Монголын түүхийг сөхвөл 1910 онд Хөвсгөл далайд анхны хөлөг онгоц хөвжээ. 1830-аад онд Хаант Орос Улс Монгол Улстай хийх худалдаагаа өргөжүүлэх, төмөр замын тээвэр эхлүүлэх талаар ярьж байсан аж. Үүний биелэл болж хоёр орны хооронд усан замын тээвэр 1910 онд эхэлжээ.
Хөвсгөл нуурт усан онгоц аялж эхэлсний 112, Монголд усан замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 70 жилийн ойг амралтын өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас усан тээврийг хэрхэн хөгжүүлэх талаар тодруулав. Тэрбээр
-Салбар бүр өөрийн түүхтэй. 1952 онд ЗХУ-ын шийдвэрээр Ханх-Хатгалын чиглэлд тээвэр хийдэг байсан усан онгоцнууд, тэдгээрийн чиргүүлүүд, усан зогсоол, ачих-буулгах хэрэгсэл зэргийг манай талд хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш Монголчууд Усан замын захиргаагаа байгуулан, тээврээ өөрсдөө төлөвлөн явуулжээ.
Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ. Үүнд усан замын тээвэр, тэр дундаа зорчигч тээвэр чухал. Цаашдаа Монголын экспортын ачааг өөрийн орны далбаатай хөлөг онгоцоор тээвэрлэх нь бидний мөрөөдөл.
БНСУ-тай усан замын тээврийг хөгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Тус улстай хамтарсан компани байгуулж, гуравдагч орон руу далайн тээвэр хийх боломжтой. Энэ ажил санхүүжилтийн улмаас түр гацсан.
Ханхыг олон улсын боомт болгох бололцоотой. Манай улсад ирдэг жуулчид Улаанбаатарыг үзэх гэж ирдэг нь юу л бол. Монголын түүхтэй танилцах гэж, музей үзэх гэж ирдэг нэг хэсэг бий. Нөгөө хэсэг буюу дийлэнх нь Монголын сайхан байгалийг үзэж, амрахаар ирдэг. Эдгээр жуулчдыг заавал нийслэлд буулгалгүйгээр шууд Хөвсгөлд угтан авах хэрэгтэй. Иймд Хөвсгөлийн нисэх онгоцны буудлыг 4С буюу олон улсынх болгоно. Сумдын нисэх онгоцны буудлыг жижиг оврын буудал болгох юм. Ингэснээр аялагчдын цагийг хэмнэн, аяллыг нь хялбаршуулна гэв.
Усан замын тээвэр 112 жилийн өмнө эхэлсэн гэхээр төмөр зам болон авто замаас илүү урт туүхтэй. Манай улсад төмөр зам 84, авто тээвэр 97, иргэний нисэхийн салбар 75 жилийн түүхтэй юм.
Discussion about this post