Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн компаниуд Оросын зах зээлээс гарсаар байна. Саяхан Москвагийн эрх баригчид зах зээлийг нь орхин гарч буй гадаадын компаниудын өмч хөрөнгийг хурааж, нийгэмчлэх санал гаргаж эхэлсэн юм.
Үүнийг эсэргүүцэж Оросын хоёр дахь баян хүн болох тэрбумтан Владимир Потанин үзэл бодлоо илэрхийлжээ. Энэ эрхэм дэлхийн хамгийн том металл үйлдвэрлэгч Норильск Никель компанийн хамгийн том хувь эзэмшигч юм.
Тэрбумтан Владамир Потанин компанийнхаа Телеграм хуудсанд “Нэгдүгээрт, хэрвээ ийм алхам хийвэл бид 100 жилээр ухарч, 1917 ондоо буцаж очих болно. Хөрөнгө оруулагчдын Орос оронд итгэх итгэл алдарч, хор уршиг нь олон арван жил үргэлжилнэ” гэжээ.
Мөн “Хоёрдугаарт, Орос дахь үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр нь гадаадын компаниудын хувьд сэтгэл хөдлөлийн үндсэн дээр, урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй нийгмийн дарамт шахалт үүссэний улмаас гарсан байж болзошгүй юм. Оросын эсрэг авсан эдийн засгийн хоригийн улмаас Өрнөдийнхөн өөрсдөө ч хохирч байгааг бид харж байна. Тиймээс бид ухаалаг байж, хоригийн цохилт хамгийн хүнд тусах хувилбараас зайлсхийх хэрэгтэй. Бид хаалгаа бүрмөсөн хаалгүй, олон жилийн турш гадаад зах зээлд бий болгосон байр сууриа хадгалж үлдэхийг хичээх ёстой” гэсэн байна.
Йелийн их сургуулийн гаргасан тоо баримтаас үзвэл Украинд халдан довтолсон өдрөөс хойш өрнөдийн 350 орчим компани Оросын зах зээл дэх үйл ажиллагаагаа зогсоожээ.
Discussion about this post