Төр нийгмийн нэрт зүтгэлтэн төрөлх нутаг, газар шорооныхоо төлөө албан тушаал эрх ямбаа умартан тэмцсэн эх оронч, Монголын анхны мэргэжлийн дипломатч С.Аварзэд гуайн гэргий С.Дугармаа эгчтэй хөөрөлдсөн тэмдэглэлийг минь хэд хэдэн сонин нийтлэxээp авсан боловч нилээд удлаа. Сонгуулийн дуулиан шуугиан энэ тэр гээд зай завсар гардаггүй юм болов уу даа…Сэтгүүлч Х.Лхамжав Аварзэд гуайн гэргий С.Дугармаа эгчтэй Колорадо мужийн Дэнвэр хотноо өөрийнхөө гэрт бүтэн өдөр ярилцсан “Дугармаа эгч” ярилцалгаа 2017 оны 7-р сарын 10-д өөрийнхөө fb-д нийтлэхдээ охин А.Алимаад нь хамт нийтлэгдэхээр анх оруулжээ. Энэ ярилцлагыг хүргэж байна.
ДУГАРМАА ЭГЧ
Бүсгүй хүнийг намартай зүйрлэдэггүй л байх. Харин надад ухаалаг, дөлгөөхөн Дугармаа эгч минь налайн сунайж шаргалтсан намар цаг мэт санагдаад байдаг юм. Их л бодлогоширон аргадаж, зөөллөсөн аясаар тогтуухан ярих нь хүртэл хялганы толгой бүжүүлэх бүлээн сэвшээ илбээд байх шиг л дотно. Охид дээрээ амрахаар ирэхэд нь олон уулзаж дээ. Нэгэнтээ Дугармаа эгчээ хоёулаа нэг өдөр сайхан ярилцаж сууя гэхэд тэгье дээ хүү минь надаас олон хүн элдвийн юм асууж ярилцлаа, асууж байгаа асуулт нь адил хариулж байгаа хүн нь нэг юм болохоор ижил шахуу л юм бичигдэх юм гэв. Үгүй дээ Дугармаа эгчээ хоёулаа Аварзэд сайдын тухай биш зүгээр л цаг цагийн шуурганд илчээ гээж итгэлээ алдаагүй хайрын тухай, таны ханийн тухай Дугармаа, Аварзэд хоёрын тухай жаахан ярилцья гэвэл их л уриалгахан Тэгье хүү минь надаас Молотов, Цэдэнбал, Давст уул гэсэн мэдэх мэдэхгүй юм шалгааж байснаас таны ханийн тухай ярилцья гэж байгаагүй юм байна. Би чухам чамд эдний сонсоогүйг ярина гээд охиноо зааж билээ. Тэнэгийн дотор уужуухан гэж ажил төрөл энэ тэр гэж алгуурлан явсаар бараг жил шахуу болж байж нутаг буцахынх нь өмнөх өдөр Дугармаа эгчтэй уулзаж ярилцлаа. Бид хоёр нилээн удаан хуучилсаан. Уулзаад 4 цаг гаруй болсоны дараа Маргааш ниснэ бэлтгэх ажил байна гээд авах гэж ирсэн охин Алимаадаа – Би энэ хүүтэй жаахан яримаар байна. Бүр сэтгэл сэргэчихлээ. Аавын чинь тухай, та нарын бага насны тухай найз нөхдийнхөө тухай ингэж ярилцах ямар сайхан юм. Чи явж байгаад оройхон ирж ав гэж буцаагаад бүтэн өдөр хөөрөлдлөө.
Нэг. АВАРЗЭД БИД ХОЁР.
-Дугармаа эгчээ та Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул багш хүн яаж яваад тэр баруун Алтайн тэс ондоо ажил мэрэгжилтэй хүнтэй танилцсан юм бэ?
-Би Багшийн Институтийн Монгол хэл утга зохиолын ангийн оюутан туранхай жоохон охин байлаа. Аав минь нэг цасан шуургатай өглөө эмнэлэгт хэвтсэн юм. Оройхон энэ шуурга тогтохгүй нь дээ, муу өөдөсхөн охин минь цай шөл аваад гарсан байх даа яаж шүү ирж буцна даа гээд хамт эмчлүүлж буй хүндээ ярьж байж. Тусгай тасаг гэж хоёр ортой өрөө байсан санагдана. Эмнэлгийн үүдэнд нэг залуу намайг тосч ороод аавд – Өөдөсхөн гээд байхаар чинь хүүхэд ирэх юм байх гэж бодсон чинь том охин байна шүү дээ гэж байсан. Анх бие биенээ харж байгаа нь тэр. Аавыгаа эргэхээр очих бүрд минь эмнэлгийн үүднээ угтаж, явахад минь үдэж өгдөг болсон тэгж л танилцсан даа. Тэр үед Аварзэд Гадаад яаманд ажиллаж байсан юм. Удалгүй Улсын Прокурорын орлогч болсон. Надтай уулзах гэж сургууль дээр ирнэ. Их ичдэг байж билээ хүүхэд байж дээ. Амьдрал гээч санаанд буумгүй сонин тохиолдлоор элбэг юм хойно дараа нь Аварзэд Сайд Нарын Зөвлөлийн зохион зааварлах хэлтсийн даргаар томилогдон ааваас минь ажлыг нь хүлээн авсан юм. Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар юм даа.
– Аварзэд гуай ер нь ямар замаар энэ өндөрлөгт хүрсэн хүн бэ? Уг нь Эрхүүд Рафак төгсөн малын эмч мэргэжил эзэмшсэн гэж уншиж байсан юм бол.
-Хүмүүс янз янз л бичих юм. Яг үнэндээ бол Рафак-д сураагүй юм. Эрхүүгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч зоотехникч мэргэжлээр төгссөн хүн. Төгсөөд Говь-Алтай аймагтаа ажиллаж байгаад улаан арми фронтод бэлэглэсэн морьдыг хүлээлцэх комисст Монголын талын хэлмэрч малын эмчээр томилогдсон юм байна лээ. Зөвлөлтийн талын комиссынхонтой агт сонгох асуудлаас болж их маргадаг байж. Морь малиндах гэж ярьдаг байсан юм даа. Тоо толгойд нь хүргэж тушаахгүй бол ахин бэлгийн морьд цуглуулах нүсэр ажил болдог учраас тэр байх. Бэлгэнд өгсөн морь нь малинд тэнцсэн малчин баяр хөөр болдог байсан гэхээр бараг албан даалгавар байсан юм уу даа. Тэнцсэн морьд ачигдаад явахдаа бүгд л нутаг руугаа ширтээд үүрсэж байхыг хараад тэсэлгүй уйлахад нь оросууд их гайхацгааж байсан гэдэг. Миний хань чинь өнчрөл хагацал зовлон туулсан нулимс ойртой их уян зөөлөн хүн шүү. Надад ямар л арга хэмжээ авбал ав. Дахиж би энэ морьд ачих ажилд оролцохгүй. Энэ эмч хүний хийх ажил биш байна гэж. Хүнд хэцүү үе шүү ид хэлмэгдүүлэлт баривчилгааны цаг. Сүүлд нь Бат-Очир гуайн ярьснаар Маршалд Аварзэдийн тухай: Зөвлөлтийн нөхөдтэй ширүүн маргадаг, бэлгийн морины шүдийг үздэггүй юм, авбал ав авахгүй бол боль шилүүлэн шилүүлэн бэлэг өгөх албатай юмуу гэж тулгадаг. Агт ачих ажлыг ахиж хийхгүй эмч хүний хийх ажил биш тэр Дотоод яамны ногоон малгайтнуудаараа хийлгэ гэж хэлсэн гэсэн мэдээлэл ирж, Маршал ч гэсэн морь малиндах ажил удаашралтай хэтэрхий нарийн шилж сонгож байгаад тийм дуртай биш байсан юм билээ. Өндөр Юндэн гэдэг хүнд Алтайн комисст мэргэжлээрээ ч хэлээрээ ч оросуудаас дутахааргүй Монголоо гэсэн сэтгэлтэй малын эмч хүү ажиллаж байгаа юм байна. Бидэнд одоо ийм хүн их хэрэгтэй шүү гээд нэрийг өгсөн гэдэг. Удалгүй Мал тариалангийн яаманд хэлмэрч орчуулагчаар татагдан ирж ажилласан юм байна лээ. Маршал ер нь нэг санаандаа буулгасан хүнээ мартдаггүй хүн байсан юмуу даа. Олон улсын харилцааны сургуульд явуулах оюутнуудаа Гадаад яамны сайд Лхамсүрэн гуайтай хамт өөрөө сонгосон юм байна. Мал тариалангийн яамны сайд Юндэнгээс нөгөө малын эмч хүүг асууж, МУИС-д оюутан болоод онц суран оюутны зөвлөлийн дарга хийж байгааг нь мэдээд дуудаж уулзан Дүгэрсүрэн, Бира, Пүрэвжал, Лочин, Хосбаяр, Шагдарсүрэн нартай хамт Москвагийн олон улсын харилцааны академид явуулсан юм.
-Tанд амласан мөртлөө өөрийн эрхгүй Аварзэд гуайн тухай яриа өрнүүлчихлээ. Та хоёр хэдэн онд айл болов оо, та оюутан байсан уу?
-Зүгээр дээ, хүү минь одоо үүнийг надаас өөр мэдэх ярих хүнгүй болж. Өвгөн минь ийм л зам туулж төрийн хүн болсон юм. Бид хоёр 1954 оны эхээр айл болон галаа асааж байлаа. 1953 оны сүүлчээр Аварзэдийг СНЗ-ийн орлогч даргаар дараа нь Гадаад яамны сайдаар томилсон юм. Ингэж л Гадаад Яамны ажилтантай танилцаж байсан оюутан охин сайдын гэргий болсон доо. Ёстой нөгөө Бүлээхэн бороо тосч шивэрдэг, Бүтэн солонго тойрч татдаг он жилүүд байж дээ. Хоёр жилийн дараа охин минь төрж би ч сургуулиа төгсөн Э.Раднаа захиралтай 1-р арван жилд багшаар очсон.
Хоёр.ТАВИН НАЙМАН ОН
1990 оноос хойш Зөвлөлт Монголын хилийн хэлэлцээрийн тухай Аварзэд-Молотов Цэдэнбал-Давт уул гэсэн сэдвээр маш их бичиж ярих болсон. Би л лав эхлээд Донид ах Аким гуайн бичсэнийг, дараа нь Пүрэвдорж генерал, сэтгүүлч Навгачамба, Лхаашид гуайн үзэглэсэнийг Баабарын Нүүдэл суудал, Хорлоогийн Чойбалсан хоёртоо оруулсан бүлгүүдийг уншсан. Бичигдсэн зүйлс бас нилээн зөрүүтэй байх юм аа. Одоо бүр МАXН-ын Төв Xорооны бүгд хурлын протоколыг Н.С Хрушёвын МАХН-ын төв хороонд ирүүлсэн цахилгааныг орос хэл дээр нь ил тавилаа. Яг энэ өдрүүдэд танай гэрт чухам ямар яриа хөөрөө өрнөж байв. Айдас хүйдэс байв уу? Аварзэд гуай ер нь өрнөж буй үйл явцын тухай тантай ярьдаг байв уу?
-Төрийн хүний мөрдөж явах ёстой ёс зүй гэж нэг чухал юм бий. Бас ханьтайгаа ярилцах, хуваалцах юм байлгүй яахав. 1956 онд ЗХУ-д Сталины дэглэм нурж Сталинчууд бутран ГЯЯ-ны сайд Молотов нь Монголд ЗХУ-ын Элчин сайдаар томилогдон ирсэн юм. Төвхнөөд нэг их удалгүй манайхыг гэртээ урилаа. Эхнэр нь Полина Жемчужина гэж сурвалжит угсаатай, дайлж цайлсан, яриа хөөрөөтэй сайхан орос бүсгүй. Тэднийхээс Аварзэд их ууртай ирсэн юм. -Нэг урьж хундага тулган бэлэг өгөөд л нэг уул аваад байх санаатай бас гэхэд нь Юу яриад байнаа, юу болсон юм гэвэл: Чи Молотовыг европийн өндөр хөгжилтэй Польш руу явахаас татгалзан яах гэж Монгол руу зүтгэн зүтгэн ирсэн гэж бодож байна, Дахин бэрс гарах гэж нүүдлээ атгаад ирсэн чоно байхгүй юу, Зүгээр зогсож байгаад бариулчих хонь гэж бодож байгаа бий чи гэсэн юм../Тэрээр суудлаа засан зөөлөн санаа алдаад нилээд бодлогошрон суув/
-Хоёулаа амьдралыг тань орвонгоор нь эргүүлсэн энэ үйл явдлыг орхиод Унгарт өнгөрөөсөн он жилийн тухай хуучилцгаая.
-Амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн гэхээсээ илүүтэй тэр үед хань минь нойр хоолгүй шахуу амралт чөлөө зав гэр орон гэдгийг бүрэн умартан яаж ажилласныг, хичнээн хүнтэй уулзан заримд нь учирлан заримыг нь аргадан, заримтай нь зөрөлдөн зүтгэснийг бодохоор юу мэдэж байгаагаа чамд бүгдийг нь яримаар санагдчихлаа. Асуудал бүрэн шийдэгдээд өнгөрсний дараа ч бид хоёр олон оройг энэ л тухай ярьж буруу зөвийг нь өнгөрсөн хойно нь нэхэн хөөж дүгнэж цэгнэж өнгөрөөлөө шүү дээ. Би чамд яг тэр үед болж байсан үйл явцаас өөртөө буулгаж авсанаа хожим нь өвгөнтэйгээ аминчлан ярьсантайгаа нэгтгэн он удаан жилийн турш бодож дүгнэснээ л хэлье. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол миний л дүгнэлт юм шүү хүү минь. Энэ үйл явдал намайг мөн ч олон шөнө нойргүй хонуулсан даа. Намайг гэж дээ, биднийг… Уг нь улс орны он цагийн түүхийн хэлтэрхий юм болохоор үнэнээрээ үлдвэл зүгээр л байгаа юм. Одоо ч бодитоор нь биш өнөөгийнхөөр өөр өөрсдийнхөө үзэл бодлын үүднээс дүгнээд л зохиочихдог болж дээ. Монголын нэг хэсэг байсан Тагна-Тувачууд 1925 онд тусгаар улс болон Тува гэж нэрлэгдэх болсон юм байна. 1932 онд Монгол-Тува хоёр хилийн гэрээ хийж баримт бичиг үйлдсэн байгаа юм, 1940 онд. Монгол-Тувагийн хилийн хэлэлцээрийг шинээр тодотгон хийгээд энэ хэлэлцээрээ 1932 оныхоо хилийн гэрээг хүчингүй болгосон юм билээ. 1944 онд Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд өөрийн саналаар нэгдэн орсон. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт оролцох ЗХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тувагийн тэргүүн Салчук Токо гэгч орж ирсэн байдаг. Маршал Чойбалсан цайллаган дээрээ уурлан Токог их хүчтэй алгадсанаас болж савж унан бэртэж наадам үзэж чадалгүй тусгай онгоцоор буцсан юм билээ. 1990 оноос хойш энэ тухай зарим нэг хүн -Токо танайх одоо ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хэрэгтэй гэж хэлэхэд нь маршал уурлан алгадсан гэж бичих болсон доо. Гэхдээ л энэ явдлаас хойш арав гаруй жилийн дараах БНМАУ-ын Гадаад Яамны сайд л лав Маршал Токог 1940 оны хилийн хэлэлцээрээр хүчингүй болгосон, 1932 оны Монгол-Тувагийн хилийн гэрээны зураг баримт материалыг ЗХУ-ын ГЯЯ-ны сайд Молотовт яах гэж өгсөн юм гэж уурлан алгадсан, тэр гэрээний хүчингүй болсон бичиг баримтыг ашиглан Молотов өөрийнхөө нэр төр албан тушаалыг сэргээхээр Монголыг зорин ирж байгаа гэдгийг мэдэж л байсан байгаа юм даа. Молотов Монголд ирээд удалгүй хөзрөө дэлгэн УТТ-нд зайлшгүй яаравчлан шийдэх хилийн маргаантай асуудал байгааг танилцуулж 2 талын комисс байгуулахыг шаардан санасандаа хүрсэн. Монголын талын комиссын даргаар Аварзэд томилогдсон юм. Аварзэд зүтгэсээр байж геологич Дүгэрсүрэнг комиссын бүрэлдэхүүнд оруулж Зөвлөлтийн талын зурагт оруулсан газруудын геологийн тойм судалгааг гаргуулсан юм байна лээ. Зөвлөлтийн талын 1932 оны гэрээ гэгчийг тодруулж томсгон зурсан зурагт Тагны нуруу тэр чигээрээ, Хөвсгөлийн хойд тал Шигшидийн голын эх, Шигшидийн нуруу, Давст уул, Асгат зэрэг уртаашаа 300 гаруй км өргөөшөө нарийн нь 5 км өргөн нь30 км газар нутгийг авахаар тусгасан байсан гэдэг юм. Хань минь их зүдэрсэн дээ. Молотовын зай чөлөөгүй шахалт, МАХН-ын УТТ-ны ихэнх гишүүдийн Зөвлөлт-Монголын найрамдалд шийдвэрлэж болохгүй тээг болсон ямар нэг асуудал байх ёсгүй гэсэн байр суурь, Монголын талын комисст орсон зарим нөхдийнх нь эсрэг санал мөн ч олон шөнө нойргүй хонуулсан даа. Том юманд санаа зовон олон хоног амралт чөлөөгүй ажиллахаар хүний зүрх өвддөг, даралт ихэсдэг болдог юм билээ. Хоёр талын комиссын анхны нэгдсэн хуралдаан дээр Аварзэд түүхэн хил гэдэг үүднээс асуудлыг хөндөн Орос-Монголын түүхэн хил Тувагийн цаагуур байгаа Тува Монголын нэг хэсэг байгаад салан тусгаар улс болсон Монгол Тува хоёр хилийн асуудлаа хэд хэдэн удаа гэрээгээр зохицуулалт хийж байгаад 1940 онд хоёр орны хилийн хэлэлцээрээр бүрэн эцэслэн шийдвэрлэсэн.
Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болж мөрдөгдсөнөөс хойш 4 жилийн дараа Тува ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон. ЗХУ, БНМАУ хоёрын шинээр байгуулагдсан хилийн асуудал шийдэх комисс нь Тувагийн цаагуур байсан Монгол-Оросын түүхэн хилийг 1940 оны Монгол-Тувагийн хилийн хэлэлцээрээр баталсан хилийн зурваст шилжүүлэн БНМАУ, ЗХУ-ын хил гэж нэрлэх асуудлыг л шийдэх ёстой өөр ямар нэгэн будилаантай маргаантай асуудал байхгүй гэдгийг Монголын талын комиссын ахлагчийн хувьд албан ёсоор мэдэгдэж байна гэж хэлсэн юм билээ. Молотов уурлан “Энд ямар ч түүх түүхэн хил яригдах ёсгүй Тува одоо ЗХУ-ын нэг хэсэг тэгэхээр хилээ хаагуур татахаа Тува биш ЗХУ шийдэх ёстой. Түүхэн хил гэж ярих нь байтугай танайхыг нэгтгэж ч болох байсан гэдгийг санаарай” гээд ширээгээ нүдэн их хилэгнэсэн юм гэдэг. Үүний дараа Цэдэнбал Аварзэд хоёр энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар тусгайлан ярилцсан юм билээ. Молотовыг ямар нэг аргаар Хрушёвт мэдэгдэлгүйгээр энэ асуудлыг засгийн газрынхаа хэмжээнд шийдвэрлээд дараа нь Хрушёвт мэдэгдэн эргэн ямар нэгэн албан тушаалд тавигдах зорилгоор махран зүтгээд байна гэж дүгнээд, Аварзэд түүхэн хил гэж баримталж буй үзэл дээрээ тууштай зогссоор болж өгвөл Цэдэнбал даргыг Москвад байхад Хрушёвын сонорт хүргэх үүрэг хүлээсэн юм билээ. Цэдэнбал дарга Хрушёвтой Давст уул бол миний төрсөн нутаг гэдэг үүднээс уулзан ярилцах бүх бодит нөхцөл байдлыг танилцуулах тэгээд ч Хуршёв өөрийн унаган нутаг Хар далай орчмынхоо зарим нэг хэсгийг төрөлх Украйндаа эргүүлэн өгөх асуудлыг сэдэж байгаа энэ үед л маргаангүй шийдүүлэх боломж бий гэж тохирцгоож. Молтов 11-р сарын 7 Октябрийн баярын өмнө гэрээнд гарын үсэг зурах ёстой гэж 2 талын комиссын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Энэ хурал дээр Аварзэд “Хил хилийн зурвасыг ганц нэг хүний санаачилгаар ямар нэгэн комисс гарын үсэг зураад шийдвэрлэдэг зүйл огт биш. Та нар зөвхөн газар нутаг нэг талд нь шилжүүлэх асуудал гэж ойлгоод байна. Энд хэдэн зуун жилд мянга мянган хүний амь амьдралаар бичигдсэн улс орны түүх соёл хамт шилжигдэн устгагдах гээд байна гэдгийг нэг бодож болгоогооч. Би гарын үсэг зурж чадахгүй ээ. Энэ асуудлыг Цэдэнбал даргыг эзгүйд яаравчлан шийдэх ямар ч боломж байхгүй” гээд хурлыг орхин гарсан юм билээ. Гарсаных нь дараа Молотов одоо энэ бичигдэж яригдаад байгаа Иймэрхүү Гадаад яамны сайд мөн ч олныг үзлээ дээ гэдэг үгээ хэлээд инээсэн гэдэг. Аварзэд болохоор аргагүй дээ газар нутаг байтугай өчнөөн олон улс орныг ЗХУ-д нэгтгэж чадсан хүн ингэж хэлэхээс яахав гэдэг байсан юм.Энд нэг давхар яригдаж байсан асуудал нь ЗХУ-ын давсны хэрэгцээг хангах үйлдвэрийг Тувад Давст уулыг түшиглэн барих Зөвлөлтийн засгийн газрын төсөл байсан гэдэг.
Энэ хурлын дараа Аварзэд МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга Дамбатай уулзан Хил Хилийн шугамыг тодруулах хэлэлцээ явуулахдаа түүх түүхэн баримт бичгийг үндэслэнэ гэсэн УТТ-ны тогтоол гаргуулахаар бэлдэж төлөвлөсөн материалаа тайлбарлан гардуулж, Дамба дарга Аварзэдийг маш их дэмжиж байсан даа. Заримдаа хүч нь хүрдэггүй байсан байх. УТТ-ны тогтоол Түүх түүхэн баримт сэлтийг үндэслэн хоёр талын ард түмний өнөөгийн амьдралын шаардлагт нийцүүлэн шийднэ гэж засагдаж гарсан юм гэдэг. Молотов шинэ жилийн өмнө гэрээнд гарын үсэг зуруулахаар 2 талын комиссын өргөтгөсөн хуралдааныг дахин хуралдуулсан. Энэ хуралд манай УТТ-ны ихэнх гишүүд бараг бүх сайд нар оролцсон юм билээ.Хурал дээр гарын үсэг зурахыг шууд тулгасан гэдэг. Аварзэд ЗХУ, БНМАУ хоёр зэрэгцэн орших явцад хил хязгаарын асуудлыг зөв зохистойгоор шийдвэрлэж байх нь зүйн хэрэг. Гэхдээ Молотов таны баримталж буй энэ муйхар луйврын хоцрогдсон аргаар биш. Энэ 1939 он биш, 1957 он. Та ЗХУ-ын ГЯЯ-ны сайд биш БНМАУ-д суугаа элчин сайд шүү. Элчин сайдыг тухайн сууж буй орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа явуулсан тохиолдолд албадан гаргаж болдогийг та туршлагатай дипломат хүний хувьд мэднэ байх гэж хэлсэн нь Молотовыг дэлбэртэл уурлуулж энэ асуудлыг ГЯЯ-ны хэмжээнд шийдвэрлэж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүргэн Хрушёвтой холбогдон тайлбарлах хэмжээнд аваачсан юм гэдэг. Тэгээд оны дараа чиний түрүүний ярьдаг МАХН-ын Төв хороонд хаягалсан Хрушёвын цахилгаан ирсэн юм. Цахилгаан ирсэн тэр хурал удаан болсон байх. Аварзэд бараг л шөнө хагаслаж ирсэн юмдаг. Нилээд удаан тийм тайван байхыг нь хараагүй болохоор сэтгэлд тод үлдэж. Цайгаа уунгаа, Бүх юм санаж төлөвлөснөөр сайхан болноо хөө, одоо Цэдэнбал даргыг ирэхээр ажил ч ундарна даа.Тагна Шигшид хоёроо аваад үлдэнэ, Монгол нутгийн минь сор байгаа юм шүү дээ, цаад бэлд нь хилийн багана босгож, түүх дурсгалын хөшөө самбар барина. Дүгэрсүрэнгийн тооцоолсноор Асгат үрсийг минь тэжээх үүц байгаа юм. Давст уул яахав ээ хамтарсан давсны үйлдвэр бариад даргын гэрийн буурин дээр үйлдвэрийнх нь эмбелемийг босгочихно гээд надтай бүр ажил төрлөө хүртэл ярин сэтгэл хангалуун байсан юм. Хэд хоногийн дараа Цэдэнбал дарга ирсэн очиж уулзана гээд баяртай нь аргагүй явсан хүн үд нилээд өнгөрч байхад Цэдэнбалтай хэрэлдчихээд ирлээ гэсээр нилээд бухимдуу орж ирсэн. Яасан бэ? юу болоов, хэрэлддэг нь яаж байгаа юм гэхэд тохирсоноосоо юуг ч хийгээгүй байна. Хрушёвийн цахилгааны хариуг тайлбартайгаар явуулья гэсэн үгүй гэнээ. Тагна Шигшид Давст уулыг зүгээр л өгчих, гэрээнд гарын үсэг зурчих гэнээ. Таны төрсөн нутаг шүү дээ, гэрийн чинь буурь намтар дээрээ ЗХУ-д төрсөн гэж бичих л болох нь дээ гэтэл: Чи У.Т.Товчоог төөрөгдөлд оруулсан байна, Зөвлөлт Монголын найрамдалд саад болох ямар нэгэн асуудал, тэр бүү хэл хэн нэгэн хүн ч байх ёсгүй гээд л дэлбэртлээ уурлаж байна. Би гарын үсэг зурж чадахгүй ээ, шалтгаан нь би Монгол хүн. Зөвлөлт Монголын найрамдал бол зүгээр л энэ цаг үеийн баримталж буй ёс зүйл. Тагна Шигшид Давст уул бол бидний үе дамжин амиараа хамгаалж ирсэн юугаар ч сольж болохгүй эх нутаг гэж хэлчихээд хаалгыг нь саваад гараад ирлээ. Энэ ажлаа авч тэр гарын үсэг зурж чадах хүндээ өгнө л биз. Бие өвдөөд нэг л биш гээд шууд эмнэлэгт хэвтсэн. Даралт нь маш өндөр зүрхнийх хэм алдагдан царай нь хачин хүрэн болчихсон хоёр гурав хонож эмнэлгийнхнийг нилээд сандаргасан даа. Хоёр долоо хоногийн дараа УТТ-ны хурлаар сонсголыг нь авч хэлэлцэх болсон тул эмнэлгээс гарсан юм. Хурал дээр хэлэлцээрийг яаралтай эцэслэн шийдвэрлэхийг тулгасан юм билээ. Аварзэд ЗХУ, Монголын газар нутгийн нэг хэсгийг хүчээр булаан авах гэж буй нь эзэрхэг түрэмгий хаант оросын замаар замнаж буй хэрэг мөн. Би үүнтэй эвлэрч чадахгүй ээ. Монгол хүний хувьд эх орныхоо нэг хэсгийг таслан бусдад өгөх гэрээнд гарын үсэг зурахгүй энэ үзэл бодлоо зөв гэж үзэж байгаа тул хийсэн бүхнийхээ хариуцлагыг үүрэхэд бэлэн гэжээ. Тэгээд УТТ-ны хурлаас Зөвлөлт Монголын хилийн хэлэлцээрийг санаатайгаар удаашруулж сунжруулсан тул Монголын талын комиссын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоолын төслийг танилцуулаад гаргасан юм билээ. Хурал комиссын даргаар Аварзэдийн оронд хэнийг сонгох вэ гэдэг асуудлыг биш харин хэн гарын үсэг зурах вэ гэдгийг шийдэх гэж их удаан үргэлжилсэн юм билээ. Юм үнэнээрээ байх сайхан МАХН-ын Төв Хорооны нэг, хоёр дугаар даргаас бусад бараг бүх хүнд тулгахад зөвшөөрөхгүй байцгаасан юм гэнэ лээ шүү. Хоёрдугаар дарга Цэнд гуай саналаараа би зуръя гэж комиссын даргаар батлагдсан гэдэг.
Эгч нь 1958 оны хэд хэдэн өдрийг их тод санаж явдаг юм.
1-р сарын 27-нд ЦКМНП, Поведение вашего Министра иностранных дел вызывает удивление в Москве.Н.С Хрушёв гэсэн ганц өгүүлбэртэй цахилгаан ирсэн.
2-р сарын 3-нд Цэдэнбал Москвагаас буцаж ирсэн .
2-р сарын 17-нд УТТ-ны хурал болж Аварзэдийг комиссын даргаас чөлөөлсөн.
Молотов Ринчин гуайгаар бас их оролдсон доо. Тэр үеийнхэн мэднэ дээ. Гурван үсгийн дүрэм гэж кирилл үсэгт шилжихэд Монгол хэлзүй онцлогт тохируулан 3 үсэг нэмэх саналыг нь эсэргүүцсэн юм. Ринчин гуайн Үндсэрхэг үзэлтэн гэгддэг цол эндээс эхтэй дээ. Аварзэд нэг өдөр Ринчин гуайтай уулзаад гэсээр Цогтын дуут хадны бичээсийн зургийг авч ирсэн юм.
2-р сарын 21-нд би төрж манайх хүүтэй боллоо. Аварзэд хүүгийнхээ чихэнд нэрийг нь шивнээд хүүдээ Цогт гэж нэр өглөө гэж хэлсэн.
Надад хамгийн түрүүн Ринчин гуайтай уулзсан нь санагдаж, болох юмуу өвгөөн бүр Ринчин гуайтай холбогдоод хуйвалдаан энэ тэр болоод явчих юм биш үү гэхэд: Зүгээрээ хөө би хүүдээ төрөлх нутгийнхаа төрсөн сумынхаа Цогт нэрийг өгч байгаа юм. Өвгөдийнхөө гэрийн бууриар тамгалсан нутаг усаа үрсдээ дамжуулж өгдөгөөс биш хэн нэгэн хүссэнд нь найрамдлын бэлэг болгож өгдөг юм биш гэсэн. Би хоёулхнаа мөртлөө хүн сонсчихоогүй байгаа даа гэж айж байсан даа.
3-р сарын 26-нд Молотов, Цэнд нар хилийн гэрээнд гарын үсэг зурж Монголын сор болсон 1247 хавтгай дөрвөлжин км нутаг хүнийх болсон доо. Молотов их өгөөмөр сэтгэл гарган Аварзэдийн өгөхгүй гэж зүтгээд байсан 84 хавтгай дөрвөлжин км нутгийг үлдээсэн нь одоо энэ Асгатын мөнгөний орд. Тэгээд л Зөвлөлт Монголын найрамдалд онц ноцтой хохирол учруулсан Зөвлөлтийн эсрэг үзэлтэн Аварзэдийг бүх албан тушаалаас нь зайлуулсан. Молотов Монголоос шууд Вене дахь НҮБ-ын цөмийн энергийн төв МАГАТА-д суух Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм гэдэг.
Гурав. БУДАПЕШТЭЭС БУРХАН БУУДАЙН ӨВӨРТ
-Тэгээд л Унгарт элчин сайдаар томилсон гэдгийг уншиж байсан. Харин яг юунаас болж яагаад эргүүлэн татсан их л бүрхэг байдаг юм байна лээ. Зөвлөлт улстай харилцаагаа муутгаж байгаа хөрөнгөтний үзэлт Югославийн элчингийн оёдолчноор костюмаа хасуулсан, хөрөнгөтөн орны дипломатуудтай францаар ярьж удаан суудаг гэх шиг нэг тиймэрхүү мэдээлэл НАХЯ-нд ирсэн юм шиг байдаг юм. Юунаас болж тийм хурдан эргүүлж татсан юм бэ?
-Аварзэдтэй хамт нэг хүнийг Элчин сайдын яаманд ажиллуулахаар томилж явуулсан юм. Нэрийг нь хэлээд яахав дээ, үр хүүхэд ач зээд нь хийсэн үйл нь таатай сонсогдохгүй байх. Хүний эцгийн нэр гэдэг их хүндэтгэн дээдэлж явах нандин эд юм шүү. Тэр хүн тусгай даалгавартай явсан юм уу даа. Францаар ярьдаг, хөрөнгөтөн орны элчин сайдуудтай үе үе уулзалт зохион их удаан ярьж сууцгаадаг гэсэн 20 гаруй төрлийн мэдээллийг НТХ, НАХЯ-нд ирүүлсэн юм билээ. Дараа нь Унгарын АСН-н Их хуралд Цэнд дарга тэргүүнтэй төлөөлөгчид очиж оролцсон юм. Янош Кадраас элчин сайд Аварзэдийн талаар тодорхойлолт хийж өгнө үү гэж хүссэн юм билээ. Янош Кадр Унгар улс Танай элчин сайдад тодорхойлолт хийгээд сууж байдаг боловсон хүчний газар уу гээд нилээд уурлангуй асуусан гэдэг юм. Цэдэнбал дарга заавал авчир гэж үүрэг өгсөн юм гэж шалсаар тодорхойлолт хийлгэж авчээ. Уг тодорхойлолтонд: Аварзэд нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахаар идэвхийлэн ажиллаж буй өндөр боловсоролтой мэргэжлийн дипломат болно гээд их л магтан бичсэн тухай, Цэнд дарга буцахынхаа өмнө Аварзэдэд хэлээд ажлын амжилт хүсч байсан юм. Аварзэд Цэнд гуайд Франц, Канад зэрэг Монгол улсаас элчин суудаггүй, францаар ярьдаг орнуудын Унгар дахь элчин сайдуудтай холбоо тогтоон МУИС-ийн франц хэлний ангийн оюутнуудыг 6 сар франц хэлний сангийн зардлаар тус орнуудад хэлний дадлага хийлгэх боломж байгаа эсэхийг судлуулж тэднээр дамжуулан хүсэлт тавьж нилээд нааштай хариу авсан тухайгаа танилцуулсан юм. Энэ нь хөрөнгөтөн орнуудын элчин сайдуудтай хувилдаан зохиодог гэсэн дүгнэлтийн үндэс болж эргүүлж татахад хүргэсэн юм. Аварзэдийг яаралтай эргүүлэн татах тухай хурал дээр М. Дүгэрсүрэн: Аварзэдэд ямар буруу байгаа юм, харин ч мэргэжлийн дипломат гэдгээ харуулж илүү өргөн хүрээтэй ажилласан юм биш үү. Дипломат хүний гүйцэтгэх үндсэн үүрэг нь олон улсад Монгол улс түүний мөрдөж буй энхийн үзэл баримтлалыг таниулах харилцан бие биенээ хүндэтгэх зарчмаар бусад улстай нөхөрсөг харилцаа үүсгэх болохоос алдаа гаргахгүй томоотой суух биш юм шүү гэж хэлсэн гэдэг.
Ирээд МУИС-д багшаар очсон уу?
Тийм ээ, Эрх зүй франц хэлний багшаар ажилласан юм. Аварзэдэд нэг л том дутагдал байсан. Тэр нь өөрийнхөө удирдлаганд юмуу хамт ажиллаж буй хүмүүсээ яг л өөр шигээ шахаж ажиллуулах гэж зүтгэдэг. Юм нэг эргэхээрээ хэцүү шүү. Эсэргүү, Зөвлөлтийн эсрэг үзэл гэдгийг мэдэх нь байтугай ижий аавынхаа дэргэдээс ч холдож үзээгүй дөнгөж 10-р анги төгсөөд ирж буй хүүхдүүд үндсэрхэг үзэлтэй, хатуу шаардлага тавьдаг эсэргүү багшаар хичээл заалгахгүй гэж гарын үсэг зурцгаасан байсан даа. 1962 онд манайх ахин хүүтэй боллоо. Аав нь хүүдээ Шихи-Хутаг гэж нэр өгсөн юм. Их засаг шиг шударга хуулиар нэг шүүгдэхсэн гэж бодсон байх даа хөөрхий гэж би өвгөнөө өрөвддөг юм. За бараг 90 он гартал миний хүүгээс өөр Шихи-Хутаг нэртэй хүн байгаагүй байхаа. Нэг өдөр өвгөн маань: Би энэ улс орны төлөө өөрийнхөө чадлын хэмжээнд ямар нэгэн шинэ зөв үйл хийж үлдээх гэж их хичээх юм нэг л болж өгөхгүй юм. Ер нь төрсөн нутаг Цогт сумынхаа Давшилт нэгдэлд очиж ажиллая даа. Аймгийн удирдлагууд ч дэмжих юм шиг байна гэсээр ирсэн.
Би ч тэгье, одоо хоёулаа хүүхдүүдээ зовоолгүй шиг нэг санаа амар амьдарцгаая гэхэд өвгөн минь их л баяртай өнгөрсөн бүхэндээ цэг тавья одоо боллоо. Хоёулаа хамтдаа л байвал хаана ч байсан болгоно доо гэсээр л Цогтыг зорьсон доо.
-Дугармаа эгчээ! хэдий ханийн тань төрсөн нутаг ч гэсэн Алтайн өвөр говьд амьдран суурших амаргүй байсан биз?
-Тиймээ, тийм ч гэж дээ Цогт сум Давшилт нэгдэл маань биднийг очиход санасан шиг байгаагүй ээ. Гэрэл цахилгаангүй, нэг 5 ханатай гэр бэлдсэн байсан. Өглөө босоход бүх шингэн зүйлс хөлдсөн нэг л тийм байсан даа. Хотын хүн, хангайн хүн гэдгийг надаар л дүгнэж төсөөлж байсан болохоор эгч нь их хичээсэн. Гэхдээ л хийж үзээгүй ажил сураагүй юм болгон эхэндээ хэцүү шүү. 10 литрийн 2 битон шуудайнд яг таардаг юм. Хүмүүс үүрээд л усанд яваад байхаар нь дуурайгаад явлаа. Жийрэг байхгүй битонтой ар өвөргүй нэвт норж чичирсэн амьтан дөрөв тавхан литр устай ирж байв.Тэмээнд сав тэгнээд усанд явахыг хараад айлын тэмээг савтай нь гуйгаад усанд явлаа, тэмээ ч сүртэй амьтан шүү өнөөхөөсөө айгаад жоохон зайтай явах санаатай хурдан алхахаар тэмээ маань хурдалдаг, будилсаар нэг юм худаг дээрээ иртэл тэмээгээ яаж хэвтүүлэх саваа яаж буулгах буцааж яаж тэгнэхээ заалгаагүй байх жишээтэй. Лаа шүдэнз заг шавхуурдаж хагалах гээд л сураагүй чадахгүй юм байсаан байсан. Аварзэдийг хэрхэн яаж ажилласныг Цогтынхон мэднэ дээ. Өвгөн маань юун түрүүн сумаа гэрэл гэгээтэй болгохоор хот орж дизель станц хөөцөлдлөө. Бас тийм амар олддоггүй ээ. Яг бүтсэн чинь нэгдэл маань мөнгө байхгүй. Манайх нэг унаатай байсан юм. Шкода гэж Чехийн машин. Түүнийгээ зараад л станц авч байв. Цогт сумынхан өвгөний минь үед л цахилгаан гэрэлтэй золгож халуун ус гээч юманд орж эхэлсэн дээ. Сургууль, клуб, эмнэлэг барьж ашиглалтанд оруулсан.
Цогтынхон ч их хөдөлмөрч бүтээлч түмэн. Өвгөнийг минь дэмжин хүрээлж санаж сэдсэн болгоныг нь ажил болгох гэж мэрийцгээсэн. Удалгүй л ёстой нөгөө халуун ус хананаасаа авч, цахилгаан тулганд цайгаа чанадаг болцгоосон. Нэгдэл ч хөл дээрээ зогсон малчдын амжиргаа ч мэдэгдэхүйц дээшилсэн. Миний хань нэг сэдсэн ажлаа хийсэн шиг хийж, дуусгасан шиг дуусгадаг нэгдлийн дарга байсан. Би одоо ч Цогтынхоо зарим хүмүүстэй холбоотой байдаг юм. Өвгөнийг минь их яринаа. Бага охин Мичидмаа маань Цогтод төрсөн юм.Төрсөний дараа миний бие өвдөөд даралт ихсээд нэг л өөдөлдөггүй. Тэгсэн нам дор газрын хүн уулын өндөр бүсэд зохицохгүй байсан юм билээ. Их удаан бие өвдөөд ирэхлээр юм юм л бодогдоно. Бухимдана ааш араншинд хүртэл өөрчлөлт орно. Ингэж ч явах гэж дээ гэж бодогдоно шүү. Би чинь одоогоор бол сайдын эрх танхи өссөн охин шүү дээ. Аргагүйн эрхэнд л Цогт сумынхаа зон олноор үдүүлэн хот шилжсэн юм.
Дөрөв.ЖОЛООДОГЧДЫН ЭГНЭЭНЭЭС ЖОЛООЧДЫН БҮЛД
-Цогтоос ирээд Аварзэд гуай хаана ажилласан юм бэ?
-ШУА-ийн Ази Африкийн тасагт эрхлэгчээр ажилласан юм. Удаан ажиллаагүй ээ. Ажлаасаа гарахад нь надад ер нь ямар ч хүнтэй суучихаав дээ, хүний эв олоод таарч тохироод явчихаж чадахгүй гэж бодогдож байсан юм шүү. Гэтэл шалтгаан өөр байсан юм билээ. Ажилд авсан хүн нь Аварзэдээс болж асуудалд орж магадгүй болсоныг олж мэдээд зөрүүдэлж зүтгэсээр байгаад өөрөөр нь тушаал гаргуулж халагдаж. Тэгээд л ажил хайсан даа. Бүтэхгүй болохгүй юм олон байсан.
Нэг өдөр байрны гадаа машин сигналдаад байхаар нь цонхоороо харсан чинь Огне Опасно гээд улаанаар биччихсэн тэрэгний гишгүүр дээр даллачихсан зогсож байсан. Ажилгүй удсандаа ч юмуу эсвэл ажилд авахгүй байсанд цөхөрсөндөө ч юм уу анхны мөрөө хоймор нутаг Булган руу гаргах боллоо гээд бөөн баяр. Жолооч болчихоод баярлаж байгаа нөхрөө хараад эгч нь их өрөвдсөн дөө. Ер нь Аварзэд эцсийн эцэст хүнд хал балгүй амьдрах оромж энэ дөрвөн хана, ажиллах газар энэ дөрвөлжин кабин л юм байна гэж бодсон байх. За ингээд л сайд, багш, дарга Аварзэд 1-р баазын жолооч болж би жолоодогчдын гэргий нарын эгнээнээс жолоочдын эхнэрүүдийн бүлд элсэх нь энэ дээ.
-1-р баазаасаа Хөдөлмөр цалин хөлсний хороонд очиж ажилласан тухай доктор Цолмон гуай бичсэн байсан ямар ажил дээр очсон юм бэ?
– Хөдөлмөр цалин хөлсний хороон дарга Лхамсүрэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллах болоод хэлтэс байгуулж даргаар нь авсан юм. Нилээн юм болж байж одоогийнхоор бол хэрэгжээд дуусах төслийн түр ажил байсан болохоор л Аварзэдийг ажиллуулахыг зөвшөөрсөн юм билээ. Ажил дуусаад хэлтсийг нь өөр хэлтэстэй нэгтгээд Аварзэдийг хорооноос гаргасан. Ажил хайж их удсан ямар сайндаа л Зөвлөлтийн барилгын 3-р трестэд жолоочоор ажиллахав дээ дүү минь.
Зарим нэг нь танихгүй ажилд авах л болдог юм гэсэн анкетийг нь үзэнгүүтээ л таныг ажилд авбал би өөрөө хоолноосоо сална шүү дээ гэцгээдэг байсан гэдэг. Таньдаг мэддэгүүд нь бол хэн хэндээ хал балгүй явцгаая гэдэг байсан юм.
-Уучлаарай, Дугармаа эгчээ нөгөө гар бариад бугуй барина гэдэг шиг юм болох нь Аварзэд гуай 1986 онд үл таних сэргийлэхийн формтой хүмүүст учир битүүлгээр зодуулсан. Тэр үед алах зорилготойгоор ухаангүй болтол нь зодож гэмтээсэн гэж их яригдсан. Бүр НАХЯ, Зөвлөлтийн Тусгайгийхан хүртэл оролцсон гэсэн дам яриа түгж байсан. Хэвлэл мэдээлэл бүх юм хаалттай шүүлттэй байсан үе л дээ. Ер нь тэгээд л 3-н жил шахуу хэвтэрт байсан уу?
-Юу ч гэхэв дээ хүү минь ханьд минь ер нь зодуулж тамлуулах л дутуу байсан юм байлгүй дээ. Их тэвчээртэй хүн дээ, нөгөөх л Зүгээр дээ хөө, хоёулаа хамтдаа байхад болно доо гэдгээ хэлсээр л босоод ирсэн. Хүний итгэл найдварын гэрэл гэгээг унтраана гэдэг зодож тамлахаас ч илүү хор хөнөөл дагуулдаг юмуу даа. СОТ-3-ын хашаанд нэг муу ногоон машин эвдрээд удаан хэвтлээ. Түүнийг засаж янзлаад ажилд гарахаар тохирлоо гээд хэд хоног л ноцолдсон юм. Нэг өдөр засвар дууслаа хөө нилээн яваад туршчихлаа. Маргааш ажилд гарна гээд л их л баяртай ирдэг юм. Маргааш нь эрт явсан хүн чинь удалгүй хачин цонхийсон цагаан юм болчихсон нөгөө муу машиныг чинь юу ч үгүй тоноод үлдсэнийг нь задлаад тараагаад хаячихаж, даанч яав даа гэсээр бараг л уйлж орж ирсэн. Даанч дээ гээд л харуусаад суугаад байсан тэгээд л харвасан даа. Эрүүл саруул биш юмаа гэхэд хэвтэрт ч гэсэн ганцхан жил тэсээд юм өөрчлөгдөхийг сайхан цаг ирэхийг харсан бол гэж эгч нь их л харамсдаг юм.
Тав. ЗОВЛОНГОО МАРТТАЛ НОМ УНШСАН ДАА.
-Дугармаа эгчээ та хаана ажиллаж байв, багшаа хийж байв уу?
-Үгүй дээ, эгч нь тэр үед Академийн номын сан гэж нэрлэдэг байсан Сталины нэрэмжит Улсын төв номын санд 20 гаруй жил ажилласан. Эхлээд 105 номерийн өрөөнд дуучин Төмөрийн ээж Вера Викторовна гэдэг Эстон эмэгтэйтэй хамт ажиллаж эхэлсэн. Мөн ч олон сайхан хүмүүстэй хамт ажиллалаа даа. Миний бүхий л амьдрал энэ номын сантай холбоотой. Би их азтай хүн намайг ажиллаж байх хугацаанд Монголын сор болсон олон роман тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгүүд туурвигдаж дэлхийн оргил сонгодог бүтээлүүд Монгол хэлнээ орчуулагдсан юм. Суут хүмүүсийн оюунаар амилан бичигдсэн ном гээч хүнийг ямарваа нэг юмыг өөрөөр сэтгэж арай хол харах ухаан суулгаж өгдөг аугаа эд л дээ. Би мөн ч их уншсан даа. Зовлонгоо марттал уншсан. Их уншаад ирэхээр өөр юм бодогдохоо больдог юм шүү.
-Аварзэд гуай сэтгэлийн асар их тэнхээтэй хүн биз?
-Болно доо, хоёулаа хамтдаа байхад бүх юм болно гэдэг үгийг анх надтай танилцаж байхдаа л хэлсэн. Бүх ажил албан тушаалаа өгсөнөөс хойш бүр олон хэлсэн. Opос сургуулийн 2-р ангиас Цогт суманд шилжиж очсон охин Алимаа нь жигтэйхэн бэлтгээд л хувцас формоо индүүдүүлээд л хачин ганган хүн аав ээж хоёроороо хүргүүлэн хичээлдээ очиход нь 5 ханатай гэрт дээлтэй хүүхдүүд нааран дээр тойрч суугаад өвдөг дээрээ хавтгай мод тавьж хичээлээ бичдэг сургууль угтсан. Би ийм сургуульд орохгүй гээд Алимааг уйлахад нь Аварзэд түмний хүүхэд сураад болоод байгаа сургуульд чи яагаад сурч болдоггүй юм гээд охиноо загнаж байсан. Би боддог юм, тэгэхэд Аварзэдийн болно доо гэсэн үзэл бодол нь ёстой л асч байсан байх. Дараа нь Алимааг сурлага бүх үзүүлэлтээрээ шалгаран олон улсын хүүхдийн Артек зусланд амрах болоход нь эсэргүүний хүүхдийг явуулахгүй гэж хасахад Аварзэд “Миний охин онц л сураад бай, эд нар нэг хасахаас ахиж хасч чадахгүй” гээд охиноо аргадаж суусан. Тэгэхэд болохгүй юм биш байгаа гэж бодогдож эхэлсэн байх. Алимааг 10-р ангиа төгсөхөд нэр дээр нь ирсэн Ленинградын Дорно Дахины Дээд Сургуулийн олон улсын хуульч Япон хэлний ангийн хуваарийг нь эсэргүүний хүүхэд гэдэг шалтгаанаар өгөлгүй үлдээхэд Аварзэд охиноосоо нуугдан уйлж суусан. Болохгүй нь дээ ганц надаар дуусахгүй нь яана даа хүүхдүүд минь гэж бодсон байх.
-Аварзэд гуай сайд дарга эрх мэдэлтэй явсан үеэсээ юуг их үгүйлж байв?
-Нөхдөө л их үгүйлж ганцаарддаг байсан даа. Аварзэд ч гэлтгүй би ч тэднийгээ үе үе их үгүйлнэ. Манайх найз нөхөд минь бужигнасан айл байсан юм. Чимэд, Ванган, Раднаа, Явуу, Пүрэвдорж, Эрдэнээ, Данзан, хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, Мөрдөрж гээд л хэлэлцэж ярилцаагүй мөртлөө л тал талаасаа цуглаад ирдэг нөхөдтэй байв. Эднийхээ олон ч шүлэг найраг, дуу хөгжмийн анхны сонсогч нь бид хоёр. Их олон жил яригдаж байгаа тэр зохиолчдыг бурхан бүтээж буй онигоо чинь манайд зохиогдсон юм. Хүн хүнээс үлдсэн өвдөл цөвдөлийг нийлүүлж байгаад энэ Данзанг бүтээсэн юм тэгээд тогтоц муухан бөнжигөнөдөг болчихгүй юу гээд л нижгэнэтэл инээлдэн суудагсан.
Тэр бүгд хурлын орой манайд ихэнх нь ирцгээсэн. Нуух юу байхав, зарим нэг нь ирээгүй ээ. Хөгжим дуу хадаан наргиж байдаг улс нэг л дүнсгэр дуугаа хураан сууцгаасан. Өвгөн маань нэг шил юм задалж хундага өргөөд: Би та нараасаа нэг л юм чин үнэнээсээ асууя. Та нар миний олон жил үерхсэн надад итгэх, надад үнэнч үлдэх сайн нөхөд минь мөн биз дээ гэсэн. Бүгд л тиймээ гэцгээсэн. Тэгвэл намайг сонс миний л үгэнд ор. Өнөөдрөөс эхлээд манай руу бүү зүглэ надтай битгий уулз. Миний тухай хэнтэй ч юу ч бүү ярь. Он цагийг элээн дүрэлзсэн сайхан нөхөрлөл минь энэ чигээрээ л үлдэг. Юм дөнгөж эхэлж байна. Та нар минь надад туслах гэж бүү бодоорой. Зовлоо гэхэд Дугармаа бид хоёр л хоёр хүүхэдтэйгээ үүрч гаръя. Хэрвээ та нар минь надтай холбогдвол Монголын мянга мянган уншигч сонсогчид хохирно шүү. Үүнийг л сайн бодоорой гэсэн. Бүгдээрээ л нүдэнд нь нулимс цийлэгнэн тэврэлдээд л салцгаасан даа. Айл тив дэлхий алгасан хөдөө гадаагүй олон нүүхээр хамгийн их үрэгддэг юм ном л юм билээ. Найз нөхдийн минь дурсгасан хавтсан дээрээ гараараа бичсэн шүлэг дурсамжийн үгтэй олон ном үгүй болсон доо. Чимэд маань Лев Гумилёвын нэг гоё зургийн ард ээж Анна Ахматовагийнх нь ‘Быть с табой в аду” гэж шүлгийг бичээд л өгч байлаа.
Аргагүй л зориулж бэлэглэж дээ. Миний мэддэг байсан хэдхэн орос шүлэгний нэг.
Всё как раньше в окно столовой
Бьётся мелкий метельныи снег
И сама я не стала новой
А ко мне приходил человек гээд л Оюунцэцэг их мундаг орчуулсан шүү “Чамтайгаа л хамт тамд очъё” гэж
–Мелёхины юу?
-Тийм ээ. Тэдний гэр бүл Монголын уран зохиолыг орос хэлнээ хөврүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн улс даа.
Явуугийн маань” Бидний хүсэл” гэж шүлэг бий
Төрсөн нутгаа
Эх орон гэж бид нэрлэдэг юм
Түүнээс чухал юм
Энэ дэлхий?
Ярилцсан Х.ЛХАМЖАВ
Discussion about this post