Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээгээр шатсан. Үүнээс хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж, бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан байна. Одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд… Эдгээр зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь Герман улсын Элчин сайдын яаманд өнөөдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэрээ байгуулж, Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэгээр Монголын уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулахаар болж байна. Лабораторийг байгуулснаар Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны уран зураг сэргээн засварлах урлан бий болж гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлаж эхлэх юм. Цаашид энэхүү лаборатори нь улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөөгөө өргөжүүлнэ гэж тооцож байна. Мөн энэхүү иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах гол хүчин зүйл бол хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сэргээн засварлагчдыг чадавхжуулах явдал юм. Тиймээс уг төслийн хүрээнд галын гэмтэлтэй зураг сэргээн засварлах чиглэлээр ХБНГУ-ын мэргэжилтнүүд 3 шатлалт цогц сургалтыг удирдан явуулж 2 сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлнэ гэж төлөвлөж байна.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ёорн Розенберг Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр: “Соёлын өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх, орчин үе дэх байр сууриа олох үндэс суурь нь болдог. Тиймээс бид Холбооны Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай байна. Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын Уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна” гэлээ.
Discussion about this post