Шонхор бол эртнээс нүүдэлчдийн төрт ёсны эрхэм бэлгэдэл шувуу байсны нэгэн баримт нь 1972 онд Өвөр Монголын Их Зуу аймгийн Хангин хошууны нутаг Ар Цайдам гэдэг газар малтсан Хүннүгийн язгууртны булшнаас олдсон орой дээрээ шонхор бухий оюу ногоон шигтгээтэй алтан титэм билээ.
Энэхүү титмийн дээд хэсэг нь угалзан хээтэй дугуй бөмбөгөр алтан ялтасны дээр аргаль хонь барьж буй чонын дүрсийг тэгш хэмтэй хөөлгөн цохиж урласан. Түүний дээд орой дээр жигүүрээ дэлгэн суусан шонхор шувуу дүрсэлсэн бөгөөд шувууны махир хошуутай толгой, хүзүү, их бие, хел, ед сед, далавч, сүүл тэргүүтнийг их ур гарган хийсэн байдаг. Шонхорын хүзүү толгойг нь номин эрдэнийн чулуугаар урлаж, хүзүүнд нь алтаар урласан сувдан зүүлт зүүлгэсэн байдаг аж.
Discussion about this post