болж байгаагаараа онцлог. Асуудлыг бүхэлд нь шийдэхийн тулд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг санхүүжүүлж дөрвөн сарын хугацаанд холбогдох бүх албаныхан гар нийлж ажиллалаа. Энэхүү чухал шийдэлд хувийн хэвшлийн оролцоо чухал байсныг хэлмээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин олгож байгаа тул иргэдтйн төлөх цэцэрлэгийн төлбөр урьд өмнөхөөс хамаагүй багасаж байгаа. Цаашид цэцэрлэгийн хүртээмж, чанараа дээшлүүлэх учиртайг харууллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш дөрөвхөн сарын дотор шийдвэрлэж чадсан энэхүү жишээ нь манай улсын хувьд улсын төсвийг хуваарилахдаа нэг асуудлыг цогц шийдэх бус тэгшитгэн хуваарилах зарчмыг баримталж ирсэн нь алдаа байсныг баталж байна. Тиймээс цаашид асуудлыг эрэмбэлж, цогц шийдэх нь чухал байгааг харлаа. Бидний дараагийн зорилго бол хот хөдөөгийн сургалтын чанар, стандарт нэгэн адил байх ёстой. Ойролцоох аймаг сумаас хүүхдээ сургах гэж нийслэл хот руу орж ирэх ёсгүй гэсэн үг. Ирэх жилээс бид багш нарын нийгмийн асуудлыг шийднэ. Хөдөө орон нутгийг зорих боломжийг олгож, ипотекийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх болно хэмээлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах болсонд хамтарч ажилласан бүхий л хүмүүст талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хувьд цааш цаашид баригдаж буй орон сууцны хороолол, хотхон бүрийг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөхийн дээр “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарын стандарт”-ыг боловсруулж мөрдүүлэхээр зорин ажиллаж байна. Орон сууцны хорооллуудын ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгтэйгээр төлөвлөх, салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх гэхчлэн хийх ажил их байна” хэмээн өгүүлсэн юм.
МЯНГАН ЭЭЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БОЛЖЭЭ
Цэцэрлэгийн зориулалтаар нэгдүгээр давхрын байруудыг түрээслэхийн дээр 85-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 17 барилгыг худалдан авч цэцэрлэг болгож буй ажээ. Мөн “Өргөө” цомцог гэр цэцэрлэгийг байгуулж, байгууллагын цэцэрлэгт 2600 хүүхдийг авахаар болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 111,542 хүүхэд цэцэрлэгт орохоор болсон байна.
Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 34 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр цэцэрлэгийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Тиймээс энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1000 ээжийг туслах багшийн курст суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн. Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэлж байлаа. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг ажээ.
ОРОН СУУЦНЫ НЭГ ДАВХРЫГ ТҮРЭЭСЛЭН, НЭМЖ ГУРВАН БҮЛЭГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах зарчмаар нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 267 дугаар цэцэрлэг нь орон сууцны нэг давхрыг түрээслэн, нэмж гурван бүлэг ажиллуулж байна.
Баянзүрх дүүргийн 267 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Байгалмаа:
-Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 2300 гаруй хүүхэдтэйгээс 1800 нь цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээсэн. Манай цэцэрлэгийн хувьд 400 гаруй хүүхэд хамруулж байгаагаас, цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэн ажиллуулж буй гурван бүлэгт 90-100 хүүхэд хүлээж авах боломжтой болсон. Одоогийн байдлаар 37 хүүхэд бүртгүүлээд байна. Хэрэв орон сууцны нэр давхрыг түрээслэх замаар цэцэрлэг ажиллуулаагүй байсан бол энэ хүүхдүүд ямар ч цэцэрлэгт хамрагдах боломжгүй байсан. Мөн цэцэрлэгт маань шинэхэн төгссөн, залуу багш нар ажиллаж байна. Бүгд 1000 туслах багш бэлтгэх сургалтад хамрагдаж, батламжаа авсан хүмүүс гэлээ.
Баянзүрх дүүргийн 267 дугаар цэцэрлэгийн туслах багш Э.Лхагважаргал:
-Би өмнө нь соёлын ордонд бүжгийн багшаар ажиллаж байгаад хүүхэд төрүүлээд олон жил гэртээ суусан. Харин энэ зун 1000 туслах багш бэлтгэх 45 хоногийн сургалтад суугаад одоо 267 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. Цаашдаа цэцэрлэгийн багш болохоор зорьж байгаа хэмээсэн юм.
Нийслэл хотод эхлүүлсэн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлыг энэ онд нийслэлд, ирэх жилүүдэд Дархан-Уул, Орхон зэрэг хүн ам олонтой, томоохон аймаг, хот суурин газарт хэрэгжүүлэх бүрэн боломжтойг салбарын сайд хэлж байлаа.
148 ДУГААР СУРГУУЛЬД 11 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ НАР ХИЧЭЭЛ ЗААНА
Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хүн ам ихээр шилжин ирж, Хан-Уул дүүрэгт барилга орон сууц олноороо баригдаж байгаагаас шалтгаалан сургуулийн ачаалал өндөр байдаг. Түүнчлэн хүүхэд олон байхын хэрээр сургалтын чанар хөндөгддөг. Тиймээс хотын төв болоод захын сургуулийн сургалтын чанарыг нэг түвшинд байлгах, сурагчдын чадварыг хөгжүүлэх чиглэлд шинэ алхам хийж эхлээд байна. Нийслэлийн 148 дугаар сургуульд энэ жилээс эхлэн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалтыг эхлүүлжээ. Тус сургуулийн нөхцөл байдалтай Ерөнхий сайд, салбарын сайд, Хотын дарга нар танилцлаа.
Тус сургуулийн математикийн багш Д.Хасбаяр “Хотын төвийн сургууль болон хөдөөгийн, захын гэр хорооллын сургуулийн сургалтын түвшин харилцан адилгүй байна. Боловсролыг адил тэгш, хүртээмжтэй хүргэх тал дээр анхааралтай ажиллах шаардлага тулгараад байна. Энэ бүхэн ЭЕШ, зарим уралдаан тэмцээн, олимпиадын дүнгээс харагдаж байгаа. Миний бие захын хорооллын хүүхдүүдэд туслахын тулд энэ сургуульд багшлахаар ирсэн” гэсэн бол физикийн багш Б.Амаржаргал “Миний даасан ангид 11 дүгээр сургуулиас болон 148 дугаар сургуулиас сонгогдсон хүүхдүүд нэг бүлэг болон хичээллэж байгаа. Сонгон суралцах анги гэсэн үг. Одоогоор манай анги 17 сурагчтай хичээллэж байна. Багш нар бид болон сурагчид маань 11 дүгээр сургуулийн чадварлаг багш нараасаа суралцах болсондоо маш их баяртай байна. Боловсролын чанар сайтай сургуулийн багш нарыг захын дүүргүүдийн сургууль руу хуваарилах шийдвэрийг зөв гэж бодож байна. Манай сургууль энэ тал дээр анхдагч болж байгаад баяртай байна” гэсэн юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Цаашдаа бид боловсролын хүртээмж төдийгүй чанарт анхаарах хэрэгтэйг олон жишээ харуулж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод математикийн сургалтаар тэргүүлэгч 11 дүгээр сургуулийн сургалтын технологийг Баянзүрх дүүргийн хүүхдүүдэд хүргэх шинэ зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн салбар бүлгийг нээж, 11 дүгээр сургуулийн багш нар ирж хичээл заахаар болсон. Баянзүрх дүүрэг бол хүн ам, газар нутгийн хувьд хамгийн том дүүрэг. Тус дүүрэгт математикийн сайн сургалтыг хүргэх зохицуулалт сайн үр дүн авчирна гэж итгэж байна. Энэ зохицуулалт төвлөрлийг сааруулах зорилгод ч ахиц авчирна. Цаашид судалгаа, тооцоонд үндэслэн чанартай сургалтыг захын бүсэд хүргэх ажлыг үе шаттай хийнэ” гэлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Discussion about this post